Адуу ханах засал

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

Мал амьтны судсыг тусгай багажаар хатгаж, цус гаргах ажилбарыг ханах засал гэнэ. Ханах засал нь эртний Монголоос улбаатай боловч өдгөө дэлхийн олон оронд түгэн тархжээ. Дорно дахины ардын эмнэлгийн заслуудаас ханах аргыг аливаа заслын дээд гэж үзсээр ирсэн бөгөөд малаас адуунд түлхүү хэрэглэж ирсэн нь уналга эдэлгээнд их ашигладагтай, мөн түүний биологийн онцлогтой холбоотой болно. Малын ханах заслыг ихэвчлэн хураагуур судсанд хийдэг нь өнгөц байрладаг, цус их алдах аюул бага, тогтооход хялбар, түүнчлэн нүүрсхүчлийн хий элбэгтэй цусыг нь гаргаж байгаа хэрэг бөгөөд эмчилгээний ач холбогдолтой юм. Малын судас ханах заслыг зуны тэргүүн сарын сүүлч, дунд сарын эхэнд буюу 5-р сарын сүүлч 6-р сарын эхээр хийдэг. Учир нь энэ үед мал ногоонд цадаж, хүч авах, тэнхээ тамиртай болдог учир цус алдсан ч нөхөн төлжих бололцоотой юм. Малын хануурын хутга, тэдгээрийг хэрэглэх нь Хануур хийхэд ган сайтай янз бүрийн хутга хэрэглэдэг. Хануурын хутга нь дунджаар 10-17 см урт, 03-1 см өргөн, мөрний зузаан нь 2-4 мм, зөвхөн үзүүртээ иртэй байна. Хаана ханахаас нь хамааруулан ирийг нь даавуугаар боох, эсвэл чиг мод ашиглан хатгах гүнээ тогтоодог. Ихэнх тохиолдолд хатгах ханахдаа судасны өнгөц гүнд  тохирсон төрөл бүрийн хутга бэлтгэн хэрэглэдэг. Хануурын том өргөн хутга нь 0.8—1 см өргөн 3 мм орчим мөртэй байх ба гүрээ дөрөөлөхийн болон цээжний хураагуур зэрэг бүдүүн судас ханахад хэрэглэнэ. Ханахдаа хутганы үзүүрийг ханах гүний хэмжээгээр илүү гарган хулс буюу нимгэн хус модоор хийсэн чиг модонд бэхэлж боон судасны нэг талын ханыг цоолох маягтай судасны уртын дагуу хатгадаг. Хануурын жижиг өргөн хутга нь үзэг хэлбэртэй, үзүүрийн өргөн нь 1 мм, мөрний зузаан нь 1-2 мм байна. Сүүлний үзүүрийн болон нулимсны судас мэт нарийн судас ханахад хэрэглэнэ.

                                                                                Доктор, профессор Д.Оргил  "Тод магнай" сэтгүүл №4

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.