Шинэхэн Алдартын урам бор

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

МУ-ын шинэхэн Алдарт уяач Ховд аймгийн Дарви сумын уугуул Батчулууны Мөнхтөр өнөө жил өмтэй сайхан наадаж байгаа цөөхөн уяачдын нэг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Түүний 19 настай өвгөн хээр морь төрийнхөө наадамд зургаалж, шигшмэл хурдан морьдын “Их хурд-V ” уралдаанд айргийн тавд хурдлан моринд хайртай Монгол түмний магнайг тэнийлгэсэн билээ.
Сүүлийн хэдэн жил бага насны морьдын уралдаанд шинэ цагийн Монгол адуу ноёлох болсон бөгөөд ясны хурдан заяат эрлийз адуунуудтай Монгол хүлгийн шандсыг заан өрсөлдөж, Монгол хүлэг, Монгол эр хоёр хийморьтой гэдгийг батлан харуулж байгаа хүлэг бол улс, бүсийн наадмаас дөрвөн айраг хүртээд буй МУ-ын Алдарт уяач Б.Мөнхтөрийн хар бор үрээ билээ. Угийн өсгөлүүн бие хаа томтой бор үрээг зарим нэгэн нь эрлийз гэж андуурах нь бий. Гэсэн хэдий ч хар бор үрээний эх нь Сүхбаатар аймгийн Асгат сумын адуу бол эцэг нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын унаган хүлэг юм.
Бор үрээ даагандаа улсын наадамд 25-д давхиж байсан бол  шүдлэндээ дөрөвт хурдлан төрийн наадмын анхны айргаа хүртсэн билээ. Энэ цагаас морь сонирхогчдын хараанд өртөж тааварт яригдах болсон юм. АХ-ын 88-н жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдааны  айргийн гурав, Төв аймгийн Баянцогт сумын 80 жилийн ойн баяр наадмын түрүү, Баянхонгор аймагт зохиогдсон Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой Хангайн бүсийн даншиг наадмын аман хүзүүний эзэн болсон бор үрээний амжилтын цуваанд өнөө жилийн баяр наадмын хурдан соёолонгийн айраг нэмэгдэж энэ цагийн эрхгүй хурдан ажнай болох нь дахин нотлогдлоо.
Монгол хүлгийн шандсыг, Монгол төрийнхөө наадамд, Монгол  түмнийхээ нүдэн дээр батлан харуулсан Алдарт уяач Б.Мөнхтөрийн хар бор үрээний хийморь дор сүсэглэхгүй байхын аргагүй ээ.

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна