Аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар: Бурханаас заяасан хурдан буянгаа заръя гэж боддоггүй

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

-Шарга азарга уралдахгүй гэсэн мэдээлэл гарсны дараа тэгвэл Тугал ухаан наадам болжээ гэсэн яриа хүртэл гарсан байсан. Гарсан цагаасаа өнгөлж явсан хэр нь үзүүр дээр суучихлаа. Ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Би ч бас бодож байсан л даа. Түрүүлэхээ байг гэхэд гурваас хойшлохгүй байхаа гэж. Тэгсэн жаахан дутчихлаа. “Их хурд”-д уралдуулна гээд жаахан дутуудуулсан тал бий нь бий. Ерөнхийдөө уяа ханаж мордоогүй л дээ. Одоо “Их хурд”-даа уралдчихвал болно доо. Ийм сайхан хурдан буянг бас жаахан  гамнаж байхгүй бол болохгүй л дээ. Манай “Дорнын унага” галын хувьд хотоос нэлээд зайдуу зусаж өөр хоорондоо л морио сунгаж байсан. Морьд цөөхөн болоод ажил муу авч байсан юм болов уу гэж өнөөдөр эргээд бодож сууна. Бандгаагийн бор морь сунгаанд байнга түрүүлж байсан учраас би бараг түрүүлчих болов уу гэж харж байсан дөрөвлөлөө.
-Эрлийз адуунуудтай эн тэнцүү уралдаж байгаа Монгол адуу гэдгээрээ бас олны анхаарлыг татдаг байх?
-Хул азаргаа би бурханаас заяасан хурдан хүлэг гэж боддог. Бид хоёр нийлэх хувь заяатай л байсан байх.
-Сайн морь эзнээ хайж явдаг гэдэг үг бий. Мөн хүлэг эзэн, хүүхэд гурвын хийморь цогцолж байж давхидаг ч гэдэг. Яагаад та ухаа үрээгээ зарсан юм бэ?
-Гэмгүй явдаг хуурай ах дүүгийн хувьд төрийн наадамд  ухаа үрээгээ таны нэр дээр уралдуулъя л гэж ярилцсан юм.
-Ажнайн Бат-Эрдэнэ 150.000 доллараар Тугал ухааг авч, моринд шинэ шинэ тогтоолоо хэмээн нэлээд эртнээс шуугисан даа?
-Өө тийм юм байхгүй ээ. Мөнгө төгрөгний талаар ярьсан юм байхгүй. Хүмүүс байсхийгээд л ийм яриа гаргадаг юм.  Бурханаас надад заясан хурдан хүлгийг заръя ч гэж боддоггүй.
-Азарганы тань төл бий юу?
-Энэ жил таван гүү унагалснаас хоёр нь эр. Дараа жилээс уралдах байх гэж найдаж байгаа. Тэгээд ч хул азарга маань над дээр байна л даа.
-Цэндбаатар уяачийн хувьд хэзээнээс морь уях болсон бэ?
-Өө бүр багаасаа дөрөвдүгээр ангид байхаасаа л нутгийнхаа хөгшдөд загнуулаад морь уядаг байлаа. Тэр сайхан хөгшчүүдээс зөндөө ихийг сурч мэдсэн. Түүнийхээ хүчээр өдий зэрэгтэй яваа гэж боддог шүү. Манай өвөг эцэг Самбуу гэж хүн байсан юм гэнэ лээ. Их хурдтай айл байсан гэдэг. Тэрний суурь бий. Дээр нь гадаадаас ганц нэг азарга авчраад сайн гүүнд хураалгаж үржил хийж байна даа.
-Ингэхэд улс бүсийн наадмаас хичнээн айраг түрүү хүртээд байгаа вэ?
-Улс бүсийн наадмаас нийлээд долоон айраг түрүү хүртээд байна.
-Таны дараагийн уралдаанууд?
-“Их хурд”, тэгээд дараа нь Хэнтий рүү явах болов уу даа. Гэхдээ морьдоо харж байж болноо.
-Баярлалаа. Амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна