Хурдан морины бүх биеийн шинжээс...

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 24 -нд

Толгой нь хандгайн толгой мэт дөрвөн шилбэ нь бугын чац мэт аргалын бэрэвхийтэй тайган борвитой угалзан бие, овоотой. Хүхээ буюу цагаан мөгөөрс нь том, аман хүзүү бүдүүн, хүзүү урт, мундаа нь сарлагийн хайнагийн сэрвээ мэт, бүдэрхий урагшаа маш товгор, мөр далаараа ташуу урт бөгтрөг, алсаасаа матаастай, их хавирга нь өргөн гадагшаа тэлүү урт матаастай, хоорондын зай бага, өнчин сүвээний хавирга, ташаан толгой хоёрын хоорондох зай бага, урт налуу хондлойтой, том салтаатай, борви шаант бүдүүн, хоёр тойгоороо гадагшаа тэлүү явах, хойд хонго нь босоо, дээд гурван овоо тэгш хаа гуяны, хөх мах, булчин товгор их, шилбэ хатингар хавтгай, бүх биеийн арьс сул, аман хүзүү бүдүүн, хүзүү урт нимгэн цав их, суганы арьс олон нугарсан, дөрвөн хөл бадриун, гадагшаа тэлгэр маягтай, дөрвөн мөчний шөрмөс гүрийж ил харагдах, шөрмөс хоёр нурууны өдөг нийлэн аяга хөмөрсөн мэт, цул хар туурай. Толгой дээр биш омруунаас урьд хөлийн зай их бүдэрхийнээс мундаа хүртэл зай их, сүврэгтэс гуя ташаанаас наана төмбөгөр байна. Ийм байдал эрхэм. Хайлаасан багина гэгчийн шинж хөл богино, бие бүдүүн, гэдэс их хоёр нүд нь хурц, их номхон сайн хатуулах хэт хөлд сайн. Энэ цагт буй гэх мэт өвөл, хавар дэл дүүрэн уралд, гүйх буй усны бага нь сайн. Зун, намар ус ихдүүл, улаан өөхтэйгөөс доош нэхийн халимаас дээш шүдэндээ аль зохисноос мэдэж уралд. Ажнай мэт хөлгүүд дэлгэртүгэй. Ашдын гурван эрдэнэ сахитугай. Дээд дөрвөн овоо тэнцүү өндөр, их хэв нь хавчуу, толгой махгүй, хоёр чих урт, туурай нь агуу, ташаа их халим болмой. Туурай хөмөрсөн аяга мэт их, шилбэ хоёр барим, нэг хуруу, шивнүүрэг нь нэг барим шөрмөс битүү их сайн. Сайн унаганы шинж: Дэл сүүл буржгар, эрүү сахалтай, аман хүзүү их, чих бүдүүн, дөрвөн туурайн хурц, хумсалж гишгэх, хушуу урт, нүд хөмсөг их, ухархай хонхор, ер бие нь сайн болоод хацар нэвт хялгас ургах буй. Хурдан морины нэг хэсэгт ясны хурдан, шөрмөсний хурдан, цусны хурдан гэж хэлдэг.
Тэргүүн дагаж, ясны хурдан байх
Туурай дагаж, шөрмөсний хурдан байх
Судас, нүдний улаан ил бол уужмын байх

"Тод магнай" сэтгүүл дугаар №3

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна