Их аваргыг ирлэсэн эрэмгий бор

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

АХ-ын 89, Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ойн баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд айргийн тавд хурдлан сумогийн Их аварга Д.Дагвадоржийн нэрээр цоллогдсон бор үрээ Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул Базарсадын унаган адуу. Шүдлэндээ сумынхаа 80 жилийн ойд түрүүлж, тэр хавийнхаа наадмуудад хэд хэд айрагдаж, “Нийслэлийн хурд”-д аман хүзүүнд хурдалж байсан хурдан буян. Бор үрээг хязааландаа Дорнодын Цагаан-Овоод болсон бага гурван насны уралдаанд гуравлахад нь одоогийн эзэн Ховд аймгийн Мөст сумын уугуул, “Ану сервис” компанийн захирал Б.Буяннэмэх 6 сая төгрөгөөр худалдан авчээ. Тэр жилээ улсын наадамд наймаар давхиж, Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн баяр наадамд арваар давхиж моринд хайртай эзнийхээ магнайг тэнийлгэж байсан гэдэг. Харин бар жил гарсаар “Макс” группийн нэрэмжит соёолонгийн уралдаанд түрүүлж, наадмын өмнөх сунгаануудад тогтмол өнгөнд хурдалж эзнийхээ сэтгэлд баярын оч асааж байв.
Жороо морь цуглуулдаг өвөөгийнхөө шийрийг хатааж хурдан морины босоо цагаан хийморьт сүсэглэх болсон Б.Буяннэмэх  гурван жилийн өмнө Алтангэрэлийн алдарт хүрэн үрээг чамгүй өндөр үнээр худалданд авч хурдан морины ертөнцөд хөл тавьж байсан нэгэн. Юм дуулгана хэмээн битүүхэн найдаж байсан хурдан үрээгээ Б.Буяннэмэх наадмын өмнөхөн багын найз, галд нь шинээр элссэн сумогийн Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн нэр дээр уралдуулахаар шийдэж андын жудаг гаргажээ.  Их аваргын хийморийг бадрааж айргийн тавд хурдалсан бор үрээ эзэндээ улсын наадмын анхны айргийг амсуулсан нь энэ. 13 жилийн дараа анх удаа эх орондоо наадсан аваргад урам хайрлаж моринд эргэлт буцалтгүй оруулсан бор үрээний талаар бид дараагийн дугаартаа дэлгэрэнгүй дуулгах болно.

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна