МУ-ын Тод манлай уяач Л.Цандэлэг: Бусдын адуу ороход чин сэтгэлээсээ баярлаж чаддаг хүний морь л айрагддаг
- Мөнх цаст Очирваань нутгаас төрсөн хамгийн өндөр цолтой эрхэм уяач таныг манай сэтгүүлийн “Зочны цаг”-т саатан ярилцаж буйд талархаж байна. Хурдан хүлгийн хийморьт сүслээд хэр удаж байгаа вэ?
- Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Адуу гэдэг хийморилог амьтантай амьдралаа холбоод 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд улс, бүсийн наадмаас 20 айраг, түрүү Засгийн газрын тушаалгүй бусад том жижиг наадмуудаас 30-аад айраг авчээ.
- Томоохон наадмын анхныхаа айргаа хэдэн онд авч байсан бэ? Өөрөөр хэлбэл хэдий үеэс таны амжилтын буухиа эхэлсэн бэ?
- Одоогоос 12 жилийн өмнө, 1998 онд юм байна. Цэргийн найзтайгаа явж байгаад нэг хээр морь худалдан авсан юм. Түүнийгээ тэр жилийнхээ улсын наадамд уралдуулж, аман хүзүүдүүлж байлаа.
- Хэнийх нь нэр дээр цоллогдсон бэ?
-Манай найзын нэр дээр бүртгэгдсэн болохоор найзын маань нэрээр цоллогдсон. Яг миний өөрийн нэртэй гэвэл 2001 оны улсын баяр наадамд азарга түрүүлгэсэн тэр жил.
- Үхэр жилд Тод манлай уяачийн тоо нэгээр нэмэгдэх ёстой байсан. Болзол нь биелчихсэн хэр нь яагаад цолоо авч чадсангүй вэ?
-Улсын баяр наадам болон Засгийн газрын тогтоолтой бүсийн наадмуудын хурдан морьдын цуваа ММСУХ-ны болон улсын төв архивт цагаан дээр хараар бичигдэн хадгалагдаж байдаг. Дээр нь бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн архивт ч бий. Надад диплом, гэрчилгээ, баярын бичиг, медаль гээд улс бүсийн наадмаас 20 айраг түрүү авсныг батлах ёстой бүх зүйл нь байна. Тэр бүхнийг үндэслэн ММСУХ хурлаараа хэлэлцэж шийдвэрлээд, тэр шийдвэрийг нь баяр наадмын комисс дахин хянаад “Энэ хүн Тод манлай уяач цол авах болзлоо биелүүлжээ” гээд дараагийн шатанд өргөн барьсан. Гэтэл Ерөнхийлөгч дээр очоод ямар ч тайлбаргүйгээр гацчихсан. Өмнө нь “АПУ”-д ажиллаад байгаад Ерөнхийлөгчийн зөвлөхөөр очсон Ганбаатар гэдэг нөхөр надад хэлэхдээ “доороос гомдол ирсэн” гэдэг юм. Хуулийн дагуу болзол нь биелчихсэн байхад, хэн нэгний гомдлоор хойшлуулна гэж байж болох уу. Би ойлгохгүй байгаа. Тэгээд цол олгоогүй шалтгаан нь юу вэ гэдэгт хариулт авахаар Ерөнхийлөгчийн нэр дээр албан ёсны өргөдөл бичээд өгчихсөн. 12-р сараас хойш өнөөдрийг хүртэл таван сар болж байхад хариу нь ирээгүй л байна.
- Та холбогдох хүмүүстэй нь уулзав уу?
-Дээр хэлсэн Ерөнхийлөгчийн зөвлөх Ганбаатар гэж тэр нөхөр их сонин, итгэхийн аргагүй тайлбар өгдөг. “Дүнжингаравын хурд-2003” бүсийн уралдаанд аман хүзүүдсэн хээр морины амжилтыг болон Ажнайгийн Бат-Эрдэнийн санаачилсан “Говь-Шанхын хурд” бүсийн наадамд айрагдсан хязаалангийн амжилтыг чинь тооцохгүй гэдэг. “Яагаад ” гэхээр “2005 онд баяр наадмын тухай хууль батлагдсан.Тэрнээс өмнөх амжилтыг тооцохгүй ” гэж.
- Өмнө нь улсын цол авсан бүх уяачид 2005 оноос өмнөх амжилтуудаа тооцуулсан байдаг. Таныг ч гэсэн Алдарт, Манлай болоход энэ амжилтууд чинь тооцогдсон биз дээ?
-Тэгэлгүй яахав. Би МУ-ын Алдарт уяач цолоо Багабанди, Манлай уяач цолоо Энхбаяр Ерөнхийлөгчөөс авсан. Хэн нь ч ийм асуудал яриагүй. Гэтэл Элбэгдорж Ерөнхийлөгч л ийм хуулиас гадуур тайлбар өгөөд байгаа юм. Хууль гэдэг хэн байхаас үл хамаарч тэгш үйлчилж байх ёстой зүйл. Гэтэл хэн нэгний эрх ашгийн сонирхлоос болоод өөрчлөгдөөд байж болохгүй байх.
- Хэн нэгний эрх ашиг гэдэгт та юу, эсвэл өөр хүн хамаарч байна уу?
-Би уг нь МУ-ын ес дэх Тод манлай уяач болох ёстой юм. Ес гэдэг энэ тоонд л бүх учир байх шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл уяачдын дээд цолыг гарын арван хуруунаас мултарчихаагүй байхад нь авчихъя гэсэн хүмүүсийн л явуулга. Тэр хол явахгүй л дээ. Би хэн ийм юм хийгээд байгааг нь мэдсэн. Нэрийг нь хэлээд яахав. Манлай уяач цолтой морины хүн. ММСУХ-ны тэргүүнтэй ч, нарийн бичгийн даргатай нь ч ярьж “би Тод манлай болох ёстой, ах дүү нарынхаа айраг түрүүг оруулаад ” гээд хэл ам хийсэн байна лээ. Тэгээд болохгүй болохоор нь “Элбэгдорж та нарыг сонсох нь уу, намайг сонсох нь уу?” гэж хэлсэн байна лээ. Манайхан яасан ч их алдар хүндэд дуртай юм. Айж ичихээ ч мэдэхгүй. Яахав товчхондоо бол найз нь хүсэлт ч юм уу, гомдол ч юмуу гаргаад “энэ удаадаа наадахаа өнжөөчих өө би энэ зун хоёр айраг авчихвал орчих гээд байна” гэсэн, нэг тийм хөөрхөн л юм болчихгүй юу. Та бүхэн санаж байгаа бол уяачдын холбоо ажлаа тайлагнаад оныхоо шилдгүүдийн шагналыг өгч байхад нь би “Харвард төгссөн хэдэн хүүхдүүд ажлаа мэдэхгүй байна” гэж хэлсэн шүү дээ.
- Таны зөрчигдсөн эрх ашгийг ММСУХ хамгаалах ёстой байх. Тэдний зүгээс ямар арга хэмжээ авсан бэ?
-Ний нуугүй хэлэхэд морины асуудал сүүлдээ улс төрийн, намын зөрчил болж байх шиг байна. Ард түмний эв найрамдлын бэлгэдэл төрийн тэргүүн ядаж үндэсний спортоо хүндэтгэх хэрэгтэй л дээ. Өмнөх гурван Ерөнхийлөгчийн үед ийм асуудал гарч байгаагүй. Тиймдээ ч тэд өөрсдөө цол гардуулдаг байсан. Энэ жил Элбэгдорж Ерөнхийлөгч буруу зүйл хийснээ мэдээд өөрөө гарч ирж чадахгүй, М.Энхболд даргаар өгүүлсэн ш дээ. Та нар харсан л байх. Энэ асуудал удахгүй шийдэгдчих байх. Үгүй бол наадмаар ахиад л асуудал тавина даа.
- Монголчууд эртнээсээ л тоог есөн хүсэл биелүүлнэ хэмээн ихэд бэлгэшээдэг байсан. Та энэ мэт асуудлаас болоод аз харьчихвий гэж эмээж байна уу?
-Тийм зүйл бодогдохгүй байгаа. Авах ёстой юм чинь авч л таараа. Хүмүүс хүссэн ч хүсээгүй ч адуу нь байна, амжилт нь байна. Уяж, уралдуулж чадаж байна.
- Улсын цолонд чансаа гэсэн нэг босго бий. Та тэр босгыг ямар хувьтай давж байгаа вэ?
-Тод манлай уяачийн болзлын 50 хувь нь дээд нас байх ёстой гэсэн босго бий. Миний хувьд нийт айраг түрүүний 90 хувийг нь дээд нас эзэлдэг. 20 айраг түрүүний 8-9 нь Соёмбо хүрэний маань амжилт.
- Соёмбо хүрэн азарга ММСУХ-ны чансаа өндөртэй азарганы гуравдугаарт жагссан байхаа?
- Энэ жилээс эхлээд ММСУХ хурдан адууны рейтингийг тухайн жилүүдийн уралдаанд оролцсон байдлаар нь гаргаж байгаа. Соёмбо хүрэн өнгөрсөн жил Сэлэнгэд болсон Атрын 50 жилийн ойн бүсийн уралдаанд гурвалж, Завханы “Очирваанын хурд”-д түрүүлсэн.Тэдгээрийг нэгтгээд долоон оноогоор гуравдугаарт жагссан байна лээ.
- Сайн адуу эзнээ хайж явдаг гэдэг үг бий. Соёмбо хүрэний эцэг таных болсон нь ямар түүхтэй гэдэг билээ?
-Миний анхны улсын наадмын түрүү чинь Сандуйжаваас худалдаж авсан Дүү зээрд азарга шүү дээ. 2001 онд хавчиг байхад нь аваад тэр жилээ улсад түрүүлсэн юм. Түүнээс хойш айраг түрүү тасраагүй ээ.
- Яагаад наймаа буцчихсан юм бэ?
- Яахав, түрүүлчихээр нь дахиж мөнгө нэмж өг гэж байхгүй юу. Адууны наймаа хэрүүл хараалтай байх дэмий гэж бодоод буцаачихсан. Тэгээд дараа нь Архангайд “Тамирын хурд” үзэж явахдаа Жамбагатайгаа таарсан. Юм гэдэг их сонин л доо. Даваахүү гуай, Ажнайгийн Бат-Эрдэнэ, Ариунболд бид хэд нийлээд, “Тамирын хурд” дээр явж байгаад Даваахүү гуайн найз гээд нэг сайхан улаан майхантай айлд орлоо. Тэгсэн Алдарт уяач Жамбалсүрэн гээд халзан толгойтой Төв аймгийн Баян-Өнжүүлийн нэг хүн байсан л даа. Тэгээд тэр хүнтэй танилцсан чинь “морины наймаа буцах шиг эр хүнд гундуу юм гэж байдаггүй юм, тэр тусмаа наадмаар. Миний дүү ахынх нь нэг хөл муутай азарга бий. Чамд өгчихье” гээд хадаг аваад бэлэглэхгүй юу. Тэгэхээр нь би зөрүүлээд “Та их сайхан сэтгэлтэй хүн юм. Хөдөөний хүнд хэрэгтэй унаа өгье” гээд нэг супер УАЗ-469 бэлэглэсэн. Тэр нь “Говь Шанхын хурд”-д түрүүлж байсан Хандгай хүрэн азарга шүү дээ. Тэр цагаас хойш Жамбалсүрэн гуай бид хоёр сайхан ах дүү бололцоод дараа жил нь буюу 2002 онд Хандгай хүрэн маань улсад 21-ээр давхидаг юм. Тэгээд “ Их хурд-3 ”-д уралдаад гурваар орж ирж байхдаа үзэгчид рүү хадуураад наймд орсон. Зураг нь тэр байна. /Хананд байгаа малгай нь нүүр лүүгээ буусан салаа гэзэгтэй бяцхан охин унасан хүрэн азарганы зургийг заав/
Жаахан охин унасан юм.Тэгсэн говийнхон шовоодой гэдэг малгай нь нүд рүү нь ороод амыг нь дийлэхгүй хүмүүс рүү оруулчихсан. Тэгээд буцаж нийлээд наймаар давхисан. Ийм түүхтэй азарга байгаа юм.
-Соёмбо хүрэний эх нь хэний гүү юм бэ?
-Жамбагын хонгор гүүнээс Соёмбо хүрэн гарсан. 1999 оны унага байгаа юм. Би хязаалан болох жил нь авсан. Шүдлэндээ Төв аймгийн 80 жилийн ойд аман хүзүүнд давхисан юм. Тэгэхээр нь би Жамбагадаа “надад энэ шүдлэнгээ өгчих. Би танд эцгийг нь 10 сайхан гүүтэй өгье. Танд гүү нь байгаа юм чинь төл гарна ш дээ ” гэж хэлээд авсан.
-Өмнө нь би тантай уулзахад “Миний Соёмбо хүрэн Монголын хамгийн хурдан адуу гэдгээ нотолсон хүлэг” гэж байсан санагдана?
-Тэгэлгүй яахав. Одоогоор шүү дээ. Соёолондоо Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойн баяр наадамд УИХ-ын гишүүн Бадамсүрэн гуайн Арабтай уралдаад хоёр удаа залгаж очоод арай бараагүй аман хүзүүдсэн юм. Түүний дараа 2006 онд Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойн баяр наадамд Манлай уяач Д.Чулуунбатын алдартай хурдан Арабтай уралдаад үзүүр дээр нь дийлж түрүүлсэн адуу. Арабуудын уралдаанд шүү дээ. Тухайн үед би Орос явчихсан байсан. Эрдэнэтийн ой гэдгээр нь Соёмбыг аман хүзүүдсэн хэмээн тооцсон байна лээ. Та нар итгэхгүй бол бичлэгийг нь үзээрэй. Одоогоор Монголын хурдан морины түүхэнд Араб адууг дийлсэн ганц адуу бол Соёмбо хүрэн.
-Арабыг дийлсэн тэр жилээ олон бүсийн наадамд түрүүлсэн байхаа?
- Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиосон тэр жил Архангай аймгийн Тоглохын талд болсон “Тамирын хурд” бүсийн наадам, Хэнтийн Хөдөө аралын зүүн бүсийн наадамд тус тус түрүүлж, Эрдэнэтийн 30 жилийн ойд аман хүзүүдсэн.Та нар бичлэгийг нь харсан бол Хэнтийн Хөдөө аралд бараг км зайтай түрүүлсэн. Миний Соёмбо хүрэн ер нь Даншиг наадмын л адуу. Хөвсгөлийн “Хотгойдын хурд”-д түрүүлсэн. Өнгөрсөн жил Завханы “Очирваанийн хурд”-д бас л тасархай түрүүлсэн. Өнөөдрийн хувьд Халхыг тойрч түрүүлсэн миний Соёмбо шиг адуу Монголд байхгүй байх.Таван том Даншигт түрүүлчихсэн байна шүү дээ. Үүгээрээ би маш их бахархдаг. Соёмбо ер нь давхар уяандаа сайн л даа.
-“Их хурд-4”-ийн үеэр яг юу болсон юм бэ?
-Яг адуу эргэх гэж байхад хүүхэд нь уначихсан. Соёмбо ер нь их догшин адуу ш дээ. Эцэг нь ч гэсэн тийм адуу байсан. Уяа нь орохоосоо өмнө хүн хавьтуулахгүй, хаагуураа л бол хаагуураа хайрна, хавирна, цоройно гээд их зан муутай. Тэгээд их сонин жалга хонхортой,өвс ихтэй газар биеийнхээ амрыг бодоод гүүгээ хаячихаад идээд явчихна. Ер нь нэг тийм дураараа. Азаргануудтай их зодолдоно. “Их хурд”-ын үеэр морь гаргаж байсан цэрэг буруу талаас нь цулбуурдчихсан юм билээ. Тэгэнгүүт цоройгоод, хүүхдээ унагаачихсан. Азарганууд гараад 500 метр орчим явчихсан байхад цэргүүд Соёмбыг барьсан. Тэгсэн “мөр бэртчихлээ” гээд уйлаад байсан хүүхэд нь инээгээд босоод ирсэн. Азарга нь баригдахгүй бол унасан гээд загнана гэж айгаад худлаа мөр гээд байсан юм байна лээ л дээ. Хүүхэд тийм хөөрхөн. Азарга нэлээд холдчихсон байсан болохоор явуулах уу болих уу гэж бодож байтал хүүхдээ тэгэхээр нь явуулчихсан. Гэтэл идсээр байгаад дөрөвт ороод ирсэн. Өмнөх гурван азарга нь Соёмбоос нэлээд зайтай, харин Соёмбо арынхаа азаргануудаас бас овоо зайтай ирдэг юм.
-Өөрийн тань Халхыг тойрч наадсан тэр олон наадмуудаас сэтгэлд үлдсэн нь?
-Миний өвөг дээдэс богд Очирваань хайрханаа шүтэн дээдэлж ирсэн хүмүүс. Нутагтаа болсон “Очирваанийн хурд” даншиг наадамд азаргаа түрүүлэхэд үнэхээр их баярласан. Нутагтаа азарга түрүүлгэнэ гэдэг эр хүний хувьд яах аргагүй омогших баяр байдаг юм билээ. Өвгөдийн минь буян байна даа гэж бодогдсон. Ер нь морь айрагдаж түрүүлнэ гэдэг өөрөө буян байхгүй юу.
-Тэр наадмаас та нэг түрүү, хоёр айраг хүртсэн. Түүнчлэн түрүү соёолонг хадгаар мялаасан гэсэн байхаа?
- “Зоос” борыг хурдан гэдгийг мэднэ л дээ. Эр хүнд жудаг гэдэг юм байх ёстой. Хэдийгээр би өөрөө соёолон давхиулсан ч Цэндээгийн соёолонг дагасан. Тэгээд түрүүлээд ирэхэд нөгөө хэдэд хадаг байдаггүй, өөрт байсан хадгаа “Зоос” борд зүүж өгсөн юм. Нутгийн маань уулс ус харж би тэр наадмаас нэг түрүү, хоёр айраг авсан юм. Хангалттай сайхан наадсан. 30 айраг, түрүүний гурвыг нь авна гэдэг чинь 10 хувийг авч байна гэсэн үг. Түүнээс илүү яах юм. Юм гэдэг чинь хэмжээтэй байх ёстой. Нутаг нугынхантайгаа, ах дүү, найз нөхөдтэйгээ сайхан цуглаад наадсан. Үүнээс сайхан юм гэж юу байхав.
-Үнэхээр ч таны ярьсанчлан Соёмбо хүрэн бүсийн наадмын одтой Даншигийн адуу. Улсын наадамд төдийлөн амжилт гаргадаггүйд нь дүгнэлт хийж үзсэн үү?
- Улсын баяр наадамд орчихоор үнэхээр хурдан байх жил нь би алдаа гаргасан. Наадмын өмнө Хүй долоон худагт буухдаа өвс сайтайг нь бодоод довныхоо урд буучихсан юм. Тэгсэн Даваахүү гуай “ Ээ Цандэлэгээ буурь чинь буруу болчихсон байна. Довоо даваад буучихаж ” гэсэн. Тэгэхээр нь тэр дор нь нүүсэн ч адуу гэдэг үнэхээр ухаантай амьтан байдаг юм билээ. Азарга маань идээшлүүлж, тэжээж байсан хуучин буурь луугаа хадуурчихсан. Залуу уяачид мэдэж байх ёстой юм билээ.
Би дээр хэлсэн Соёмбо уяа даадаг хаттай адуу гэж. Нэг жилийн дотор том жижиг нийлсэн долоон уралдаанд уралдаж байсан түүх бий. Долоо уралдахад нэг л аман хүзүүдэж, /хамгийн сүүлийнх дээр нь/ бусдад нь түрүүлсэн. Соёмбыг эхний таван км ажил хийлгэхэд жаахан суудаг дараагийн удаа таван километртээ яах ч үгүй арван км болоод ирэхээрээ жаахан сууна. Дараагийн удаа тэрэндээ яах ч үгүй гэх мэт. Тэгэхээр улсын наадмын 25 километрт жаахан дутаад байдаг юм. Хэрвээ улсын наадмаас өмнө нэг уралдаан байдаг бол Соёмбо орох л адуу.
-Соёмбо энэ жил 11 настай. Төл авч чадаж байна уу?
-Олон жил давхиж байгаа хурдан азарганаас төл авахад үнэхээр хэцүү байдаг. Эрт ороог нь оруулж 4-5 гүү хураалган ороог нь гаргаад уядаг. Жил болгон давхар уяагаар уралддаг учраас гүүнүүдийг нь адуунд нь аваачаад тавьчихдаг.Тэгэхээр өөр азарга хураагаад хээл таслачихна. Ийм нэг зовлон байна. Уг нь чаддаг бол гүүг нь өөр азаргатай адуунд нийлүүлэлгүйгээр тусад нь хариулж байгаад төлийг нь авчихаж болно л доо. Даанч одоохондоо бид наадамдаа анхаарал хандуулаад чадахгүй байна. Гэхдээ залуу азарга байна, төл гарах байхаа. Одоо ч гэсэн 2-3 төл бий.
- Нэг хэсэг адуу нэлээд авсан. Одоо харин танаас адуу авъя гэсэн санал цөөнгүй ирнэ биз?
- Авч л байснаас амьдралдаа адуу зарж үзсэнгүй. Би олон сайхан найз нөхөдтэй. Тэдэндээ бэлэглэнэ. Түүнээс би адууг үнэлж зарж чадахгүй. Миний үеийнхний хүүхдүүд нь том болчихож. Хурим найр гээд баяр наадам их тохионо. Тэгэхээр нь сайхан хурдан адуу бэлэглэнэ.
- 2000 оны зуднаар та нэлээн хэдэн адуугаа алдсан гэдэг. Энэ жил цаг зүтгүү байлаа, мэнд орсон уу?
-Тэр зуднаар би бүл муутайгаасаа болоод 200 гаруй адуугаа үхүүлсэн л дээ. Тэрнээсээ хойш ахиад сайн цуглуулсан, найз нөхөд маань ч бэлэглэсэн. Одоо ахиад 200 гаруй тооны юм бий. Миний адууг Дорнодод Итгэл гэдэг найз маань маллаж байгаа. Хэдэн Араб, эрлийзүүдийг маань сайхан маллаж онд оруулсан. Найздаа маш их баярлаж байгаа. Найзын маань даага нь их хурдан байгаа гэсэн. Удахгүй болох хурдан дааганы уралдаанд түрүүлээсэй гээд л дотроо залбираад сууж байна.
- Нээрээ та “Ирээдүйн түмэн эх”-д хамгийн түрүүнд бүртгүүлсэн байна лээ ?
- Зохион байгуулдаг залуус нь намайг хүндэлж, бэлгэшээгээд нэг номероо өгсөн юм. -Өрөөний тохижилт таныг шүтлэгтэй хүн гэдгийг нотолж байна л даа?
- Би чинь өвөө эмээ дээрээ өссөн хөгшчүүлийн хүүхэд. Миний өвөө аав нутаг орондоо нэртэй сайн лам хүн байсан. Тэр сайхан буянтай хөгшчүүлийн хажууд өсөх сайхан ш дээ. Ядаж л сайхан хоол хийгээд, жаазтай бурханыхаа ард тавьчихсан байх жишээтэй. Өвөөгөөс маань өвлөгдөж ирсэн олон бурхан бий. Тэднийгээ залж дээдэлж явдаг юм. Яахав өнөөдөр энэ зэрэгтэй яваа нь тэдний маань буян юм болов уу гэж бодогддог. Дээр нь моринд ороод олон сайхан эрчүүдтэй нөхөрлөж авах ёстой дээд цолыг нь авлаа. Оргилд нь гарчихаар ханачихдаг юм байна.
-Тэгвэл залуустаа хандаад юу гэж хэлэхсэн бол?
- Шинэ залуу уяачдадаа хандаж хэлэхэд “ аливаа юманд их улайрч хэрэггүй, алдар хүнд ирэх ёстой бол ирнэ. Ирэхгүй хүндээ бол хэчнээн их мөнгө зараад хэчнээн олон адуу худалдаж авлаа гээд айрагддаггүй юм” гэдгийг л хэлэх байна. Хорь гаруй жил адуу цуглуулаад мөнгө зараад л байгаа хэр нь ганц айраг ч авч чадаагүй хүнийг би мэднэ. Гэтэл бас манай Амка гээд залуу байдаг л даа. Олон жил биднийг дагаад л бидний морийг айрагдахаар баярлаад л алгаа ташаад гүйдэг. Тэгсэн хэр нь өөрөө адуугүй. Тэгээд мань хүн нэг битүү хүрэн морь аваад л улсад айрагдуулж, Заамарын хурдад түрүүлгэчихэж байгаа юм. Юм гэдэг ийм сонин байдаг байхгүй юу. Чи ер нь ямар хүний морь айрагддаг гэж бодож байна.
- Удам угшил сайтай дээр нь дээр нь уяачийн эрдэм сайн, бас эзэн хүүхэд морь гурвын хийморь өөдөө л байх ёстой л байх даа?
- Бусдын адуу айрагдахад чин сэтгэлээсээ баярлаж чаддаг хүний адуу л айрагддаг. Энэ л гол философи.Тэрнээс биш бусдын адуу айрагдчихаар “энэ муугийн адуу айрагдаад байхад яагаад миний адуу айрагддаггүй юм” гэж боддог бол тэр хүний адуу хэзээ ч айрагдахгүй. Чи хэзээ хүний адуу айрагдахад чин сэтгэлээсээ баярлаж ерөөж чаддаг болно тэр үед л чиний адуу айрагдана. Би үүнийг л залуучууддаа хэлмээр байна. Бас нэг зүйлийг хэлэхэд бизнес эрхэлдэг хэдэн уяачдыг баян цатгаландаа ч юм уу, хийх юмаа олж ядаад, алдар нэр олох гэсэндээ морь уялаа гээд л янз бүрээр л ярьдаг. Яг үнэндээ энэ их соёлыг авч үлдэх гэж өөрсдийн хөрөнгө мөнгө, нэр нүүрээ барж яваа л улсууд байхгүй юу. Нийгэм нь үүнийг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Яг үнэндээ адуунд орсон хүн орлого олохоосоо зарлага гаргах нь илүү шүү дээ.Өөрөөрөө жишээ авъя л даа. Хамгийн наад зах нь адуугаа эргэх гээд Дорнод явахад нэг удаадаа сая төгрөгний бензин зарцуулж байна шүү дээ. Энэ болгоныг тооцохгүйгээр монгол ахуй уламжлалаа авч үлдчих юмсан, хойч үедээ үлдээчих юмсан гээд явж байгаа хэдэн уяачдыг төр засаг ер нь яаж дэмжиж байгаа юм. Байхгүй ш дээ. Тэр бүү хэл харин ч авах ёстойг нь өгөхгүй байгаа биз дээ.
-Манай сэтгүүлийн зочид Монголын хурдан морины цаашдын хөгжилд өөрсдийгөө санаагаа нэмэрлэдэг уламжлалтай юм?
-Одоо нэг морин тойруулгатай л болмоор байна. Нөгөө муу хэлүүлээд байдаг хэдэн бизнесмен уяачид Араб, Англи гээд гадны цэвэр цусны хурдан адууг олноор нь оруулж ирсэн. Нэгэнт хөрөнгө мөнгө гаргаад оруулаад ирсэн адуугаа ойрын зайд уралдуулж, залуучуудыг ч гэсэн чөлөөт цагаараа үзэх харах юмтай болгомоор байна ш дээ. Монголын төр ард түмэндээ нэг сайхан тойруулга бариад өгчихвөл уг нь зүгээр л юм байгаа юм. Тэртээ тэргүй олсон орлого нь төрд буцаад л орно шүү дээ. Энэ бол үндэсний уламжлалт спорт. Хүссэн ч хүсээгүй ч төр оролцдог байх ёстой. Харин ч бүр сайн оролцдог байх хэрэгтэй.
- Та ММСУХ-ын тэргүүлэгчээрээ ажиллаж байгаа юу?
- Өнгөрсөн их хурлаараа хүмүүс миний нэрийг оруулсан ч өөрөө татчихсан. Бас их цаг зав шаарддаг юм билээ. Над шиг хөдөө гадаа их явдаг хүний хувьд бүтэхгүй юм билээ.
-Баяр наадмын шагнал урамшууллын талаар ямар бодолтой явдаг вэ?
- Нууцгүй хэлэхэд арай дэндүү бага л даа. Үндэсний их баяр наадамд гэж төлөвлөсөн атлаа зам засвар, зохион байгуулалтын ажлууд энэ тэрд гэж хуваарилаад яг байнд очих мөнгө нь маш бага болчихдог. Жилийн дөрвөн улирлын турш хөдөлмөрлөдөг уяачдыг жилдээ ганц удаа 200-300 мянган төгрөгөөр урамшуулна гэдэг дэндүү бага байгаа биз дээ. Энэ бол яах аргагүй төрийн анхааралдаа авах асуудал мөн. Одоо нэг үеэ бодвол Монгол улс чинь мөнгөтэй болж байгаа юм чинь эрхбиш дэмжих байлгүй дээ. Үндэсний соёлгүй улс мөхдөг хуультай. Өнөөдөр хурдан морины уралдааныг тойрсон хэл ам гаргаад явдаг улс их байна. Миний бодож байгаагаар энэ бол их хортой. Монгол үндэснийхээ уламжлалыг эсэргүүцээд байдаг тэд хаанахын улсууд юм бол гэж өөрийн эрхгүй бодогдохоор байгаа биз. Шуудхан хэлэхэд шавар тагзанд, шанцай шуйзаа идэж өссөн хүмүүс морь ойлгохгүй ш дээ. Тэдний үр хүүхдүүд томорчихоод үндэсний бахархлыг үгүйсгэж байгаа юм. Нарийн яривал энэ их хурлын гишүүдийн 30-40 хувь нь хятадын эрлийзүүд байгаа. Хүмүүс мэднэ ш дээ. Цус холилдоод улам царайлаг болоод гарч ирж байхгүй юу.
-Танайхнаас танаас өөр морь сонирхдог хүн бий юу?
- Миний дээд талын ах моринд дуртай. Ганц нэг үрээ аваад давхиулаад л байдаг юм. Манай хоёр том хүү гадаадад олон жил болчихсон учраас адуу мал гэхгүй юмаа. Ер нь багаас нь л адуу маланд дасгах хэрэгтэй юм шиг байна. Харин манай эхнэр моринд сайн ш дээ. Хамт явж байгаад малгай салхинд хийсэхэд мориноосоо буулгүй аваад л өгнө. Залуудаа хос морьтой наадамладаг байлаа. Хүний хажуудах хань, үр хүүхэд, найз нөхдийн дэмжлэг гэдэг амьдралд хамгийн чухал нь. Миний хань бол намайг их сайхан дэмжинэ. Унаач хүүхдүүдийн гутал хувцас, хоол унд гээд л бүхнийг зохицуулна шүү дээ.
-Ингэхэд яагаад “Соёмбо” гэдэг нэрийг азаргандаа өгсөн юм бэ?
- Манай эмээ өглөө болгон цайныхаа дээжийг өргөхдөө “ Ээ төрийн минь алтан соёмбо өршөө ” гэдэг байсан юм. Бас манай Жамбагын тамга нь соёмборхуу хэлбэртэй. Энэ бүгдийг бодолцож байгаад өгсөн. Анх их том нэр өгчихлөө дөө гэж бодож байсан ч алдаагүй гэдэг нь одоо харагдаж байна.
-Адууны нэр их чухал байдаг юм шиг байгаа юм. Та бусад хурдан хурц адуунууддаа ямархуу нэр өгдөг вэ ?
-Одоохондоо нэр өгөөд байхаар олон адуу алга байна. Гэхдээ наадамд одтой нэг хөөрхөн үрээ бий. Од хүрэн гээд их сайхан соёолон байгаа. Даагандаа улсад долоогоор явж байгаад өгсүүр таарчихаар нь “одоо ч орохооргүй боллоо доо” гэж бодоод явж байтал орчих жишээтэй. Хүүхэд нь ташуурдаж байгаад санаандгүй нүд рүү нь ташуурдчихдаг байхгүй юу. Нялх амьтан өвдсөндөө болоод годосхийтэл давхиад айрагдчихсан. Завханы наадамд дөрвөлж, Хархорины 270 жилийн ойгоор түрүүлсэн. Сунгаанууд дээр унжиж унжчихаад наадам болохоор айрагдчихдаг хийморьтой адуу. Энэ өвөл гэхэд л нэг түрүүлж хоёр айрагдлаа.
-Эцэг эх нь ямар адуу байдаг юм бэ?
-Алдарт уяач Ганбатаас авч байсан хурдан халзан азарганы маань төл. Билэгдэмбэрэлийн зохион байгуулсан нэг наадамд халзан азарга, хээр морь хоёр маань нэг дор түрүүлж, нэг дор хоёр машинтай болж байлаа. Азарга нь УАЗ-469, хээр морь маань япон суудлын тэрэг авч байсан юм. Зураг нь тэр байна.
-Танай адуунууд ер нь бараан зүсмийн юмаа даа?
-Би цул өнгөнд дуртай. Алаг адуунд жаахан тиймхэн. Сайхан шарга, хонгор, хүрэн зүсмийн адуу тууж явах сайхан ш дээ. Эрдэнэчулуун Тод манлайн хоёр шаргын эцэг Тогоруу халтар азарга нүд анитлаа манай адуунд байсан ш дээ. Яагаав нөгөө нэг их хэл ам болоод байсных нь дараа би тойруулгат байхад нь жийп өгч авсан юм. Над дээр ирээд олон ч сайхан гүү байдас, хэдэн сайхан хурдан үрээ гаргаж өгсөн. Улсад дөрвөөр давхисан зээрд үрээний эцэг нь. 18 нас хүрээд саяхан өнгөрсөн. Сүхбаатарт байсан чинь муудаад болдоггүй. Энд авчирч тэжээх гээд нэг хүн явуулсан. Нөгөө нөхөр хариуцлагагүй хүн байж таараад машинаасаа унагаагаад алчихсан байсан. Муу уясан байсан юм шиг байгаа юм. Нөгөөх нь явдалд дунд үсэрчихсэн байсан. Эрдэнэчулуун бид хоёр олон жил сайхан нөхөрлөж байгаа хүмүүс. Тэгээд надад тэр зургийг бэлэглэсэн юм. /уяан дээрээ дүүхэлзэх халтар азарганы цаана шарга зүсмийн олон адуу зэллээстэй байгаа зурмал зургийг заав/ Мөн Эрдэнэчулууны том шаргыг энддэг тэр жил бид хоёр нэг уяанд хамт явж байсан юм. Тэр сайхан хурдан буянг амьсгаа хураахад нь Алдарт уяач Содномцог, аварга Сүхбат, Эрдэнэчулуун бид хэд толгойг түшиж байсан юм. Энэ мэтчилэн адуутай нөхөрлөсөн энэ он жилүүдийн хугацаанд баяр гунигтай олон л явдал тохиож байлаа.
- Бидний урилгыг хүлээн авч, илэн далангүй ярилцсан танд баярлалаа
А.Тэлмэн "Тод магнай" сэтгүүл дугаар №4
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна