“Бэлон” компанийн Ерөнхий захирал Р.Баатархүү: Дэлгэр хээр маань энэ жил таргадаад сайн давхисангүй

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 27 -нд

- Найр наадам шувтарч, намрын ажил эхэлж байна. Энэ зун хэрхэн наадсан бэ?
- Наадмын өмнө Төв аймгийн Баянцагаан сумын наадамд Цахиур хул азарга маань түрүүлж, Дэлгэр хээр морь маань аман хүзүүдсэн. Улсын наадамд хээр морь маань дундуур давхиж, Цахиур хул маань 23-аар хурдалсан даа.
- Энэ жил ер нь зургаан насанд хичнээн адуу уясан бэ?
- Манай галын хувьд 20 гаруй адуу уясан. Харин миний хувьд зургаан насанд зургаан адуу л уясан. Азарга, их наснаас бусад адуунууд маань сайхан дундуур давхисан.
- “Буянт хүлэг” галынхан тань хэрхэн наадсан бэ?
- Моринд дуртай найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа нийлээд “Буянт хүлэг” галаа байгуулсан. Манай компанийн дэд захирал Пүрэвдорж, Ерөнхий менежер Пүрэвхүү, Дашдаваа, Алтанхуяг, Мөнхөө гээд олон залуучууд манай галд морио уядаг. Галын уяачаар Сүхбаатар аймгийн харьяат Энэбишийн Ууганбаяр гэж залуу уяач ажилладаг. Манай галын уяач олноо “зүрхний” хэмээн алдаршсан гавьяат Баасанжав эмч  маань нутагтаа буюу Ховд аймгийн Цэцэг сумандаа очиж айраг түрүүтэй сайхан наадсан байна лээ. Түүнээс гадна наадмын өмнө манай гал уяанаас зарагдсан хоёр адуу Өмнөговь аймагт хоёулаа айрагдсан байна лээ.
- Гурван жилд нэг болдог шигшмэл морьдын “Их хурд” болон таван ч бүсийн наадамтай ер нь уралдаан олонтой жил байлаа. Баяр наадмуудын талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? Хаанахын наадам илүү өргөн дэлгэр болов?
- Би олон наадамд яваагүй ээ. Бүсийн наадмуудаас ганцхан Хөвсгөлд л азаргаа уралдуулсан. “Их хурд-5” Улаанбаатар хотод болсноороо зардал багатай их зүгээр болсон гэж бодож байгаа. Олныг хамарч, хурдан морь сонирхогчдын хүртээл болж чадлаа. Энэ их чухал шүү дээ. Яагаад гэхээр уяачид бид чинь түмэн олноо баясгах гэж л морь уядаг. ММСУХ маш сайхан зохион байгуулсан. Ер нь жил ирэх тусам наадам уралдаануудын чансаа сайжирч шинэ залуу уяачид олноор түрэн гарч ирж байгаа нь сайшаалтай.
- Өнгөрсөн жилийн их насны түрүү Дэлгэр хээр энэ жил хүлээж байсанчлан сайн давхисангүй?
- Өвөл уралдуулаагүй, унаж эдлээгүй ер нь жаахан тарган байсан. Тэгээд хүчийг нимгэлж чадсангүй. Хурдан хурц болохоор нь хайрлаад тэр болгон гар хүрч чадахгүй юм байна шүү дээ.
- Их хурдад уралдаагүй юу?
- Уралдуулаагүй ээ. Улсын наадмын дараа шууд тавьсан. Дотуураа нэлээд тарган байсан л даа. Ажил хийхээр гаднаасаа л нимгэрээд байдаг. Тэгээд энэ жилдээ тавьсан нь дээр гэж үзсэн. Харин Цахиур хул маань Хөвсгөлд болсон Хотгойдын хурдад арваар давхисан. Одоо бол амарч байна.
- Нээрээн Цахиур хул энэ жилийн Их хурдын түрүү азарга хоёр эцэг нэгтэй гэдэг үнэн үү?
- Үнээн, улс хувьсгалын 80 жилийн ойгоор айрагдсан халтар азарганы төлийн хүүхдүүд. Өөрөөр хэлбэл халтар азарганы төл хул гүүнээс Тайж халтар гарсан. Харин Цахиур хул түүний дүү өөр нэг хул гүүнээс гарсан юм.
- Яриагаа ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмын Дэлгэр хээрийн чинь талаар үргэлжүүлье. Битүү шахуу үрээ авч байсан гэдэг байхаа?
