"Туушин" компанийн захирал Н.Зоригт: Анх удаа морь уяад төрийн наадамд айрагдууллаа

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

-АХ-ын 89, Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ойн баяр наадамдаа их морь айрагдуулсан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэл үнэхээр их өндөр байна. Ах нь анх удаа төрийн наадамд морь уяж оролцож байгаа юм. Энэ жил манай компанийн 20 жилийн  ой тохиож байгаа. Тэр утгаараа хамт олноо  баярлуулъя гэдэг үүднээс морь уяхаар шийдсэн. Тэгсэн морь маань аман хүзүүнд хурдаллаа. Үнэхээр сайхан байнаа.
-Таны морины уяаг хэн тааруулсан бэ?
-Жамъяансүрэн гээд Төв аймгийн Архустай сумын уугуул залуу байгаа. Уяачаараа үнэхээр их бахархаж байна. Залуу хүн гэхэд уяаны эрдэмд үнэхээр сайн суралцсан.
-Морь орж ирэх тэр үед юу бодогдож байх юм?
-Наадмын өмнөх дунд сунгаанд түрүүлсэн юм. Тэр үеэс гайгүй сайхан давхичих нь дээ гэсэн бодол төрсөн. Яг наадмаар Цагаан хөтөл даваад ороод ирэхээр нь “за айрагдах нь тодорхой боллоо” гээд манайхан бүгдээрээ гараад гүйчихсэн. Анх удаагаа морь айрагдуулж байгаа болохоор учраа олохгүй байсаар очиход уяач маань түрүүлээд оччихсон байсан.
-Халтар морь хэдтэй вэ? Тань дээр ирэхээсээ өмнө ямар амжилт гаргаж байсан бэ?
-Энэ жил 10-тай адуу. Би ноднин авсан. Над дээр ирэхээсээ өмнө Багануур дүүрэг орчмын уралдаануудад гайгүй давхидаг байсан юм билээ. Гэхдээ аймаг, улсын наадамд уралдаж байгаагүй битүү шахуу адуу. Ер нь бол Сүхбаатар аймгийн Онгон сумын  Чулуун гэдэг хүний адуу. Хүү Хүрлээгээс нь авсан юм.
-Нэг хурдан адуу байна гэж дуулаад авахаар шийдсэн үү?
-Морь мал мэдэхгүй шууд хараад хурдан хурц гэж хэлэхэд хэцүү адуу л даа. Бид уяачтайгаа зөвлөлдөж байгаад авахаар шийдсэн. Ний нуугүй хэлэхэд улсад айрагдчихна гэж бодоогүй. Гэхдээ бид нэлээд сайн чармайлт гаргаж ажилласан л даа. Уяа нь таарсан адуу өөр болдог юм билээ. Анх ирснээсээ тэс өөр болсон. Сайхан хурдан буян.
-Өөр насанд морь мордуулсан гэсэн байхаа?
-Соёолон үрээ маань улсад 23-аар ирээд,  Багануур дүүргийн 30 жилийн ойд аман хүзүүнд давхисан. Даага маань улсад мөн 24-өөр ирээд Багануурт үндсэндээ аман хүзүүдсэн. 
-Их хурдад халтар морь дээгүүр давхиж байснаа суучих шиг болсон?
-Харин тэгсэн. Гэхдээ ах нь сэтгэл хангалуун байгаа.
-Та Алтай нутгийн хүү. Мэдээж таны бага нас адуу малтай ойрхон байсан байлгүй дээ?
-Тэгэлгүй яахав. Би хөдөө төрж өссөн хүн. Адуу малын дөртэй байлгүй яахав. Ирэх жил АХ-ын 90 жилийн ой болох гэж байна, компанийн маань ой болж байна гэдэг утгаараа энэ жил морь уралдуулахаар шийдсэн юм.
-Хэдхэн хоногийн дараа Алтайчууд 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Та морь давхиулах уу?
-Дэндүү давчуу учраас үнэхээр амжсангүй. Гэхдээ улсын наадамд халтар морь маань аман хүзүүдээд нутаг орны маань нэрийг гаргасан болохоор түүгээрээ бэлэг барьсан гэж ойлгож байгаа. Энэ дашрамд морь малын уяанд оролцож байсан бүх хүмүүстээ баярласнаа “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна