Хийморилог эрсийн шүтээн "Хишиг" хүрэн

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

Mонгол түмэндээ “жижиг” хэмээн алдаршсан МУ-ын Даян аварга Агваансамдангийн Сүхбат, түүний төрсөн ах аймгийн Алдарт уяач А.Батсүх нар  төрийнхөө их баяр наадамд өмтэй сайхан наадлаа. АХ-ын 89-н жил, Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ойн улсын баяр наадмын хурдан азарганы уралдаанд унаган адуу Хишиг хүрэн азарга нь айргийн гурваар хурдалж торгон жолоогоо өргүүллээ.
Агваансамдан гуайнх удам дамжиж ирсэн хурдан сайхан адуутай айл байсан хэмээн нутаг усных нь ам өрсөн ярилцдаг юм билээ.Тэдний адуунд охин унаганууд нь хурдан хүлэг гаргадаг, эр унаганууд нь хурдалдаг  Энгүй хүрэн хэмээх 23 насалсан гүү байсан байна. Энэ гүүний төлийнх нь төл хонгор гүүнээс гарсан унага бол Хишиг хүрэн юм. 1998 онд ах, дүү хоёр Увс аймгийн Тэсийн голын унага үзэхээр явж байхдаа хурдан Халтар азаргатай  Шагдар гэдэг хүнээс хязаалан халтар үрээ авч ирж байсан нь Хишиг хүрэний эцэг. Өөрөөр хэлбэл зүүн зүгийн гүүг, баруун хязгаарын азаргатай эвцэлдүүлж гаргасан цэвэр Монгол адуу юм. Их Монгол улс байгуулагдсаны 800-н жилийн ойн төрийнхөө их баяр наадамд  аман хүзүүнд хурдалж байсан Тахь хонгор даага, А.Батсүх уяачид төрийн наадмын анхных нь түрүүг авч өгч  байсан Мөлгөр хул зэрэг хурдан буянууд бол  Хишиг хүрэний төрсөн ах нар билээ. Хишиг хүрэн Сүхбаатар аймгийн төрийн тахилгат “Алтан овоо”-ны наадамд айрагдаж,  дараа жил нь буюу АХ-ын 88-н жилийн улсын баяр наадмаар есөд хурдалсан байдаг.  Эндээсээ Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 370-н жилийн ойн баруун бүсийн уралдаанд айрагдаж өнөө жилийнхээ баяр наадмаар айргийн гуравт хурдалсан даруухан амжилттай. Шинэ цагийн Монгол адуутай шандас сорьж буй цэвэр Монгол хүлэг бол аймгийн Алдарт уяач А.Батсүхийн уяа сойлгыг нь тааруулсан, МУ-ын Даян аварга А.Сүхбатын Хишиг хүрэн юм. Хийморилог эрсийн шүтээн Хишиг хүрэний амжилтын цуваа үргэлжлэх цаг дор сүсэглье.

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна