Тугал ухаа

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 22 -нд

“Түмний эх” хар азарганы төл
Төрийнхөө их баяр наадмаас нэг түрүү, найман айраг хүртсэн Төв аймгийн Зуунмод сумын харьяат МУ-ын Алдарт уяач Жүрмэдийн Рэнцэндоржийн улсад нэг түрүүлж, гурав айрагдсан “Түмний эх ” хар азаргыг морь сонирхогчид санаж байгаа байх. Хар азарганы төл болох Ц.Алтанхуягийн хүрэн азарга хязааландаа 1994 оны наадамд тавд давхисан ч дүрмийн дагуу нэг ухарч айргаас  хасагдаж байжээ. Мөн хар азарганы төл болох Цагаан цоохор азарга 2003 онд улсын наадамд хүүхэдгүй ирж айрагдсан  ч мөн л дүрмийн дагуу ухарч хасагдсан байна. Ийнхүү Ж. Рэнцэндорж гуай удам дамжин хурдалсан хар азарганыхаа төлөөс нутгийн дүү Дашцэрэнгийн Гэрэлт-Одод халтар үрээ бэлэглэсэн нь аймгийн алдарт уяач  Б.Цэндбаатарын  “Тугал ухаа”–гийн эцэг юм. Эцэг талаасаа ийм бол, эх тал нь 1986 онд хязааландаа улсын наадамд түрүүлсэн Төмөрхүүгийн   “Мөлүү” хул азарганы төл хул гүү юм. Ийнхүү хоёр талаас хурдны удамтай “Тугал ухаа” 2006 онд даагандаа Төв аймгийн наадамд 11-т давхисныхаа дараа  Гантөмөр гэгчид зарагдаж, төд удалгүй Гантөмөр нь найз  Цэндбаатартаа худалджээ.

Тугал ухаан амжилтууд
Төрийн наадамд тоосоо өргөсөн анхны жилээ түрүү магнай болсон хурдан хүлэг бол “ Дорнын унага ” галын уяач Б.Цэндбаатарын олноо “Тугал ухаа” хэмээн алдаршсан хул үрээ байлаа. АХ-ын 87 жилийн ойн баяр наадмын дараа Сүхбаатар аймагт болсон төрийн тахилгат “Алтан-Овоо”-ны наадмын хязаалангийн уралдаанд дахин түрүүлж амжилтаа бататгасан. Соёолондоо нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны түүхт 370 жилийн ойн нэрэмжит   “Дүнжингаравын хурд- 2009 ” хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж, АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд аман хүзүүнд давхисан билээ. “Тугал ухаа”-н амжилтын цуваанд  “Дорнод-2009 ” зүүн бүсийн уралдааны нэг айраг нэмэгдсэнээр хоёр жилийн дотор Б.Цэндбаатар улс бүсийн наадмын 2 түрүү 3 айргийн эзэн болсон юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна