МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ: Сайн морь, сайхан машинд гар татдаггүй

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

-Сүүлийн гурван жил “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнэ гэдэг нэр их дуулдах болсон. Ер нь яагаад морь сонирхох болсон юм бэ?
-Би хурдан морь сонирхож уях болсоор гурван жилийн л нүүр үзэж байна. Энэ хугацаанд улсын наадмаас нэг түрүү, нэг айраг, бүсийн наадмаас зургаан айраг авсан.
-Тэгвэл баяр наадмын тухай хуулинд заасан МУ-ын Алдарт уяачийн болзлыг хангачихсан юм байна шүү дээ? 
-Тэрийг нь сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан улс, бүсийн наадмуудаас найман айраг, түрүү авсан. Моринд орох шалтгаан нь юу байсан бэ гэж та асуусан. Миний өвөө Төмөржаа гэж  олон жил морь уясан,  МУ-ын Алдарт уяач цолтой хүн байсан.Харин ээж маань Монголын морин спортын анхны спортын мастер Т.Цэрмаа гэж хүн бий. Хүмүүс мэдэх байх. Ийм сайхан хүмүүсийн дэргэд өссөн болохоор багаасаа хурдан морь сонирхдог, унадаг хүүхэд байсан. Монголын хурдан морины түүхэнд жаахан ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.
-Адуу нэлээд цуглуулсан байх. Голдуу хаанаас авч байсан бэ?
-Эхэндээ монгол адуу нэлээд цуглуулсан. Сүүлдээ монгол адууныхаа цусыг сайжруулах үүднээс цэвэр үүлдрийн  Англи, Араб азарга нэлээдийг оруулж ирсэн.
-Таныг адуунд чамгүй мөнгө зарцуулсан гэдэг юм билээ. Ер нь ямар ханштай адуунууд авч байв?
-Тэрийг нарийн хэлэх шаардлагагүй биз дээ. Мэдээж хурдан хурц адуу бол илүү үнэтэй. Гэхдээ үнэтэй болгон хурдан байхгүй. Гол нь адуугаа таних хэрэгтэй л дээ. Жишээлбэл миний сая таван зуун мянгаар авсан үрээ соёолондоо улсын наадамд гурвалж байсан. Хүмүүс тоохгүй авахгүй байхад нь би авсан юм. Бас миний хамар цагаан хүрэн азарга бий. Тэр маань Алтан-Овооны тахилга наадамд  аман хүзүүдэж байсан.
-Тэгэхээр та хурдан морь шинжихдээ нэлээд гаргуун байх нь ээ?
-Тэгж хэлж болохгүй байхаа. Миний хувьд адуу танина гэхээсээ илүүтэй хийморь лундаа байсан байх. /инээв/
-Бүсийн наадмуудад айрагдаж байсан адуунуудынхаа талаар яриач?
-Хэдийгээр айраг түрүүнд нэрээ бичүүлж чадаагүй ч гэсэн миний анхны адуу 2007 онд Хэрлэнгийн хөдөө арлын наадамд түрүүлж байсан.  Даншиг халзан гээд хүрэн халзан морь бий. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Амаржаргал гэдэг хүний адуу. Ирснийхээ дараа жил улсын наадамд ганцаараа хол тасархай хөтөлж яваад үзүүр дээр сууж зургаагаар орсон юм. Би өөрөө зургаагийн тоонд дуртай. Тэр утгаараа их бэлгэшээж, “дараа жил морь айрагдах юм байна” гэж бодсон нь ёсоор болсон. Миний соёолон улсын наадамд гурвалж,тэрнээс хойш айраг  түрүү тасарсангүй ээ.
-Таныг хурдан мориноос гадна, сайн машинд гар татдаггүй гэдэг юм билээ?
-Сайн морь, сайхан машинд гар татдаггүй ээ. Машины цуглуулга маань ч овоо арвижиж байгаа. Ямар ч байсан дэлхийд алдартай сүүлийн үеийн машинуудыг Монголдоо оруулж ирэх юмсан гэж хүсдэг. Оруулж ирэх ч болно.
-Хурдан морь сонирхох болсноос хойш миний амьдралд ийм ийм өөрчлөлтүүд гарсан гээд уяачид ярьдаг юм л даа. Таны хувьд?
-Тийм шүү, асар их өөрчлөлтүүд гардаг. Миний хувьд уужуу тайван аливаад хүлээцтэй ханддаг болсон. Энэ бол эр хүнд байх ёстой хамгийн сайн чанар гэж ойлгож байгаа.
-Санал нэг байна. Их хурдын дараа болох бүсийн наадмуудаас хаашаа явахаар төлөвлөж байна даа?
-Энэ жил манай аймгийн ой болно. Мөн бүсийн наадамтай. Тэгэхээр аймаг руугаа л явж таарах байх. Миний хувьд зөвхөн өөрийнхөө адууны цусыг сэлбэхээс гадна нутаг орныхоо адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр анхаарч, өөрийнхөө хэмжээнд дэмжиж явдаг. 2008 онд Дорнод, Сүхбаатар аймгаас сайн угшлын арав гаруй гүү нутаг руугаа явуулсан. Цаашид ч энэ тал дээр анхаарна гэж бодож байгаа.
-Баярлалаа. Уясан хүлгэд нь босоо байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай.

"Тод магнай" сэтгүүл дугаар №5

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна