“Баатрууд тэнгэр” ХХК-ийн захирал Х.Цогтсайхан: Манайх дөрвөн үеэрээ төрийн наадамд морь айрагдуулсан айл

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

-Төрийн наадмын түрүү азарганы эзэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.
-Энэ жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Ах нь хар багаасаа адуу малтай ойр байсан малчин айлын хүүхэд. Бусдын жишгээр нэг хэсэг хөндийрч байгаад одоогоос  5-6 жилийн өмнөөс хурдан морины босоо цагаан хийморьт сүсэглэх болсон. Азарга түрүүлгэсэн хувь хүний бахдалаас гадна удам судрын маань тухайд дөрвөн үеэрээ төрийн наадамд морь айрагдуулсан гэдэг ховорхон завшаан тохиолоо.
-Тэгэхээр та чинь удам дамжсан уяач байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Манайх Наваанмөрийн Пад гэж хүний үндсэн гал голомтын айл. Аав маань энэ жил 91 настай аймгийн Алдар уяач хүн бий. Насан өндөр аавдаа ийм сайхан бэлэг барьсандаа ах нь их баяртай байгаа.
-Төрийн наадамд үе дамжин морь айрагдуулсан Падынхны гурав дахь үе Цэдэвийн Мэндсайханы хээр даага  1999 оны улсын баяр наадамд тавд хурдалж, тэднийх гурван үеэрээ төрийн наадамд морь айрагдуулсан хоёр айлын нэг нь болж байсан юм. Та аль талынх нь хамаатан билээ?
-Мэндсайханы өвөө аав Пад гэдэг хүн манай аавын ээж эд нар ах дүүсийн хүүхдүүд. Өөрөөр хэлбэл Пад гуайн аав Наваанмөр гэдэг хүний төрсөн дүүгийн хүүхдүүд л бид нар. Тэднийх их, бага гэсэн гэртэй байсан. Үндсэн гал голомт буюу их гэрийнх нь гал голомт манай аавынх.
-Томоохон наадмуудад ямар амжилттай наадаж байсан бэ?
-“Заамарын хурд” бүсийн наадамд соёолон үрээ дөрвөөр давхиулж байсан. Энэ жил Сүмбэн зээрд маань улсын наадамд түрүүлж, шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд гуравт хурдалсан.
-Азаргандаа хэр найдлага тавьж байсан бэ?
-Наадмын өмнөх сунгаануудад 4-5-аар давхиж байсан болохоор сайхан уралдчих байхаа л гэж бодож байсан.
-Азарга  түрүүлэн ирсэн тэр мөчийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Үнэхээр их догдолдог юм билээ. Маш их сандарсан байсан учраас тэр үеийнхээ үйл явдлыг нэг бүрчлэн санахгүй байна. Харин азаргаа цоллуулаад зогсож байхад нутаг ус, өвөг дээдэс маань эрхгүй бодогдсон.

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна