Х.Бат-Эрдэнэнийн халтар

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 26 -нд

Ардын хувьсгалын 89-н жил, Их Монгол  байгуулагдсаны 804 жилийн ойн төрийн их цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд
“Алтай констракшн”-ы Ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийн халтар үрээ магнайдаа тоосгүй түрүүлэн ирж наадамчин олноо баясгалаа. Халтар үрээ МУ-ын Манлай уяач Бандгаа хэмээх Ганхуягийн унаган адуу бөгөөд эцэг нь Англи Кадердины Станбул нэртэй азарга юм. Манлай уяач 1992 оны улсын наадамд айрагдсан хээр азаргандаа Төв аймгийн Баянцогт сумын гаралтай Зэгэл гүүг хураалгасан бөгөөд тэдний дундаас хонгор зүсмийн охин унага гарсан нь өнөө жилийн улс бүсийн наадмын түрүү халтар үрээний эх аж. Халтар үрээг дааганд нь Төв аймгийн Ган-Очир гэдэг залуу авсан бөгөөд шүдлэндээ улсын наадамд 20 гаргаж давхиад, Дорнодын зүүн бүсийн наадамд аман хүзүүдэж байсан хурдан буян. Хурд нь танигдсан хүлэг наадмын өмнөхөн Ган-Очироор биш Бат-Эрдэнээр овоглох болсон билээ.
 “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ сүүлийн үед тогтмол өмтэй сайхан наадаж байгаа уяачдын нэг бөгөөд түүний хээр шүдлэн нь  түрүү жил Баянхонгор аймагт болсон Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн баруун бүсийн даншиг наадамд айрагдаж байсныг морь сонирхогчид маань санаж байгаа байх. Өнгөрсөн өвөл энэ хээр үрээ, халтар үрээ хоёр их хурдан байсан бөгөөд Халтар үрээ наадмын өмнөх бүх сунгаануудад өнгөлж байсан нь  эзний сэтгэлд улсын наадмын ээлжит айргийн хүлээлтийг бий болгосон бизээ. Залуу уяач хээр үрээгээ өнөө жил өнжөөн, халтар үрээгээ уясан ба МУ-ын Алдарт уяач Бат-Өлзий уяа сойлгыг нь тааруулж улсын наадам болон төрөлх нутаг Говь-Алтай аймгийн  70-н жилийн ойн баруун бүсийн даншигт түрүүлүүлээд байгаа нь энэ.
 Улсын наадмын  хязааланг гарааны зурхайгаас  магнайдаа тоосгүй хөтөлж, тавилангийн үзүүр дээр тарласаар орж ирсэн халтар үрээг жудагтай Монгол эрс уухай хадаан угтсан юм.

"Тод магнай" сэтгүүл дугаар №7

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна