МУ-ын Тод манлай уяач А.Батсүх: 14 жил хүлээсний эцэст нэг өдөр төрийн наадмын хоёр түрүү хүртсэн

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

-Уяа эвлэг, морь хурдан сайхан зусч байна уу?
-Сайхан, та бүхэн сайн явж байна уу? Сүүлийн хэдэн өдрүүдэд сүрхий халж байна шүү. Өдрийн гурав услаад байхад л адуу ангаад байна.
-Тангаа морь уяад хэдэн жил болж байна вэ?
-Морь уяад зүтгэсээр байтал 20 гаруй жил болчихсон байх юм. Цаг хугацаа ч хурдан юм даа. Арван найман наснаасаа эхэлж, 20 настайдаа анхныхаа айраг түрүүг авч байсан санагдаж байна.
-Танай хөгшчүүдийг адуутай, эртнээс морь мал сонирхдог байсан гэж сонсож байсан юм байна?
-Манай аав чинь багаасаа мал дээр өссөн, адуунд их иртэй хүн байсан. Уургыг янзтай сайхан барина, морь сайхан унана, нутаг орныхон маань хүчрэхгүй адуугаа ааваар л бариулж,  номхруулдаг байсан. Гэхдээ өөрөө морь уяж сойдоггүй байсан. Сонирхол байгаагүй юм болов уу гэж би боддог юм. Нутгийнхан мэднэ дээ. Манай аавын аав Цанлиг гэж хүн байсан юм. Тэр хүний адуу Богд уулын араар бэлчдэг байсан гэдэг. Харин ижийн минь талд өвөө Наваан гэж байсан гэдэг. Лам хүн уналга эдэлгээнд эдлэгддэггүй, хур дэлтэйгээ онгон шахуу хонгор голдуу зүсмийн тарган адуунуудтай байсан гэж хууччуул ярьдаг юм. Тэгэхээр хүн хүч хомс байсан болохоор өвөг эцгийн маань адуу нь онгон зэрлэг байсан байгаа юм. Харин аавын талын адуу бол эмнэг хангал нь бага. Яаж ч байх билээ, аав өөрөө унаж эдлээд сургачихдаг байсан биз. Ийм хүмүүсийн адуу хоёр талаасаа нийлж цус нь холилдож өнөөдрийн бидний унаж, уралдуулж байгаа сайхан буянгууд бий болж хурдны чиглэлд өсөж үржиж байна даа.
-Тэгэхээр та багадаа хурдан морины хүүхэд байжээ дээ?
-Аав маань унуулах дургүй. Төв суурин газар байсан болохоор бэртэнэ гэдэг ч юм уу болгоомжилдог байсан юм уу даа. Тэгэхээр нь нуугдаад унана. Яагаад ч юм би багаасаа адуунд их дуртай байж билээ. Хүн чинь өөрийхөө хамгийн дуртай зүйлээ би энэ зүйлд дуртай , сонирхолтой юм байна гэж боддоггүй юм байна л даа. Би ч гэсэн өөрийн хар аясаар л адууг сонирхож өссөн. Яваандаа уяаны эрдэм ухаанд суралцах шаардлага гарч ирж байгаа юм.
-Анзаараад байхад та бага насны адуу голдуу уядаг. Анх ямар адуу уяж байсан бэ?
-Хүмүүс намайг бага насны голдуу адуу уядаг гэдэг л дээ. Бодоод байсан чинь миний уясан адуунаас бага насных нь л төрийн наадам, даншиг, бүсийн наадамд ороод байсан байгаа юм. Өөрийнхөө хөдөлмөр зүтгэлээрээ  Засгийн газрын тушаалтай томоохон  наадмуудаас 20 гаруй айраг түрүү хүртчихсэн байна. Бусад аймаг, сумын ой гээд жижиг сажиг наадмуудаа оруулах юм бол овоо тоо гарах байх.
-Улс бүсийн наадмын хорь гаруй айраг түрүү гэдэг чинь Алдарт битгий хэл Тод манлай уяачийн болзол хангачихсан юм байна шүү дээ?