- Дэлгэр хээрийг авсан түүх их сонин л доо. Дорноговь аймагт бизнес хийдэг нэг дүү маань ирээд “Манай найзын аав нь нэг хурдан морьтой. Та очиж сонирхохгүй юм уу” гэхээр нь би ч “дагуулаад ир уулзаадахъя” гээд Готов гуайтай уулзаж үнэ өртгөө тохироод, өдрийн сайныг харж байгаад авахаар болсон. Тэгсэн Готов гуай нэг өдөр утасдаад “морио очиж авахгүй юм уу” гээд, би хоёр найзтайгаа Дэлгэрэх явж очиход Готов гуай гурван их насны морь үзүүлээд сонгуулахад нь би хээрийг нь авахаар болж, нэг найздаа үрээ, нөгөө найздаа хоёр гүү авч өгсөн юм.
- Угшил нь юу гэдэг билээ?
- Дэлгэр хээрийн эх нь Наваан-Осор гэж хүний халиун азарганы төл, Тайж адуу. Эцэг нь Адилбиш гэж хүний хонгор азарганы төлийн төл Готов гуайн “Пионер” хонгорын төл  юм гэнэ лээ. Анх надад ирэхдээ сумандаа хоёр, гурав айрагдчихсан, бараг битүү шахуу үрээ л байсан. Энэ жил 11 настай адуу. Дэлгэр хээрийг улсын наадамд түрүүлсэнээс хойш олон хүн Тайж адуу сонирхож байгаа сурагтай байсан. Тэр дундаа Дэлгэр хээрийн унаган адуунаас сонирхсон гэсэн.
- Адуунд нэр их чухал. Ингэхэд Дэлгэр хээр гэдэг нэрийг нь хэн өгсөн юм бэ?
- Би өөрөө өгсөн. Уяаны маань залуучууд дэвжиж яваг гэдэг утгаар нь мөн Дэлгэр сумаас авсан гэдэг утгаараа бэлгэшээгээд. Дэлгэр хээр маань ч энэ хүслүүдийг минь биелүүлж, намайг, галынхныг маань, нутаг усныхаа болон мориндоо хайртай монгол түмнийгээ баярлуулсан.
- Өнгөрсөн жилийн Баянхонгорын даншигт Дэлгэр хээр зарлагдаж байсан ч алга болчихсон. Ямар учиртай юм бэ?
- Хээр морио мордуулсан ч дундаас нь татчихсан юм. Улсын наадмаас гадна хэд хэдэн наадамд түрүүлсэн. Таван сард нь аваад тэжээлд оруулсан ч давхар уяагаар уралдуулж байсан болохоор тамир нь муу харагдаад замын дундаас татуулчихсан. Наадам нэгээр дуусахгүй, харин хурдан буян бол тэр болгон заяагаад байхгүй шүү дээ. Харин тэр даншигт Цахиур хул маань 11-ээр давхисан. 
- Түвдэн манлайн алагаас хойш бараг анх удаа Ховдын харьяалалтай их морь орсон нь таны Дэлгэр хээр байсан байх шүү.
-Тиймээ, 28 жилийн өмнө Түвдэн гуайн алаг морь улсад түрүүлж байсан юм билээ. Харин энэ завсар бага насны морьд бол орж байсан. Нутаг орныхон маань үнэхээр их баярлаж, бүр танихгүй хүн зурагтаар хараад багцаа авч надад дээл, хантааз моринд маань сүүлний боолт хийчихсэн бариад ирсэн. Сэтгэл шингэсэн болоод ч тэрүү яг таарсан. Намайг бага байхад манайхтай айл байсан, аав ээжийг чинь танидаг. Зурагтаар хараад мэдлээ, эгчийнхээрээ ороод гараарай гээд танихгүй хүн ороод ирэхээр үнэхээр сайхан санагддаг юм билээ. Тэр үед морины буян үнэхээр их юм гэдгийг мэдэрч, бахдалтай санагдаж байсан шүү.
- Баатархүү уяачийн хувьд урьд нь улсын наадмаас айраг түрүү хүртэж байсан туршлагатай нэгэн. Уяачийн жаргал зовлонг амсаад хичнээн жил болчихсон байх юм, эргээд харахад?
-Морь уяад арав гаруй жил болж байна. 2003 онд Онон манлайгаас авсан саарал шүдлэн үрээ улсад гурвалсан. Дараа нь хул шүдлэн маань мөн улсын наадамдаа түрүүлсэн. Хээр морь миний улсын наадмын хоёр дахь түрүү. Гэхдээ их морь түрүүлж ирэх арай өөр байдаг юм байна лээ. ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан А.Баярмагнай гуай “Их морь түрүүлгэсэн хүн бүтэн жил хойморт суудаг юм” гэсэн нь биелэлээ олсон. Урилга заллага тасрахгүй нэг хэсэг завгүй байсан шүү. Их насны морины хийморь жилээ даадаг гээд бэлгэшээгээд л байлаа.
- Анх яаж яваад моринд орчихсон юм бэ? 
- Би эхээс наймуулаа, дээрээсээ тав дахь нь, хөвгүүдийн бага л даа. Миний моринд орох болсон маань буурал аавтай маань холбоотой. Өвөө маань адуутай, хурдан моринд дуртай хүн байсан. Ховд аймгийн Цэцэг сумандаа “Ява” хэмээн алдаршсан хурдан хүрэн морьтой. Түүнийг нь ах маань их унадаг, Ховдынхоо Дарви, Мөст, Зэрэг, Чандмань зэрэг сумдын наадамд уралдаж байсан гэдэг. Тэр үед би жаахан байсан ч дараа нь хоёр, гурван жил морь унасан. Тэгээд нэг нь  ч гэсэн буурлынхаа буяныг үргэлжлүүлье гээд адуу цуглуулах болсон доо. Хамгийн анх Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас хэдэн адуу авч уралдуулсан. Дараа нь Сүхбаатар, Сэлэнгээс нэлээд адуу авсан. Одоо надад ихэвчлэн Сүхбаатар зүгийн адуу зонхилж байна.
- Нутгаасаа адуу авч байв уу?
- Ховдоос одоохондоо авчихъя гэсэн адуу алга. Хэдэн жилийн өмнө нутагтаа очихдоо дөрвөн адуу бэлэглэсэн. Ховд аймгийн Чандмань суманд нэг адуу, Ховд аймгийн ХАА-н газрын дарга Бадрах найздаа нэг адуу өгсөн. Бэлгийн морьд маань нутаг орныхоо наадамд сайн давхиж найз нөхдийг маань баярлуулж байгаа гэсэн.
- Сүүлийн үед шинэ монгол адуу гэж их ярих болжээ. Таны хувьд энэ тал дээр хэр анхаарч байгаа вэ?
- Араб, Англи азарганы төл бага адуунууд сүүлийн үед сайн давхиж байна. Энэ бол зүй ёсны хөгжил. Би ч гэсэн адууныхаа цусыг сэлбэх үүднээс эрлийз гүүнүүд авсан. Нэг Будённы эрлийз гүүгээ Алтангэрэл Манлайн хүрэн азарганд хураалгасан. Ирэх жилээс унагалах байх. Мөн удахгүй нэг Англи азарга авахаар ярьж байна.
- Бүсийн наадмуудаас нэлээд цөөнгүй айраг түрүү хүртэж байсан. Ер нь МУ-ын Алдартын болзолд хүрчихсэн юм биш үү?
- Улсын наадмаас хоёр түрүү, нэг айраг хүртсэн. Харин бүсийн наадмаас найман айраг, түрүү авсан байна лээ. Тооны хувьд давчихсан. Харин нөгөө чанарын тал дээр дээд насанд  ганц нэг дутчихаад байгаа.
- Мориноос өөр хобби гэвэл юуг нэрлэх бэ?
- Морь эхэндээ миний хобби байсан бол одоо гэр бүлийнхний маань хобби болчихсон. Би хоёр хүүтэй. Том хүү маань моринд их дуртай. Айраг, түрүү хүртээд ирэхээр эхнэр маань ч гэсэн сонирхох болсон. Мориноос өөр хобби гэвэл залуу байхад сагс, волейбол тоглодог байсан, волейболын улсын аваргын мөнгөн медальтай. Одоо бол тоглохоо больсон. 
- “Бэлон” гэж ямар утгатай үг юм бэ? Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
- Тэмүүлэл гэсэн утгатай англи үг л дээ. Гэр бүлийнхнийхээ нэрнээс нэг нэг үсэг оруулж бүтсэн үг байгаа юм. Манай компани арьс шир, түүхий эдийн боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Түүхий эдээ хагас боловсруулаад Хятад, Герман руу экспортолдог. Мөн барилгын салбарт хүч үзэж, “Гэгээ” хотхоноо барьж ашиглалтанд оруулсан. Цаашдаа ч энэ салбарт ажиллах бодолтой байгаа. Мөн авто завсарын газар бий. Дээрх чиглэлүүд маань нийлээд 100 гаруй хүнийг ажлын байраар хангадаг.

- Ярилцсанд баярлалаа

"Тод магнай" сэтгүүл дугаар №8

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна