С.Батаагийн "Үүц" хүрэн

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 26 -нд

Улсын наадмын хурдан морины уралдаанд, тэр дундаа бага насанд шинэ цагийн Монгол адуу “ноёлох” болоод багагүй хугацаа өнгөрч байна.Төрлөхийн хурдан заяат эдгээр хүлгүүдтэй  эн тэнцүүхэн уралдана гэдэг бол Монгол морины шандас, шөрмөсийг шалгасан хүндхэн даваа билээ.Тэгвэл өнөө жилийн улсын баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд “Сүмбэр” группийн Ерөнхий захирал С.Батаагийн  идэрхэн Монгол хүлэг, эрлийз адуутай хүчийг үзсээр айргийн гурваар хурдлан ирж, Монгол эрчүүдийн зүрхийг огшоогоод авсан. Хүрэн үрээ С.Батаа уяачийн унаган адуу бөгөөд эцэг нь Шийтэрийн зээрд азарганы уралдаанд түрүүлж байсан Тогоруу цустай хар азарганы төл хүрэн азарга юм. Эх нь мөн л уяачийн унаган адуу.
Хүрэн үрээ даагандаа улсын наадамд 25-аар, шүдлэндээ амжилт нь урагшилж 16-аар ирж байж. Тиймээс хурдан хүлгээ гамнаж, улсын наадамд нөөсний эцэст “үүц” задарч байгаа нь энэ. С.Батаа 1995 оноос улсын наадамд тасралтгүй уралдаж, 18 жилийн дараа төрийнхөө наадмаас анхны айргаа ийнхүү авсан юм. Хурд нь тодорсон шинэ цагийн Монгол хүлгүүдтэй цэвэр Монгол адуу уралдуулж, төрийнхөө наадмаас анхныхаа айргийг авна гэдэг дуртай аавын хүүд олдоод байхгүй аз хийморь. Энэ хувь С.Батаа уяачид тохиож байгаа нь олон жилийн зүтгэл, халуун хошуут сүргийнх нь хийморь гэлтэй. Эзнийхээ удаан хүлээсэн хүслийг биелүүлсэн, эрэмгий Монгол хүлгийн уяа сойлгыг  олноо Дааган  хэмээн алдаршсан Цэнд-Аюуш уяач тааруулсан юм.

"Тод магнай" сэтгүүл дугаар №7

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна