МУ-ын Тод манлай уяач Г.Батхүү: Морь бол үндэсний соёл болохоос хөрөнгөтэй мөнгөтэй хүний хийдэг ажил биш

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 22 -нд

-Та бол Монголын морин спортын шинэ үеийн анхны төлөөллүүдийн нэг. Хурдан морь сонирхон эхэлж байх 90-ээд оныг одоотой харьцуулбал ямар ямар өөрчлөлтүүд гарсан байна вэ. Та бүхний зорилго хэдэн хувьтай биелсэн бэ?
-Намайг хурдан морь сонирхож эхэлж байх 1990-ээд оны үед насаараа мал малласан малчин, эсвэл нэгдлийн адуучин л морь уядаг, дээд боловсролтой, төрийн алба хашдаг хүний тухайд зохисгүй гэсэн нийтлэг ойлголттой байсан. Тийм ч  учраас тухайн үед Хурц сайд нарын зэрэг цөөн хэдэн хүн л моринд дуртай хоббигоо нээлттэй илэрхийлж чаддаг байсан байх. Харин ардчилсан нийгэм тогтож хүн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үндэснийхээ ёс заншлыг сэргээн дээдэлж, үндэсний хувцсаа өмсөн, хэл соёлоо эрхэмлэдэг болсон тэр үеэс олон сайхан хүмүүс хамтран ММСУХ-г байгуулсан. Тус холбоо бодлогоо зөв тодорхойлж чадсаны үр дүнд морин спорт хөгжиж, морийг дээдэлдэг  хүмүүсийн тоо  жил ирэх бүр нэмэгдсэн. Өнөөдөр та бүхэн харж байгаа янз бүрийн давхаргын олон мянган хүмүүс хурдан морийг сонирхож байна. Бараг Монголын хүн амын талаас илүү хувь нь хурдан морь ямар нэг хэмжээгээр сонирхож байгаа. Гэхдээ тэдний дунд нэр хүндэд дуртай, мориор нэр хүндээ өсгөх гэсэн нэг хэсэг бас бий. Морь гэдэг амьтныг ойроос ч харж байгаагүй, гүү морь хоёроо ялгахгүй шахам хүмүүс наадмаар том том торгон дээл өмсөж, морио танихгүй хүүхдүүддээ тод өнгийн хувцас өмсгөчихөөд уралдуулж байна. Гэхдээ энэ бол байх л  ёстой дүр зураг шүү дээ. Гол нь үндэсний морин спорт маань хөгжиж, олон сайхан уяачид төрж, олон сайхан хурдан хүлгүүд тодорч, хурдан угшлын адуу бий болж байгаа нь сайшаалтай. Үүнд би их талархалтай ханддаг.
- Таны хүлээн зөвшөөрч байгаа тэр зургийн өнгө будаг нь арай л хурцдаад байх шиг санагддаггүй юу? Өөрөөр хэлбэл нэр төрийг нэгдүгээрт тавьсан нөхдүүд олширвол уяачдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөс эхлээд олон үр дагавартай шүү дээ?
-Ганц морь ч гэлгүй аливаа спортоор оролдож байгаа хүмүүсийн зорилго бол өөрийгөө бусдад таниулах, алдар хүндтэй болох явдал байдаг. Үүнийг үгүйсгээд, хорьж цагдах боломжгүй шүү дээ. Хүний эрхийн  асуудал. Гадаадын иргэн ч ирээд морь уяж болно. Гэхдээ Монгол Монголоороо л байгаасай.Монгол соёл Монгол соёлоороо л байгаасай. Шоорттой, усны гуталтай хүний хүү ирж битгий морь уядаг болоосой.Энэ бол үндэсний соёл болохоос хэн нэгэн хөрөнгөтэй мөнгөтэй хүний хийдэг ажил биш. Морь мэдэхгүй, дээдэлдэггүй, үнэн сэтгэлээсээ биширч, шүтэж, нөхөрлөдөггүй тийм хүмүүсийн яриа нь  хүртэл хиймэл санагддаг. Ингээд ярихаар бүх юм хөгжихгүй хэвэндээ байх ёстой гэж ташаа ойлгож болохгүй шүү.
Бид дэлхийн стандартад нийцсэн шилмэл, сонгомол морин спортыг зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй. Монгол хүн үүнийг бусад орны хэнээс ч илүү хийж , тэднээс ч илүү хурдан угшлын адууг гаргаж, өсгөн үржүүлж, амжилтанд хүрч чадна гэдэгт итгэлтэй байдаг. Энэ бололцоог бий болгохын тулд ММСУХ сайн ажиллах ёстой. Олон улсын чанартай уралдаануудад оролцох бололцоог уяачдадаа нээж өгмөөр байна. Жишээлбэл БНХАУ-ын Эрээн хотод том хэмжээний морин тойруулга баригдаж байна. Хятадаас Монгол руу морь зөөж худалдаалдаг байсан наймаачин залууд мөнгө өгөөд л морин тойруулга бариулчих жишээтэй. Газар мундсан биш яагаад заавал Эрээнд гэж. Яагаад гэвэл монголчууд тэнд хүссэн хүсээгүй очно гэдгийг тооцож байна ш дээ. Морин тойруулга дээр суурилсан аялал жуулчлалын бүс бий болгох гэж байна цаана чинь.
-Морин тойруулга байгуулах шинэ санаа биш. Хүн ам цөөнтэй, цаг агаар эрс тэс манайх шиг оронд тохиромжгүй юм биш үү? 
-Тэгж бодохгүй байна. Зах зээлийн эрэлт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэгээд ч бид тогоон дотроо уралдах нь сонин биш. Олон улсад гарч уралдах нь чухал шүү дээ. Морин тойруулга барина гэж газар авчихаад хашаа тойруулаад хаячихаж болохгүй биз дээ. Тэр газар юу баригдахыг хэлж мэдэхгүй байна. Санхүүжилт нь хүнд байдаг юм бол бооцоог нь тавиулаад, татвараа төлөөд уралдуул л даа. Яагаад болохгүй гэж. Хүн болгон 10000 төгрөг өгөөд 100 морь уралдахад л 1 сая төгрөг  болно. Эхний ээлжинд энэ маягаар явж, цаашдаа өргөжүүлж болно шүү дээ. Энэ мэт ажлыг манай ММСУХ хийх хэрэгтэй. Тэгэхгүй түрүүлж, айрагдсан морьдын жагсаалтыг жилдээ ганц гаргачихаад, цагаан сарын өмнө хэдэн уяачдад цол олгох асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барьчихаад ажил хийсэн гэж ярьж болохгүй.

-Саяхны Засгийн газрын хуралдаанаар энэ жилийн уралдаануудын товыг хэлэлцсэн. Уламжлалт “Их хурд” уралдаан Улаанбаатар хотод зохиогдож магадгүй тухай яригдаж байгаа. Энэ тухайд та ямар бодолтой байгаа вэ?
- Энэ жил ММСУХ санал оруулж, Засгийн газрын шийдвэр гарч “ Их хурд ” уралдааныг  улсын наадмын дараа Улаанбаатар хотод зохион байгуулахаар болж байгаа гэж сонссон. Үүнд би маш их харамсаж байгаа. “Их хурд” уралдаан бол үндэсний хэмжээний уралдаан. Тийм ч учраас анхнаас нь Монгол улсын төв цэг гэдэг утгаар нь Хархориныг сонгож байсан юм. Өөрөөр хэлбэл Монгол орны аль ч өнцөг булангаас ирэхэд ойр дөт. Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн морьд 600 орчим км зам туулж ирдэг байсан бол, нийслэл рүү 1000 гаруй км зам туулж ирнэ. Нийслэлд зохион байгуулагдана гэдэг хоёр дахь наадам л болно шүү дээ. Долоо хоногийн дараа хоёр дахь наадам зохион байгуулагдах нь нийслэлийн уяачдад ч таатай бус. Энэ шийдвэрийг би хувьдаа их буруушааж байгаа.
-Энэхүү шийдвэрээс гадна цас зудтай цаг хатуу энэ үед бүсийн уралдаануудын тоо нэмэгдэж байгаа. Бүсийн уралдаануудын тоог нэмсэнээс оролцогсдод  засаг захиргаа нутаг дэвсгэрийн хязгаарлалт хийх нь зүйтэй гэж үзэгсэд цөөнгүй байна?
-Хуулиараа бол  бүсийн уралдаанд айрагдаж, түрүүлсэн морь болон уяач улсын наадамд айрагдсан түрүүлсэн морь болон уяачтай  нэг ижил цол авна гэсэн байдаг. Энэ заалт буруу . Спорт бол спорт шүү дээ. Тэр бүсдээ байнгын амьдардаг, тэнд оршин суудаг хүний морьд нь л тухайн бүсийнхээ уралдаанд  орох ёстой. Харин  бүсээсээ шалгарсан морьд нь  “Их хурд” болон улсын баяр наадамд урилгаар ирж оролцдог байх нь хамгийн  зөв систем юм. Үүнтэй уялдаад бүсийн наадмын айраг түрүүг улсын цолны болзолд оруулдаг байх эсэх тухай асуудал яригдах ёстой. Тэгэхгүй бол хөрөнгөтэй мөнгөтэй боломжтой, гайгүй адуутай хүмүүс бүсийн наадам тойрч айраг түрүү түүгээд богино хугацаанд улсын цолонд хүрч байна. Үүгээрээ цол авч байгааг нь буруутгаж байгаа юм биш. Гэхдээ чанар гэж байх ёстой. Дээрх заалтанд өөрчлөлт оруулахгүй бол бүсийн наадмыг аль болох олон зохион байгуулах сонирхол байсаар байна. Бүсийн уралдаанд тухайн бүсээс өөр харьяалалтай морьдыг уралдуулахгүй байх талаар би ММСУХ-ны зарим удирдлагуудтай ярьж, санал бодлоо хэлсэн. Энэ жил биш юмаа гэхэд цаашдаа анхаарах байхаа.
-ММСУХ-ны шинэ удирдлагуудын зүгээс явуулж байгаа бодлого, арга хэмжээний талаар ямар бодолтой явдаг вэ?
-Яг үнэндээ ММСУХ-ноос хэрэгжүүлж,  зохион байгуулж байгаа ажлуудын талаар сайн мэдэхгүй л байна. Монголын уяачдын хамгийн том уралдаан бол улсын баяр наадам. Наадам болдгоороо болж байна.Төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт аваад бөхийн холбоо барилдаанаа, сурын холбоо сураа зохион байгуулдаг бол хурдан морины уралдааныг төр зохион байгуулж байна. Төрийн нэр барьсан морь мэдэхгүй хэдэн дарга нар машинаараа туугаад явж байна. Уг нь морио мэддэг, ойлгодог, уяачдын холбоо нь үүнийг зохион байгуулж байх ёстой. Энэ талаар би байнга дуугардаг. Нэгэнт дагнасан мэргэжлийн холбоо байгаа бол төр тодорхой хэмжээнд зайнаас оролцоод өөрсдөд нь даатгах хэрэгтэй. Бусад холбоод тэгж л байгаа шүү дээ. Ер нь хурдан морины уралдааны зохион байгуулалтанд анхаарлаа хандуулахгүй бол яваандаа үзэгчгүй болно шүү.
-Яагаад ?
-Морь үзэх хамгийн нервний ажил болж байна шүү дээ. Хаашаа л алхана цагдаа явах суух бүгдийг заана. За биднийг таниад тэгдэггүй юмаа гэхэд баярлах гэж очсон наадамчдыг харахад нервтэхгүй байхын аргагүй. Тэр олон үзэгчийг хүндэтгэж, зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй. Үүнээс гадна хэвлэлийнхэн та бүхэнтэй холбоотой санал хүсэлт байна. Уралдаан дамжуулж байгаа  телевизүүд эхний 5 морийг  л харуулаад байдаг. Гэтэл тэнд чинь дунджаар 500 морь уралдаж байгаа. Хүн болгон хүлэг болгоноо түрүүлгэнэ гэсэн бодолтой ирдэг. Тэднийг бүгдийг харуулдаггүй юмаа гэхэд ядаж байнд орж байгаа морьдыг үзүүлчих хэрэгтэй. Уралдаж байгаа бүх морьдын 30 хувийг байлдаг гээд бодоход эхний 150 адууг харуулах хэрэгтэй байгаа биз. За бүр байг гэхэд эхний 20-30 морийг бүтэн үзүүлдэг байх тал дээр хэвлэл мэдээллийнхэн анхаарах хэрэгтэй. Тун болохгүй бол эхний төдөн морийг тэр телевиз гээд хуваагаад авчих л даа. Тэгэхгүй телевиз болгон дээр нэг л адилхан хонгор морь. Би наадмын комисст байхдаа “Энэ олон телевизийн бүх камерыг гараанаас авахуулаад бариа хүртэл өндөрлөг дээр цувруулаад зоочихоод камеруудаа хооронд нь холбож нэг долгион болгоод бүх сувгаар цацаж байя ”  гэсэн саналыг гаргаж байсан.


-Сүүлийн үед шинэ Монгол адуу гэдэг нэр томъёо ихээр яригдах болж. Та ч гэсэн нэгэн үе ийм зорилго дэвшүүлж байсан байх?
-Миний бодож байсан үр дүнд хүрэх арай болоогүй байна. Сайн угшил бий болгоно гэдэг их олон жилийн нөр их хөдөлмөр байдаг юм байна.
-Адууныхаа цусыг сэлбэж байгаа нь сайшаалтай ч дотроо бодолтой, дороо суурьтай хийх хэрэгтэй хэмээн хөгшид хаширлаж байгаа?
-Тэгэлгүй яахав. Гадаадын цэвэр, сайн үүлдрийн адуу оруулж ирэх нь зөв. Гэхдээ  халуун, хүйтэнд тэсвэртэй, уналга эдэлгээ даадаг, идэш хоолоо өөрөө олоод идчихдэг гайхамшигт чадвартай Монгол адууныхаа хэв шинжийг давхар хамгаалаасай л гэж боддог. Өөрөөр хэлбэл эрлийз нь эрлийзээрээ, Монгол нь монголоороо байгаасай. Энэ хоёрыг хольчих юм бол  Монгол морины ген алдагдах аюултай. Монгол нохойн ген аль хэдийнэ алдагдчихсан шүү дээ. Монгол газар, Монгол орчинд, Монгол хүний дунд үүсэн дасаж, зохицсон хоточ банхар одоо байхгүй. Гаднаас нь харахад бие томтой л бол Монгол банхар гэж байгаа болохоос, хонь хариулдаг, ан хийдэг тэр төрөлх чанар нь байхгүй. Тиймээс Монгол адуугаа нохой шигээ битгий устчихаасай л гэж бодож байна. Би олон орноор явж адуу үзсэн. Жишээ нь 200 гаруй мянган хүн амтай Исландын адуу биеийн хэлбэр хэмжээгээрээ яг Монгол адуутай адилхан. Гэхдээ л Исланд бол Исланд. Уур амьсгал нь Монголоос тэс өөр чийглэг. Түүнийгээ дагаад адууны чанар нь ч өөр байгаа.
-Гадаад адуугаар цус сэлбэх ажил зөвхөн хот тойронд яригдахаа больж, Монгол орны өнцөг булан бүрт эрчимтэй өрнөж байна?
-Би уржнан Өвөрхангай аймгийнхаа Богд суманд арваад, Зүүнбаян-Улаан, Хархоринд 30,40-өөд үрээ аваачиж өгсөн. Би морь болгож унаж байснаас өөр хэн нэгэн азарга болгоод дөмөг угшил гаргаад төлийг нь авсан нь дээр биз дээ. Гэхдээ эрлийз адуу бараг өгөөгүй дээ. Ер нь үржил селекцийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх нь дээр юм билээ. Тиймээс энэ жил  эрлийз адуугаа ялгаж Өлзийт хороололд авчирсан. Цаашид ч эрлийз адуугаа  Монгол адуутайгаа холихгүй гэсэн бодлого барина. Нэг хэсэг  хольж үзсэн их муу үр дүн гарсан. Наад зах нь өвлийн хүйтэнд тарганаараа үхчихдэг. Гэтэл Монгол адуу чинь яс арьс болж турж нэлээн юм болж байж үхнэ.
-Баяр наадмын цуваа харж байхад Батхүү Манлай төрийн наадамд дээд гурван нас түрүүлгэсэн цөөн уяачдын нэг байсан. Бахархалтай санагддаг биз? 
-Морьтой нөхөрлөж, уяж эхэлсэн 20-иод жилийн хугацаанд улсынхаа баяр наадмаас нийтдээ 17 айраг, түрүү хүртсэн байдаг юм. Тэр дундаа 1996 онд буюу АХ 75 жилийн ойн их баяр наадамд  азарга түрүүлгэж, Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойгоор их нас, соёолон  түрүүлгэж байснаа дурсахад сайхан байдаг.  Төрийн наадамд дээд гурван нас түрүүлгэнэ гэдэг бол тэр бүр тохиолдоод байдаг завшаан биш.Үүгээрээ бахархаж явдаг.
-Батхүү Манлай дүү нараа моринд уруу татсан хүн. Харин хөвгүүд чинь моринд хэр сонирхолтой вэ?
-Хүүхдүүд багаасаа морь уяж, унаж байсан. Одоо бол оюутан болцгоогоод ийш тийшээ явцгаасан байна л даа. Наадмаар ирж чадаагүй бол утас амраахгүй ш дээ. Морь гарлаа л гэвэл одоо яаж байна гээд зогсоо зайгүй залгана. Цаг нь болохоор уях байхаа.
-Тод манлай Д.Даваахүү гуай танд анх уяаны эрдэм заасан гэдэг. Ингэхэд Манлай шавьтай юу?
-Миний анхны багш бол МУ-ын Тод манлай уяач Данзаннямын Даваахүү гэж удам дамжсан мундаг уяач хүн бий. Үүнээс хойш Тод манлай уяач Онон, Манлай уяач Батчулуун гээд олон уяачидтай нийлж, нөхөрлөж, уяа холбон их юм сурч мэдсэн. Сүүлийн хоёр жил Онон Тод манлайнхтай уяа нийлж байна. Уяач хүн морио өөрөө уядаг, ядахдаа наадмын урд шөнө адуугаа манаж хонодог, мориныхоо хоолыг тааруулдаг  байх хэрэгтэй. Тэгэхгүй бол театрт жүжиг үзэж байгаагаас ялгаагүй юм болно. Адуунд үнэн голоосоо сэтгэлээ өгсөн хүн холдож чадахаа байчихдаг юм даа.
-Төрийн ажилтай хослуулахад амаргүй юу?
-Эргэн тойрныхон маань намайг их ойлгож дэмждэг. Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайд байхад би танхимынх нь сайд байсан. Наадам дөхөөд ирэхээр л “Батхүү чи амралтаа хэзээнээс авах гэж байна” гэж асуудаг байлаа. Наана нь ажлаа сайн амжуулаарай л гэж сануулж байхгүй юу.Наадмын үеэр чуулган завсарлачихдаг учраас гайгүй байдаг юмаа. Ер нь хагас бүтэн сайнд би гэртээ байдаггүй, адуун дээрээ л өнжинө.

- Хул азаргандаа зориулсан “Толин хул” дуу Монголын ард түмний аялах дуртай дууны нэг. Дуу төрсөн түүхээс манай уншигчдад хуваалцаач?
-Морины тухай олон сайхан дуу гарч байна л даа. 2003 онд зохиогдсон ”Толин хул” сүүлийн үеийн дуунуудын манлай юм болов уу гэж боддог. Шүлгийн тухайд ажил дээрээ сууж байгаад бичсэн. Гар бичмэл нь ширээн дээр байсан юм. Нэг өдөр Чука ажил ярихаар орж ирэхдээ харчихаад аваад явсан л даа. Тэгээд хэд хоногийн дараа надад аяыг сонсгосон. Бид ярилцаад морины дуунуудаас арай өөр морин хуур, хөөмий, ерөөлийг рок поп хөгжимтэй хослуулъя хэмээн тохирсон. Түүнийг нь Лхагваа гайхамшигтай амьдруулж, ард түмний зүрхэнд хүртэл дуулж чадсан.
-Клипэнд нь Толин хулын төл тоглосон гэдэг байхаа? 
-Клипийг хийх үед Толин хул маань их хөгширсөн байсан л даа. Тиймээс өөрийнх нь төл Хул азаргыг тоглуулсан. Харин “Номин талст”-ын   “Миний Монгол наадам” дууны клипэн дээр би Толин хулынхаа хазаарыг нь аваад сэтэрлэж байгаагаар гардаг.
-Тань дээр ирэхдээ л ахиу насны азарга  ирж байсан гэдэг бил үү?
-Толин хул бол Хэнтий аймгийн Баянхутаг сумын Уртын Дамдинжав гэж хүний унаган адуу. Би 1995 онд анх 11-тэй байхад нь худалдаж аваад 1996 онд улсын наадамд уралдуулан 700 азарганаас түрүүлгэж байсан. Дараа жил нь улсынхаа наадамд гуравт хурдалж, тэр жилээ “Их хурд”- д дөрөвт давхин айрагдаж байсан сайхан хурдан буян. Хамгийн гол нь Толин хул бол жинхэнэ Монгол адуу. Дээд угшил нь Сүхбаатар тал руугаа гэж хүмүүс ярьдаг. 1996 онд улсын наадмын дараа Уртын Дамдинжав гуай дээр очиход дааган дотроос харж байгаад нэг даага бэлгэнд ав гэсэн юм. Тэгэхээр нь харж байгаад нэг шарга даага авсан л даа. Шарга даага маань улсын наадамд  гурав айрагдаж, азаргандаа тавд хурдалсан. Ер нь Уртын Дамдинжав гуайнх  адуу сайтай айл байсан.
-Толин хулын төлөөс давхиж байна уу?
-Толин хул маань 23 нас хүрсэн. Хамгийн сүүлд 18 настайд нь уралдуулаад түүнээс хойш үр төлийг авах тал дээр анхаарсан. Олон сайхан төл өгсөн. /Тэр дундаа эр төл олонтой/ Хамгийн сүүлийнх нь төл гэхэд энэ жил нийлж байгаа соёолон үрээ байна.
-Туурайгаар нь сангийн бойпор хийж, наадмаар хурд далладаг гэж сонссон юм байна?
-Тэгсээн. Хужирт сумын сийлбэрчин Ерөөлт гэж залуугаар Толин хулынхаа их сайхан сийлбэрийг хийлгэж залсан. 120 см өндөртэй нэлээд том сийлбэр болсон.
-“Толин хул”-аас өөр шүлэг, дуу бий юу ?
-Бий, бий. Жанцанноров гуайн хөгжим Баясгалангийн дуулсан “Сүүтэй зүүдэн”, хөгжмийн зохиолч Бямбабаярын ая “Төрсөн нутаг” гээд 6-7 дуу бий. Гэхдээ хамгийн их олонд хүрсэн нь “Толин хул”. Өвөрмонголд хүртэл хит болчихсон байна лээ.
-Морь уяна, шүлэг бичнэ, нохой тэжээнэ гээд таны хобби цөөнгүй бололтой. Бидний мэдэхгүй нууц бас байгаа юм биш биз?
-(инээв).Сонирхдог зүйл олон л доо.Миний мэргэжил автын инженер. Энэ утгаараа машин техник нэлээд сонирхоно. Өөрчлөх, сайжруулах санаатай оролдож, түүндээ ч хүрсэн. Өөр нэгэн хобби гэвэл заан цуглуулах. Амар амгалангийн бэлгэдэл болсон энэ амьтныг хайрлаж, олон жил цуглуулж байна.
-Тэгвэл нэлээд арвин цуглуулгатай байх нь ээ?
-Тоог нь хэлж мэдэхгүй байна. Ер нь нэлээн юм байгаа байх. Очсон газар болгоноосоо тухайн орон нутгийн онцлог, соёлыг тусгасан хийцтэй зааныг авдаг. Цуглуулганы маань мөн чанар чухал учраас тоог чухалчилдаггүй.
-Ингэхэд айрганд хэр вэ?
-Манай нутгийнхан адуундаа хайртай, айргандаа дуртай ард түмэн. Ямар сайндаа зүүн зүгийхэн “ Өвөрхангайнхан унаганыхаа сүүг булааж уусаар байгаад өөрсдөө бие нь томроод адуу нь жижгэрчихсэн. Манайхан бол залхуурч гүүгээ барихгүй байсаар хүн нь жижгэрээд адуу нь томорчихсон ” гэж хошигнож байхав. Айраг сайхан шүү дээ. Ялангуяа намар оройн айраг. Айрагтай үед хоол энэ тэр санаанд орохгүй ш дээ. Зарим айл хүүхдээ саамаар угжих нь ч бий.
-Ажил хэргийн шугамаар олон газраар явж байсан байх. Хаанахын айраг сайхан санагдсан бэ?
-Одоо бол өөрийн хийсэн айраг л сайхан санагддаг. АПУ компани айраг үйлдвэрлэж байгаа шүү дээ. Их хэмжээний айргийг бүлэхэд хүндрэлтэй учраас түүнийг нь бүлэлтийн машин орлуулаад их сайн айраг исгэдэг болсон. Саамаар исгэнэ. Өдөртөө 500-700 литр айраг исгэдэг  ч борлуулалт сайтай байдаг дуулдсан. Баталгаа, баглаа боодол сайтай учраас гадагшаа их явуулдаг юм шиг байгаа юм.
-Өвөлжилт хүндэрсэн өвөрхангайчууддаа АПУ компани тусламжийн гараа сунгаж байгаа?
-Миний бие санаачлаад “АПУ” ХК, “Шунхлай” групп болон түүний охин долоо найман компаниуд хамтраад  2500 ажилчдынхаа нэг өдрийн цалинг цуглуулан 380 тонн тэжээл газар дээр нь хүргэж өгөхөөр болсон. Өвөрхангай аймгийнхаа сум бүрт, нэг суманд 20 тонн, айл бүрт 2 шуудай тэжээл очихоор төлөвлөсөн.

Цаг зав гарган, илэн далангүй ярилцсан танд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл №3

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна