МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ: Төрийн наадамд морь түрүүлгэнэ гэдэг эр хүний аз хйиморь байдаг юм байна

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 26 -нд

-Төрийнхөө их баяр наадамд хязаалан түрүүлгэсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Сэтгэл өндөр, үнэхээр сайхан байна. Төрийнхөө их баяр наадамд морь түрүүлгэнэ гэдэг эр хүний  аз хийморь, лундаа заяа байдаг юм байна. Энэ бол миний улсын баяр наадмын анхны түрүү. Эр хүн ховор уйлдаг  гэдэг ч ийм үед өөрийн эрхгүй  нулимс гардаг юм билээ. Энүүхэндээ гэж хэлэхэд сэтгэл огшоод асгартлаа уйлсан. Миний аав Хадбаасан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул. Аавдаа “хүүгийнх нь морь түрүүлчихлээ” гээд хэлэхэд надтай утсаар ярьж чадахгүй уйлаад л байсан. Би ер нь хэр баргын юман дээр уйлаад байдаггүй  хүн л дээ. Тэгсэн өнөөдөр үнэхээр болсонгүй.
-Эр хүний жаргал эдлүүлсэн эмээлт хүлгийнхээ угшил гарвалын талаар танилцуулаач?
-Миний  энэ халтар үрээ Манлай уяач Ганхуяг буюу Бандгаагийн унаган адуу. Уяа сойлгыг нь Ган-Очир гэдэг залуу тааруулсан. Шүдлэндээ уяа нь дутаад улсын наадамд хорь гарч давхисан ч, Баянхонгор аймагт болсон  Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий
 гийсний 370 жилийн ойн Даншиг наадамд аман хүзүүдсэн. Энэ жил хаврын уралдаануудад ч  сайн давхиж, наадмын өмнөх сунгаануудад байнга өнгөлж байсан болохоор ерөнхийдөө их найдлага тавьж байсан л даа.
 -Халтар үрээ таны улсын наадмын анхны түрүү ч бүсийн наадмуудад одтой сайхан наадаж байсан санагдана?
-Тэгэлгүй яахав. Би хурдан морь сонирхож уяах болсоор гурван жил болж байгаа хэдий ч улсын наадмаас нэг түрүү, нэг айраг, бүсийн наадмаас зургаан айраг хүртчихсэн байна. /Энэ жилийн бүсийн наадмуудыг тооцохгүйгээр/ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Амаржаргал гэдэг хүний унаган адуу хүрэн халзан морь маань надад бүсийн наадмын анхны түрүүг авчирч, өм нээгдэж байлаа.
-Хэдэн онд вэ?
-2007 оны Хэрлэнгийн хөдөө арлын наадамд түрүүлж байсан.  Даншиг халзан гээд хүрэн халзан морь бий.
-Таны өвөг дээдэс морь сонирхдог хүн байсан гэж сонсож байсан юм байна?
- Миний өвөө Төмөржаа гэж  олон жил морь уясан,  МУ-ын Алдарт уяач цолтой хүн байсан. Миний ээж морин тойруулгын анхны спортын мастер Т.Цэрмаа гэж хүн бий. Ийм сайхан хүмүүсийн дэргэд өссөн болохоор багаасаа хурдан морь сонирхдог, унадаг хүүхэд байсан. Монголын хурдан морины түүхэнд жаахан ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.
-Баярын сэтгэгдлээ хуваалцсан танд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл дугаар №7

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна