Ардын хувьсгалын 78 жилийн ойн баяр наадмын тойм

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 26 -нд

Ардын хувьсгалын 78 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 320 гаруй азарга гараанаас мордлоо. Газар газрын шандаст хурдан хүлгэдээс:
Монгол улсын Тод манлай уяач Г.Сандуйжав уяж сойсон Идэр хээрээ түрүүлгэж, удамт гарамгай уяач гэдгээ харууллаа. Харин аман хүзүүнд Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн буурал, Монгол улсын Манлай уяач Д.Сундуйн өлгөр хээр, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Н.Аръяадагвын халтар, Монгол улсын Алдарт уяач О.Жамъяндоржийн буурал духт тус тус айргийн таваар оржээ.

Их нас
1. Монгол улсын Манлай уяач Д.Ганбаатарын зээрд  халзан улсынхаа наадамд хоёр дахь удаагаа түрүү магнайд хурдалсан юм.
2. Аймгийн Алдарт уяач Б.Винтовын хонгор
3. Монгол улсын Манлай уяач Ц.Баастын хонгор халзан
4. Төв аймгийн Сэргэлэн сумын Нямцэрэнгийн хонгор
5. Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн хээр айргийн таваар оржээ. Энд дурдахад их насны морьд будилсан нь төрийнхөө наадмыг зорьж ирсэн  уяач нарыг сэтгэл гундуухан буцахад хүргэж байсан удаатай.

Харин соёолонгийн уралдаанд 380 гаруй мордсоноос: Монгол улсын Алдарт уяач Н.Гончигдоржийн сартай хүрэн түрүү магнайд хурдаллаа. Харин аман хүзүүнд төв аймгийн Борнуурын Элдэв-Очирын хонгор орсон бол удаах байранд Монгол улсын Манлай уяач Ц.Баастын хонгор халзан удаалжээ. Айргийн дөрөв, таваар Улаанбаатар хотын харьяат Пүрэвсүрэнгийн хонгор, Монгол улсын Тод манлай уяач Д.Даваахүүгийн уяж сойсон, “Сүү” ХК-ийн дэд захирал Чинзоригийн өлгөр хүрэн хурдлан хурсан олон наадамчдыг баясгалаа. 

Хязаалан - 344
1. Монгол улсын Манлай уяач Т.Монхорын хээр
2. Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Доржпүрэвийн хүрэн
3. Сэлэнгэ аймгийн Баянголын Ганхуягийн хүрэн.  Энэ хүрэн үрээ нь монголын цөөхөн эмэгтэй уяачдын нэг болох Монгол улсын Алдарт уяач Хорлоодойн угшилтай.
4. Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн хонгор
5. Сүхбаатар аймгийн Мөнххаан Намжилдоржийн хул үрээ айргийн тавд хурдаллаа.  

Шүдлэнгийн уралдаанд 260-аад үрээ мордсоноос Монгол улсын Манлай уяач Ц.Онгуугийн хээр, хүрэн тус тус түрүү, аман хүзүүнд давхилаа. Монгол улсын Манлай уяач Т.Монхорын хонгор айргийн гурваар, Монгол улсын Манлай уяач Б.Содномцогийн хээр дөрвөөр, аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбатын хээр айргийн таваар тус тус оржээ.

Даага - 285
1. Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны хүрэн
2. Аймгийн Алдарт уяач Д.Тогоогийн хүрэн
3. Аймгийн Алдарт уяач Х.Цогнойжамцын хонгор
4. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Ганпүрэвийн сартай зээрд 
5. Төв аймгийн Сэргэлэн сумын Ц.Мэндсайханы зээрд айргийн таваар хурдалсан билээ.

20-р зууны отгон наадмаар сурынхан тун ч одтой наадаж, олон шинэ амжилтыг бичин, түүхийн шаргал хуудаснаа үлдээсэн юм. Хамгийн олон буюу 200 гаруй харваач цэц мэргээ сорьсон юм. Монгол улсын Даваахүү тав дахь удаагаа төрийнхөө наадамд түрүүлсэн бол Идэрчулуун хүү спортын мастерын болзол хангалаа. Харин эмэгтэйчүүдээс Монгол улсын даяар дуурсах мэргэн Мөнхцэцэг зургаа дахь удаагаа түрүүлэн, энэ зууны амжилтаа бататгасан билээ. Тэгвэл Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ хүчит 512 бөх зодоглосноос шөвгийн дөрөвт Монгол улсын Даяар дуурсагдах дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол улсын заан Г.Өсөхбаяр, Монгол улсын заан Д.Сумъяабазар, Монгол улсын начин Ганбат нар үлдсэн юм. Үзүүр түрүүнд Б.Бат-эрдэнэ аварга, Д.Сумъяабазар нар тунаж, 11 дэх удаагаа Бат-Эрдэнэ түрүүлэн, залуу заан хоёр дахь удаагаа төрийнхөө их баяр наадамд үзүүрлэсэн билээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна