“Сүмбэр” группийн Ерөнхий захирал С.Батаа: Унаган адуу хардлаад бахдалтай сайхан байна

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 26 -нд

- Эрлийз адуутай эн тэнцүү уралдсан цөөн хэдэн Монгол адууны нэг нь таны үрээ байлаа. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Наадмын өмнөх сунгаануудад ч тэр эрлийз адуунуудтай өөрийн чинь хэлснээр эн тэнцүү уралдаж байсан. Баяр наадмаар ч гэсэн урамтай сайхан уралдлаа. Унаган адуунууд хурдлаад үнэхээр бахдалтай сайхан байна.  Хязаалан үрээ маань төрийн наадамд айргийн гуравт хурдалж, шүдлэн үрээ маань Зүүн бүсийн наадамд түрүүлсэн. Сэтгэл үнэхээр өндөр байна.
- Уяач хүний бас нэгэн бахархал нь унаган адуу айрагдах байдаг л даа?
-Тэгэлгүй яахав. Ах нь 17, 18 жилийн өмнөөс гүү азарга нэлээд цуглуулсан. Тэрний маань үр дүн одоо гарч байна даа. Улсад айрагдсан хүрэн  үрээ маань цэвэр Монгол адуу.  Эцэг нь Тогоруу хар азарганы хүүхэд, Шийтэрийн зээрд азарганы уралдаанд түрүүлж байсан манай нэг хурдан азарга байсан юм. Эх нь мөн адил манай унаган гүү. Даагандаа улсын наадамд 25, шүдлэндээ 16-т давхиж байсан. Хурдан гэдгийг нь мэддэг байсан болохоор өөр наадамд уралдуулалгүй гамнадаг юм. Сайн адуугаар олон жил наадах бас сайхан шүү дээ.
- 20-иод жил хурдан морь уяж, хусуур сойн бүсэлж явсныхаа үр дүнг амсах сайхан байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Улсын наадмын дов гэдэг хатуу шүү дээ. Ах нь 18 жилийн дараа төрийн наадмаас анхны айргаа амсаж байна. 1995 оноос хойш улсын наадамд тасралтгүй уралдаж байна.
20-30 орчимд л давхидаг байсан. Энэ жил уяачаа солиод арга барилаа өөрчилсөн. Миний үрээний уяа сойлгыг олноо Дааган хэмээн алдаршсан Цэндээ буюу Цэнд-Аюуш уяач тааруулсан. Уяачдаа энэ дашрамд талархлаа илэрхийлмээр байна.
- Морь орж ирж байх тэр агшинд нэлээд догдолсон харагдсан. Та ер нь хэр сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн бэ?
-Уг нь бол гайгүй л дээ. Үрээ маань сайн болохоор найдлага тавьж л байлаа. Тэгээд Цагаан хөтөл даваад ирэнгүүт нь морьтой хашаа руу дөхсөн. Баярлаад өөрийнхөө ямар байсныг сайн хэлж мэдэхгүй л байна. Ямар ч байсан төв цэнгэлдэхэд морио цоллуулаад зогсож байх тэр агшныг ах нь их олон жил хүлээсэн. Тэр мөч амьдралын мартагдашгүй хором болсон доо. Харин сая Хэнтийд нэг хөгтэй юм болсон. Машин дээрээ суугаад морь дурандаж байсан юм. Зарлаагүй байж байгаад гэнэтхэн үрээ маань түрүүлчихснийг мэдээд сандарсандаа машиныхаа хамар луу гүйгээд буучихсан. Би чинь бас нэлээд жинтэй хүн шүү дээ. Тэгэхэд дэвхрээд л буучихсан байгаа юм. Дараа нь бодоод инээд хүрч л байлаа.
- Улсын наадмыг бүсийн уралдуунууд залгасан. Хаашаа явж наадсан бэ?
-Хэнтий аймагт болсон зүүн бүсийн наадамд явж наадаад хүрэн шүдлэнгээ түрүүлгэлээ. Нутаг орныхоо нэрийг гаргаад сайхан л байлаа.
- Тэгэлгүй яахав. Сэтгэгдлээ хуваалцсан танд баярлалаа.
 -Та бүхэнд ч гэсэн баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл дугаар №7

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна