Хурдан морийг уяхад хэрхэн бэлтгэх вэ ?

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 24 -нд

“Хурдан морь жилийн уяатай” гэж үг бий. Энэ нь хурдан морийг бүтэн жилийн турш уяж хагсрааж уралдана гэсэн үг хараахан биш юм. Жилийн турш уяад олон уралдчихсан морь сүүлдээ зүдэргээ сууж давхил нь очгүй болчихдог муу талтай.
“Бүтэн жилийн уяатай” гэдэг нь  хурдан морийг жилийн турш зөв эдэлж, уяхад зөв бэлтгэнэ гэсэн үг юм.
Жилийн 365 хоногийн 150 орчим хоногт нь зөв эдэлсэн морины тарга хүч тэр жилийн уяандаа зөв сайхан таарна гэж үздэг. 150 хоногийн эдэлгээ гэдгийг багцаагаар задлан үзье. 150 хоног гэдэг бол 5 сар юм. Зуны уяа 1 сар орчим. Үүний дараа 8, 9 дүгээр саруудад амрааж тарга хүч авахуулаад 10 дугаар сард ойр ойрхон зөөлөн унаж, зарим үед уяж хонох нь ч бий. Энэ нь 1 сар орчим эдлэж буй хэрэг. 11, 12 дугаар саруудад адуунд нь сул  амраагаад дүн өвлийн 1,2 дугаар саруудад цөөвтөр удаа эмээллэх төдий, эсвэл сул хөтөлж ойр зуурхан явах мэтээр цантуулан хорыг нь гаргана. Энэ нь 1-2 сарын эдэлгээ болох талтай. Хавар 4 сарын сүүлч, 5 сарын эхээр ойр ойрхон унаж, зөөлөн эдлэж үе гишүүгий нь  чангалдаг байна. Энэ нь мөн 1 сар орчмын эдэлгээ юм. Ингээд нийтдээ 5 сар орчмын эдэлгээ болж буй хэрэг. Ингэж эдэлсэн морь давхар хүч буюу хур тарга авахгүй, дотор эрхтэн нь өөхлөхгүй сайн талтай. Уяач хүн нийт адууныхаа ялангуяа уядаг морьдынхоо зун, намрын тарга хүч авалт, өвлийн онд оролт, хаврын цайралтыг маш нарийн ажиглаж байх нь зүйтэй юм.
Монгол Улсын Тод манлай уяач Данзаннямын Даваахүү “Хүлэгчийн нууц” номондоо хурдан морины ердийн үеийн эдэлгээний тухай “Өвлийн цагт 1-3 сард дээд гурван насны морьдыг 7-15 удаа зөөлөн унаж хөлөргөнө… Дөрөвдүгээр сарын эхээр их насны морьдыг хаврын салхинд хий зогсоож, өглөө оройд услаж уях нь морины доторх  өөх, гаднах хүчийг зэрэг бардаг… Адуугаа ногоонд цадсан үед нь  уядаг морьдоо зөөлөн унаж хөлөргөхөд шинэ хүч авах нь  амархан бөгөөд, өнгө засч, цайралт түргэн өгнө” гэх зэргээр сургамжтай зүйлс их бичсэн бий.
Уядаг морийг тууш унавал өвөрмөц онцлогийг нь таньж мэдэхэд дөхөмтэй. Хол ойр ямар ч унааны үед хөл туурайг нь гамнаж, үргээж жигшээлгүй, эмгэг согог суулгахааргүй үргэлж хичээж явбал зохино.
Нутаг нутагт морь сайхан унаж эдэлдэг ахмад хүмүүс байгаа, тэднээс үргэлж суралцаж байх хэрэгтэй.
1995 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйлд болсон Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойн их баяр наадамд түрүүлсэн хүрэн азарганы эзэн Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Бямбашижээгийнхнийг ах дүүсээрээ морь сайхан унаж эдэлдэг гэж нутгийнхан нь бахархан ярьдаг. Нэгэн намар оройхон Бямбашижээ хурдан хүрэн азаргаа унаад явж байтал нутгийн айл найр хийж байхтай таарчээ. Намрын сэрүүн цагт айлын найран дээр орохоос ямар ч эр хүн татгалзахгүй биз дээ. Гэтэл Бямбашижээ тэднийд буулгүй хажуугаар нь гараад явчихжээ. Энэ тухайгаа тэрээр  “Найранд нэг суувал нэлээн л суух болно, их бага хэмжээгээр согтож таарна. Согтохоороо морио уяж хонох нь зайлшгүй, аягүй бол хөлчүүрхэн мордож давхиад ширүүн явдлаар хурдан азаргаа цайлуулж ч мэднэ. Хүрэн азарганаасаа өөр морь унаж явсан бол нутгийн айлын найранд буулгүй яахав” хэмээсэн нь бий. Энэ бол хурдан морио эзэн хүн хичээнгүй сайхан эдлэхийн үлгэр жишээ юм.

"Тод магнай" сэтгүүл дугаар №3

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.