МУ-ын Алдарт уяач Б.Содномцог: Монгол адууны хурдлах чадварыг дээшлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 26 -нд

- Алдарт нэлээд хэдэн жилийн дараа төрийн наадмаас айраг хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

- Төрийн наадмын дэвжээ хатуу шүү дээ. Энэ жилийн наадмаар Монгол улсын хэмжээнд  20 гаруй мянган уяачид 100 гаруй мянган хүлэг уралдаж байгаа гэсэн. Тэгэхээр хэн дуртай нь морь оруулдаг амар ажил биш байгаа биз. 2007 онд Чойрт болсон бүсийн наадамд алдарт хар азарганы маань төл халзан азарга маань түрүүлээд, тэрний хүү халзан үрээ маань шүдлэнд тавласан. Түүнээс хойш янз бүрийн шалтгаанаар улс бүсийн наадмуудад амжилт үзүүлж чадсангүй. Морь уяж эхэлснээс хойш улс бүсийн наадмаас гурван түрүү, 11 айраг хүртсэн байдаг юм. Энэ 14 дэх айраг нь болж байна. Аймаг, сумын наадмуудыг оролцуулбал тоогоо алдсан байхаа.

- Энэ жилийн наадам ер нь ямархуу болж байна?

- Монгол түмний хүсэн хүлээж байсан, нар хур тэгширсэн, үнэхээр сайхан наадам болж байна. Манай Монголын нийт малчид ард түмэн хур их хүссэн шүү. Саяын олон хоногийн халуунд хүн малгүй хөдөө гадаагүй тариатай будаатайгаа хүндрэх шахлаа. Гэхдээ Монгол түмний маань буян заяа түшиж нартай хуртай сайхан наадам болж байна.

- Халзан үрээ хаанахын ямар угшлын адуу вэ?

-Цахиур халзан шинэ Монгол адууны төл. Бидний олон жилийн хөдөлмөрийн үр дүн. Эх нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, яруу найрагч Төмөр-Очирын унаган адуу. 4-5 жилийн өмнө авчирсан юм. Эцэг нь ОХУ-ын  морин заводаас авчирсан Англи азарга байгаа юм. Одоохондоо бидний гарган авч байгаа адуу Монгол газар шороонд төдийлөн зохицолтой бус байгаа ч яваандаа бэлчээрийн маллагаатай зохицсон адуу болж чадна гэдэгт итгэлтэй байна. Нэгэнт шинэ Монгол адуу гэж ярьсан дээр нэг зүйлийг хэлмээр байна л даа. Монгол адууны цусыг сайжруулах ажил саяхнаас хийгдээд байгаа юм биш. Хүмүүс тэгж буруу ойлгоод байх юм. 200 гаруй жилийн өмнө Халхын өвгөн ноён Пүрэвжав гэж хүн гадны цэвэр үүлдрийн адуугаар Хэнтий, Дорнодын Жонон вангийн адууг сайжруулснаар Галшир угшлын адуу бий болсон түүхтэй. Ардын хувьсгалаас хойш ч гэсэн төр засгийн зүгээс удаа дараагийн бодлоготойгоор Монгол адууг сайжруулах талаар олон арга хэмжээ авсан байдаг юм. Гэсэн хэдий ч дахин цус сэлбэх шаардлагатай болж, үүнийг шинэ цагийн залуучууд сайн анзаарч, түүний төлөө ажиллаж байна. Хүмүүс эрлийз адуу гэхээр их эмзэглэдэг. Яг үнэндээ шинэ цагийн Монгол адуу бүх нутагт тархан үржинэ гэвэл худлаа. Эрчимжсэн бус нутгуудад л хөгжих боломжтой.  Тиймээс Монгол адууны цус генийг өөрчилнө гэж айлтгүй.

- Алдарт айраг, түрүү амжилт гэхээсээ илүүтэй адууны угшлыг сайжруулах тал дээр анхаарч байгаа юмаа даа?

-Нэгд би мэргэжил дөхөм хүн. Хоёрт энэ талын судалгаа хийдэг. Тэгэхээр сүүлийн жилүүдэд Монгол адууны хурдлах чадварыг дээшлүүлэх талаар жоохон юм хийе, өөрийн хувь нэмрээ оруулъя гэсэн бодолтойгоор ажиллаж байна. Гадны алдартай хурдан удмын азаргануудыг авчирч үржил хийж байна. Тэрний маань үр дүн гарч байна. Ганцхан жишээ хэлэхэд л шүдлэнгийн айргийн таван адууны гурав нь миний оролцоотой адуунууд байх жишээтэй. 1000 долларын бооцоот уралдаанд айрагдсан даагануудын гурав, дөрөв нь миний авчирсан азаргануудын төл байсан.

- Баярлалаа. Амжилт хүсье.

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.