-Улсын цолонд чанар гэж нэг юм байдаг. Тэр нь хүрдэггүй юм. Миний айраг түрүүний 80-90 хувь нь бага адуу болчихоод болохгүй байгаа юм шиг байна лээ. Тэрнээс чанар гэж ярихгүй тоогоороо бол аль дээр авчихсан байх л даа. Гэхдээ ах нь мундаг цолтой болчих юмсан гэхээсээ илүү цолондоо эзэн болох юмсан л гэж боддог. Нас ч залуу байна. Амжилтын оргил өмнө маань байна. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Нэг мундаг том цолтой, толгойдоо юу ч үгүй уяач болчихвол ичмээр шүү дээ. Уяач хүн сураар бол элдүүр нь ханаж байж, бөхөөр бол чангарч байж л энэ цол хэргэмээ авдаг байх ёстой.
-Хэзээ Нийслэлийн Алдарт уяач болсон бэ ?
-Би эхлээд Төв аймгийн Алдарт уяач болсон. Дараа нь 2007 онд Нийслэлийн уяачдын холбоо байгуулагдаад “Та нийслэлийн Алдарт уяач цолны болзолыг хангачихсан байна, ирж цол тэмдгээ аваарай” гэсэн.
-Би энэ Нийслэлийн Алдарт уяач гэдэг цолыг ойлгодоггүй юм. Цол олгох тухай хуулинд сумын, аймгийн, улсын гэсэн гурван шатлалтай л байдаг. Нийслэлийн Алдарт уяач гэдэг цол эрэмбийн хувьд аль хавьцаа очих вэ?
-Монголын Морин Спорт Уяачдын Холбоо гэж байдаг. Энэ бол улсын хэмжээний холбоо. Гэтэл тэрэн дотроо Улаанбаатар хотын уяачдын холбоо, аймгийн уяачдын холбоо, сумын уяачдын холбоо гээд задраад явдаг.
-Тэгэхээр эрэмбийн хувьд аймгийн Алдарт уяачаас илүү болж  байна уу? 
-Орон нутгийн бүтцийг харсан ч аймаг, нийслэл хоёр ялгаатай байх аа.(инээв ) Минийхээр  хөдөлмөрийн үнэлэмжээрээ аймгийн алдартаасаа арай илүү байх. Гэхдээ би нийслэлийн гэхээсээ илүү аймгийн Алдарт  уяачийнхаа малгайг өмсөж, түүгээрээ цоллуулах дуртай .
-Томоохон наадмын анхны айргаа хэзээ авч байсан бэ?
-За наадах чинь их сайхан асуулт байна. Би 1990 оноос хойш 2004 оныг хүртэл хүртэлх 14 жилийн хугацаанд томоохон наадмуудад адуу оруулж үзээгүй явсан хүн. Энэ л бөх болно доо гэсэн хүүхэд наадамд 14 жил ойчоод л яваад байвал ямар байх билээ. Гэхдээ бөх хүн бол ийм удаан чангарахгүй л дээ. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр уяач гэдэг ийм өндөр босготой мэргэжил. 800 адуу уралдахад таван адууг л барина. Юу гэсэн үг вэ. Монгол наадам ийм өндөр босготой. Геннисийн номонд орохуйц өрсөлдөөнтэй, өндөр босготой ажил. Тиймдээ ч энэ олон мянган жилийн турш оршин тогтож боловсрон хөгжиж ирлээ. 14 жилийн турш махран зүтгэснийхээ үр дүнг 2004 оны наадмаар буюу төрийн наадам Хүй долоон худагт шилжсэн тэр жил амссан. Наадам  даага, шүдлэнгийн уралдаанаар эхэлсэн юм. Тэгэхэд ахынх нь унаган шарга даага хол тасархай түрүүлж, шүдлэнд Мөлгөр хул маань бас л хол түрүүлсэн. Ингэж нэг дор төрийн наадмын хоёр түрүүг хүртэж байлаа. Энэ өдөр би ёстой нөгөө магнайгаа хагартал баярлаж, өөрийгөө чимхээд, базаад “ би чадчихсан уу ” гээд итгэж ядаж байлаа.(инээв). Яагаад гэхээр баяр бахдалаас гадна уйгагүй хичээл зүтгэлийнхээ үр дүнг  амсана гэдэг үнэхээр сайхан юм билээ.
-Тэр тусмаа төрийн наадмын анхны түрүүгээ өөрийн унаган адуугаар авна гэдэг том омогшил биз?
-Тэгэлгүй яахав. Хүний нэг насаа зориулаад бэлдчихсэн, цус ген нь тохирчихсон адуугаар биш, өвөг дээдсийнхээ үлдээсэн буянгаар ийм амжилтанд хүрсэн нь том бахдал. Гэхдээ тэрхүү буянг сайжруулж, үржил селекци явуулсан. Аль л хурдтай гэсэн газруудаас адуу авсан, бүр Өмнөговиос хулангийн цустай адуу хүртэл авсан.
-Нэг дор 2-3 адуу оруулсан тохиолдол өөрийн чинь хувьд нэг бус удаа байхаа?
-Сайхан сайхан наадсан наадмуудад зөндөө байсан. Архангайн даншигт соёолон, шүдлэн айрагдаж, түрүүлгээд, Өвөрхангайд  даага, шүдлэнгээ аман хүзүүдүүлж байсан үе бий. Хүмүүс хурдан морь гэхээр их өнгөц боддог л доо. Нэг хэсэг нөхөд цуглараад баахан адуу давхиулаад гэж. Яг үнэндээ энэ бол Монголын маш том соёл. Энэ том соёлыг жилийн дөрвөн улиралд халуунд халж, хүйтэнд хөрсөн уяачид л авч явж, залуу үедээ өвлүүлж байна. Хурдан морь сонирхон орж буй залуус хэсэг хугацааны дараа өмссөн зүүснээс нь эхлээд хэлж ярьж буй нь хүртэл өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл Монгол хүн Монголоороо бахархах сэтгэлтэй болдог. Энэ бол маш том дэвшил. За тэгээд морь нь давхиад ирвэл үг яриагаа цэнээд, эр хүний хийморь дордуулах аливаа муу сайн юманд оролцохоос зайлхийнэ. Яг үнэндээ аав ээж нь мянга хэлээд олж аваагүй хүмүүжлээ мориноос олж авч байна. Адуу чинь өөрөө эерэг энергитэй амьтан. Монголчууд морины босоо цагаан хийморь гэж ярьдаг шүү дээ. Энэ хийморь гэдэг чинь энерги. Уяа нь ороод хурдан байгаа тэр сайхан эерэг цэнэгтэй адуун дээрээ эзэн хүн хасах цэнэгтэй очиж болох уу. Юм бүхэн учиртай байдаг. Адуу дагасан хүн хийморьтой байдаг гэдэг чинь ерөөсөө л энэ. Энэ бол маш том ойлголт.  Ах нь ингэж бодож, ажилладаг.
-Бага адуу голдуу ордог гэдэг нь, бага адууны уяаг сайн тааруулдаг гэсэн үг. Уяаны ямар онцлогтой байдаг юм бэ?
-Өөрийнхөөрөө л бодож оролддог доо. Бага адуу гэдэг их гэнэн, хөөрхөн амьтан. Түүн дээр нь тоглоод зарим үед жаахан юмаар хуурчихаж болно.
-Жишээ нь яаж хуурах вэ?
- Энэ нууцаа ( инээв). Зарим хүмүүс  даагыг сургахдаа шууд эмээл тохоод, хүүхэд мордуулаад сэхээ сөхөөгүй гуядуулаад сургаж байгаа харагддаг. Би үүнийг сайшаадаггүй. Манайх бол эхлээд уяж сургадаг. Буруу талынх нь амгааны цагирагнаас уяхаар нар буруу эргэдэг болчихно. Зөв талынхаас нь уяхаар нар зөв эргэж сурдаг. За ингээд уяад сургачихсан адуу чинь амаа мэдэх анхныхаа хичээлийг заалгачихсан гэсэн үг. Нар зөв, буруу амгаагаа дагаад сурчихсан даагыг хөтлөхөд хөнгөн байдаг. Арагшаа жаахан сууна. Тэрэнд нь тэгс ингэс хийгээд явуулаад сургачихдаг. За ингээд ирэхээр тэр даага чинь хажууд бөөвийтөл цогиод сурчихна. Тэгэхлээр нь буруу талдаа хөтөлж цогиулж сургаад, дараа нь зөв талдаа гаргаад цогиулна. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр уралдааны үеэр  буруу, зөв аль ч талаар нь даага орсон ханарахгүй болж байгаа юм. Дутуу сурсан даага  сураагүй талаар нь даага ороод ирэхээр ханардаг байхгүй юу. Ингээд буруу зөвгүй цогиулж сургасныхаа дараа эмээл тохоод бас нэг хэсэг цогиулна. Тэгж байгаад эмээлтэйгээ цогиод сурчихаар нь хөнгөн хүүхэд мордуулаад хөтлөөд цогино. Хүүхэдтэйгээ хөтлөгдөөд сурчихсан даагыг богинохон цулбуураар хөтөлж цогиж байгаад сэмээрхэн тавьчихдаг байхгүй юу. Тэгэхээр хөтөлж байна гэж бодоод л хажууд хөөрхөн цогиод байдаг.(инээв ) Нялх амьтан тэр болгоныг мэдэхгүй. Хаашаа л эргэнэ, дагаж эргээд л. Тэгэхээр нь хотноосоо нилээн зайдуухан гараад орхиод давхичихаар нөгөөдөх чинь араас жаал сарвайна.Тэгээд хүүхэдтэйгээ хоёулахнаа үлдэхээр тэр хоёрын хоорондын харьцаа үүсч байгаа юм. Иймэрхүү байдлаар л шаталж сургадаг. Залуучуудад хэрэг болох байх гэдэг үүднээс нэг бүрчлэн ярилаа.
-Сургах нь ийм байдаг юм байж. Тэгвэл уяаны хувьд?
-Бага адууны хувьд ах нь сүүтэй даага уях сонирхолтой байдаг. Яагаад гэхээр сүүтэй даага ачаалал даах чадвар маш өндөр байдаг. Сүүнд байдаг бүх ферментүүд дааганы хүч тамирыг сэлбэж өгдөг. Ийм болохоор ямар ч ачааллын үед сэргэх чадвар нь сүүгүй дааганаасаа илүү. Дээр нь жаахан тэжээл өгөөд тарга суулгачихвал, хүчийг нь тааруулах хэрэгтэй болно. Хүчийг нь тааруулна гэдэг их ярвигтай л даа. Тэжээгээд таргалуулчихсан сүүтэй даага чинь ногоо идээд ирэхээрээ хүч нь дийлдэхгүй тал байдаг. За тэгээд тарга хүчийг нь буулгах гээд хөлсөлж бариад хүчтэй нь ноцолдоод ирэхээр очгүй болчихдог. Хамгийн гол анхаарах ёстой зүйл бол сүүтэй дааганы хүчийг  тааруулах байдаг. Ингээд уяанд нь оруулчихсан байхад өөр асуудал гайгүй.
-Сүүлийн хэдэн жилийн улсын наадмын бага  насны морьдын уралдааныг эрлийз буюу шинэ Монгол адуу тодорхойлох болсон.  Та ч бас энэ тал дээр анхаарал хандуулж байгаа уяачдын нэг?
-Ах нь хэдэн азаргатай. Дээд үедээ ураг нэгтэй Халимагуудаасаа авсан. Нэг нь цэвэр Англи, нэг нь Англи буддёный, нөгөө нь Саребриат үр төл нь гарч, өнөө жилээс уягдаж байна. Монгол адууг бодвол аргагүй өндөр хурдтай юм байна. Гэхдээ эд эрхтэн нь жаахан эмзэг талдаа. Монгол адууг зүтгүүлдэг шигээ эрлийз адууг зүтгүүлэхэд гарын ая даахдаа муу. Гэхдээ хурдан хурц гэдэг нь нэгэнт нотлогчдихлоо шүү дээ.  Тэгэхээр шинэ Монгол адууг бүх нийтээрээ дэмжээд өсгөж үржүүлчих нь их зүгээр. Өнөөдөр Монголын ард түмэнд хурдан адуу хэрэгтэй юу? Хэрэгтэй. Тэгвэл хэрэгтэй л байгаа юм бол үүнийг өргөжүүлэх хэрэгтэй байна. Монгол адууныхаа цусыг сайжруулах асуудалд төрөөс анхаарал хандуулж аймаг бүрт  эрлийз цустай хэдэн адуу аваад өгчихөд гэмгүй.
-Манай сэтгүүлийн зочид өөрийнхөө хамгийн хайртай хурдан хүлгийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулдаг уламжлалтай юм?
- Даян аварга А.Сүхбат дүүгийн маань унаган адуу “Хишиг” хүрэнийхээ  талаар ярих нь зүйтэй болов уу. Хишиг хүрэний эх нь сайхан хонгор гүү бий. Хонгор гүүний эх нь Буянтай хонгор гээд бас нэг гүү байсан. Тэрний эх нь Энгүй хүрэн гээд миний түрүүний ярьсан өвөг дээдсийн маань удамтай гүү. 22-23 хүрсэн буян мал. Тэр гүүний охин төл нь хурд төрүүлдэг, эр төл нь хурдалдаг. Эцэг талын хувьд аварга дүү бид хоёр 1998 онд Увс аймагаас Тэсийн голын унага үзэх гээд очлоо.Үнэхээр сайхан адуутай газар.Тэс сумын Шагдар гээд хурдан Халтар азаргатай ахынд очоод азарганых нь төл сайхан хязаалан халтар үрээ авч ирсэн юм. Тэр халтар үрээндээ хонгор гүүгээ хураалгаад Мөлгөр хул, Хишиг хүрэн хоёр гарсан юм. Үнэхээр хоёр талынх нь ген зохицсон сайхан адуу. Хишиг хүрэн энэ жил соёолон үрээ. Түрүү жил Баянхонгорт болсон даншиг наадамд айрагдаад,тэрний өмнөх жил Алтан-Овоонд айрагдсан. Улсад нэг удаа  есөөр давхисан. Хишиг хүрэний ах Тахь хонгор гээд бас нэг азарга бий. Тахь хонгор маань Их Монгол улс  байгуулагдсаны 800 жилийн ойгоор даагандаа аман хүзүүдэж байсан.Тэрний ах нь улсад бас даагандаа наймалж байсан хээр үрээ. Хээр үрээг дүү маань Нямдорж сайдад бэлэглэсэн юм.Одоо их насны морь.Тэрний ах Мөлгөр хул гэж улсад түрүүлдэг адуу. Тэгэхээр Хишиг хүрэн маань  үнэхээр манай унаган адуу хурдан буян байгаа биз.
-Сүхбат аварга хурдан морь сонирхох болсон нь ахдаа уруу татагдсан хэрэг байх нь ээ?
-Манайхан ер нь моринд элэгтэй хүмүүс. Өвөг дээдсийн минь ген байгаа болохоор ч тэгдэг байж магадгүй. Адуунд дуртай гэрийнхний морьд ах дээр нь төвлөрдөг.
-Нээрэн таныг барилддаг байсан гэж сонсож байсан юм байна?
-Нэг хэсэг оролдсон. Гэхдээ барилдахаасаа илүү адуундаа орчихсон. Жаахан нухлаад байсан бол явах л байсан байх.(инээв)
-Ноцолдоод байсан бол аваргын дайны биш юмаа гэхэд шаггүй бөх болох байсан гэж үү?
-За тэр нь арай ч юу юм бэ. Ах нь сумын заан цолтой. Хотоос мундаг бөхчүүд ирчихгүй бол бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг хэр таарсан бөхчүүдээ аргалчихаад л байдаг.  Залуудаа зэргэлдээх аймаг сумын наадам хэсээд ноцолдоод явдаг л байсан.Одоо бол хэдэн адуунаасаа цааш гарахгүй юм байна. Нас ч явчихлаа даа.
-Нутгийнх нь хөгшид аавыг тань залуудаа аварга шиг хөдөлгөөнтэй барилддаг хүн байсан гэж ярьдаг юм билээ?  
-Тэгэлгүй яахав. Цэргийн арслан цолтой хүн байсан. Нутгийн маань ах нар аавыг сайн мэддэг юм байна билээ.Аварга бид хоёр сайн мэдэхгүй. Бид хоёрыг ухаан суух үед аав маань барилдахаа больсон байсан. Нутаг орны ах дүү нар маань яриад л байдаг юм. Ер нь бас гялалзуур барилдаантай хүн байсан гэж. Золгоод бярдуухан мэх хийх гээд байдаг гэж. Одоо л аварга бид хоёр гүзээ суугаад махлаад байгаа болохоос аав маань 182-183 см өндөртэй, аятайхан биетэй хүн байсан гэдэг. Аавынхаа тухай ярих сайхан байна. Даан ч морины ажил хийх цаг болчихож, ах нь ингээд яриагаа өндөрлөхгүй бол горьгүй нь.
-Баярлалаа. Уясан болгон чинь хурдан байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай.

"Тод магнай" сэтгүүл дугаар №5

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна