Хурдан хүлгийн шинж хэлбэр

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

Хурдан хүлгийн сударт хурдан морийг 49 шинж, 51 хэлбэр буюу 360 шинжтэй хэмээн дурджээ. Түүнд өгүүлсэнчлэн хэлбэрийн хувьд Гөрөөсөн, Барим, Тэхийн, Туулай, Мэлхий, Чонон, Хандгай, Тайган, Урант могой, Зараа, Харцага, Начин, Шонхор, Аргал угалз, Далуу бугын, Өвөөлжин болжмор, Гургуул, Элээ, Арслан, Хан бүргэд, Богширго, Хонин зэргээр шинжинэ. Морины гадна шинжид   хамрын нүх том, гүрээний амсар мэт багалзуур нь хурцны багалзуур мэт дээшээ ховилтой байна. Магнай нь дэлгэр тэнэгэр, хоёр чих нь тас шувууны хутган өд мэт/ мөн мөөг мэт /бий. Хөмсөг  хонхор бөгөөд нүд нь хар улаан байна. Хонины нүд мэт байвал хатан, лам нарт өлзийтэй бөгөөд харин оготнын нүд мэт бөлтгөр хар байвал даага, шүдлэн насандаа сайн гэдэг. Эрүү нь бөх хүний эрүү мэт болоод зузаан мах ихтэй нь сайн харин хэт өргөн бол хөлд муу хэмээн үздэг. Түүнчлэн хүзүү нарийн бол сайн. Нарийн нь аман хүзүүгээр өвгөр, цээж нь арслангийн цээж мэт, сэрвээ нь хайнагийн сэрвээ мэт  бол сайн. Өвчүүний хөх мах нь бөх хүний хөх мах мэт нь сайн. Зоо нуруу нь өмхий хүрэн мэт бөгтгөртэй, сүвээ нь боос гүүний адил бол сайн.
Гурван хоногийн урьд хэлээ шилбэлзүүлэн хазаараа зажлаад хөлөө газар цавчлан алсын уул ба барааг хараад чихээ хатгаж байваас морь гүйхийн тэмдэг. Гэнэт бүх биений үс гэдэргэ сөрвийгөөд өөд шатаасан түймэр мэт болвол түрүүнд буюу нэгийн удаа ирж магад буй. Бас буруу хандан одоход хойд хоёр хөлний шөрмөс татсан мэт харагдвал түрүүлэхийн тэмдэг болмуу. Шүд нь алт мэт шарлаад зан нь хүн ба морийг хазах, хайрах, унавал авах хайрах, зогсвол газар цавчлах, тэмүүлэн дэвхрэх бол түрүүнд гүйх бэлгэ болмой. Ташаа нь тас шувууны жигүүр мэт, уул морийг хойноос нь харахад бөхийж нисэх бүргэд мэт, зан ааш, харц нь үнэг үзсэн анч бүргэд мэт, гэдэс нь бумба мэт, бөндгөр хас мах нь дүүрэн бөгөөд доогуур нь цар таваг багтам зайтай, дөрвөн хөл тэгшхэн, шилбэ бүдүүн байвал олон хөл хоёрт нийгэлтэй гэдэг. Бэрэвхий нэгэн барим хөл сайн урт нь муу, туурай хөмөрсөн тогоо мэт нь сайн. Туурай нимгэн муу, хайч мэт ирмэгтэйг хурдтай гэдэг. Сүүл нь сайн эрийн саадаг агшин мэт, сүүлний хялгас нь уран эмэгтэйн томсон шөрмөс адил, борви нь мэргэн харваачийн эрхийн онч мэт, хялгас нь гурван талтай бөгөөд бүдүүн бол сайн гэдэг. Ясан сүүлний урт нь хурдлахад сайн, хоншоор урт нь сэтгэл уужим байдаг учир хөл олон хоёрт сайн гэдэг.
 Хоншоор урттай морь ийш тийш давилгагүй тул хуягтай явахад сайн, цээж өндөр нь газрын урууд сайн, цээж намхан богино нь газрын өөдөд сайн. Цээж бөгс нь тэнцүү байвал ууланд сайн, дөрвөн хөлийн шилбэ бүдүүн байвал цочихгүй сайн.

                                                                                                                "Тод магнай" сэтгүүл дугаар №4

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна