МУ-ын Тод манлай уяач С.Ганхуяг: Их насны морины уралдааны хуваарийг өөрчлөх хэрэгтэй байна

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

-Төрийнхөө их баяр наадамд их морь айрагдуулсан танд  баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцаач ?
-Уяачдын унших дуртай “Тод магнай” сэтгүүлийн хамт олон та бүхэнд ч гэсэн баярын мэнд хүргэе. Энэ жилийн наадам нар хур тэгширсэн их сайхан боллоо. Яг үнэндээ  бороо орохгүй болохоор нь айж байлаа шүү.
-Манлай хичнээн адуутай ирсэн бэ?
-Зургаан насанд 20-иод адуутай ирсэн. Тодорхой шалтгааны улмаас зарим нэгийг нь давхиулсангүй. Гэхдээ нас насанд ганц нэг адуу давхиулсан. Азарганд Б.Цэндбаатарын “Тугал ухаа” айргийн тавд хурдалж, нэг азарга маань 13-аар давхисан. Г.Тэмүүлэнгийн хар шүдлэн айрагдаж, хязаалан 11-ээр,  Хүрлээгийн соёолон 20 гаргаад давхилаа. Манай галынхан иймэрхүү л амжилттай улсын наадамд наадлаа даа.
-“Дорнын унага” галынхан сүүлийн жилүүдэд морьдоо дангаараа сунгах болсон. Энэ жил хаана  сунгасан бэ? -Дорнодод морьдоо уяж байгаад наадмын өмнөхөн Төв аймгийн Архуст сумын орчим ирж сунгасан.

-“Их хурд”-д яаж наадав ?
-Хэдэн морь мордуулаад тэгсгээд өнгөрсөн.
-Тугал ухаа яагаад мордсонгүй вэ?
-Жаахан буруудах маягтай байхаар нь уралдуулаагүй.
-Тэгвэл улсад айрагдсан бор морь?
-Мордуулаад замынхаа дундаас татуулчихсан.
-Жил бүрийн наадам их моринд их халгаатай болох юм гэсэн нь ямар учиртай юм бэ?
-Тэр үнэн шүү. Уралдааны  хуваарьт  жаахан өөрчлөлт хиймээр санагдаад байгаа юм. Учир нь  улсын наадмын их насны морьд 11-ний үдээс хойш уралддаг. Мордох гэсээр байтал үд өнгөрөөд адууны хоол шингэчихдэг л дээ. Их морь бол бусдаас их өвөрмөц. Олон жил уралдаад сурчихсан мэдрэмж, хөөрөл ихтэй. Тийм болохоор өглөө барьсан л бол хоол иддэггүй. Идлээ гэхэд гараа руу явсаар байтал  идсэн жаахан хоол нь шингээд хоолгүй болчихдог. Эргээд наашаа хоолгүй уралдаад зарим нь замдаа эндэж, зарим нь ирээд эвгүйцэж, хөрвөөгөөд байдаг гэмтэй. Өөрөөр хэлбэл их насны морь үдээс хойш мордсоноос болж хүний олон сайхан хурдан буян эндэж байна. Энэ жил гэхэд гурван морь эндсэн. Нэг нь бүр алдартай хурдан буян. Бага нас бол уралдаж сураагүй болохоор харьцангүй гайгүй байдаг. Тиймээс дараа жилээс үүн дээр анхаарч их морио өглөөгүүр давхиулдаг болмоор байна. Та бүхэн үүнийг уламжилж өгөөрэй.
-Тэгэлгүй яахав. Санаа бодлоо хуваалцсан танл баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна