МУ-ын Тод манлай уяач А.Батсүх: Монгол наадам өндөр босготой

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

-Төрийнхөө наадамд азарга айрагдуулсан танд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Хишиг хүрэн таны унаган адуу бил үү?
-Тэгэлгүй яахав. Аварга дүүгийн маань унаган адуу. Эмэг эх нь Энгүй хүрэн гээд манай сайн гүү байсан юм. Энгүй хүрэний төл эр бол хурдан, эм бол сайн унага байдаг. Хишиг хүрэний эх бол түүний нэг төл нь. Харин эцэг нь Тэсийн голын унага байгаа юм. Бас их хурдан буян.
-Тангаа морь уяад хэдэн жил болж байна вэ?
-Морь уяад зүтгэсээр байтал 20 гаруй жил болчихсон байх юм. Цаг хугацаа ч хурдан юм даа. Арван найман наснаасаа эхэлж оролдоод 20 настайгаасаа анхныхаа айраг түрүүг авч байсан санагдаж байна.
-Томоохон наадмын анхны айргаа хэзээ авч байсан бэ?
-За наадах чинь их сайхан асуулт байна. Би 1990 оноос хойш 2004 оныг хүртэл хүртэлх 14 жилийн хугацаанд томоохон наадмуудад адуу оруулж үзээгүй явсан хүн. Энэ л бөх болно доо гэсэн хүүхэд наадамд 14 жил ойчоод л яваад байвал ямар байх билээ. Гэхдээ бөх хүн бол ийм удаан чангарахгүй л дээ. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр уяач гэдэг ийм өндөр босготой мэргэжил. 800 адуу уралдахад таван адууг л барина. Юу гэсэн үг вэ. Монгол наадам ийм өндөр босготой. Геннисийн номонд орохуйц өрсөлдөөнтэй, өндөр босготой ажил. Тиймдээ ч энэ олон мянган жилийн турш оршин тогтож, боловсрон хөгжиж ирлээ ш дээ. 14 жилийн турш махран зүтгэснийхээ үр дүнг 2004 оны наадмаар буюу төрийн наадам Хүй долоон худагт шилжсэн тэр жил амссан. Наадам  даага, шүдлэнгийн уралдаанаар эхэлсэн юм. Тэгэхэд ахынх нь унаган шарга даага хол тасархай түрүүлж, шүдлэнд Мөлгөр хул маань бас л хол түрүүлсэн. Ингэж нэг дор төрийн наадмын хоёр түрүүг хүртэж байлаа. Энэ өдөр би ёстой нөгөө магнайгаа хагартал баярлаж, өөрийгөө чимхээд, базаад “ би чадчихсан уу ” гээд итгэж ядаж байлаа.(инээв). Яагаад гэхээр баяр бахдалаас гадна уйгагүй хичээл зүтгэлийнхээ үр дүнг  амсана гэдэг үнэхээр сайхан юм билээ.
-Тэр тусмаа төрийн наадмын анхны түрүүгээ өөрийн унаган адуугаар авна гэдэг том омогшил биз?
-Тэгэлгүй яахав. Хүний нэг насаа зориулаад бэлдчихсэн, цус ген нь тохирчихсон адуугаар биш, өвөг дээдсийнхээ үлдээсэн буянгаар ийм амжилтанд хүрсэн нь том бахдал. Гэхдээ тэрхүү буянг сайжруулж, үржил селекци явуулсан. Аль л хурдтай гэсэн газруудаас адуу авсан, бүр Өмнөговиос хулангийн цустай адуу хүртэл авсан.
-Баярлалаа

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна