Монгол улсын манлай уяач Б.Мөнхтөр: Хурдан буянгаараа олон жил тогтмол амжилттай наадаж чадвал тэр уяачийн том бахархал

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 27 -нд

 Алдартын тэмдгээ айраг түрүүгээр мялаан одтой сайхан наадсан эрхэм таныг зочны хоймортоо залж байна. Жилээ даадаг наадмын сонин сайхнаас яриагаа эхэлбэл ямар вэ? 

Баярлалаа. Юуны өмнө гараад удаагүй ч уяачдын талархлыг хүлээсэн “Тод магнай” сэтгүүлийн хамт олон та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Сайхан мэдээлэлтэй танай сэтгүүлийн хуудсаар дамжуулан моринд дуртай Монгол зон олондоо мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ жилийн өвөл нэлээд хүндхэн байсан ч манай адуунд их таарсан. Яагаад гэхээр миний хувьд өвөл хүйтэн гэлгүй адуугаа эдэлж онгойлгож авдаг зуршилтай юм. Энэ нь адуунд ч тустай, дотор эмгэг нь арилж, хавар эрт ногоо идээд бярлачихдаг. Тиймдээ ч миний морьд гайгүй давхиад байх шиг санагддаг шүү.

 Энэ жил өвөл нь зүтгүү дээр нь наадмын өмнө нэлээд гандаж хүмүүсийг сандаргалаа шүү?  

Харин тэглээ. Эрт ногоо гарч, цаг сайхан болох нь уу гэж байтал яг наадмын үеэр хурц нар гараад газар гандчихсан. Түүнээс болоод олон уяачийн тооцоо алдагдсан байх. Цаг сайхан боллоо гээд чангахан ажил хийгээд давуулчихсан хүмүүс цөөнгүй байна. Манай адуунууд наадмын үеийн бороонд жаахан нялхарсан ч дараа дараагийн уралдаануудад харин ч таатай явдал болсон. Улсын баяр наадмаар бор соёолон маань  гуравт хурдалж айрагдан, хээр морь маань зургаагаар давхиж бусад нь 20-30-аар давхисан.

 Морь сонирхогчдын самсааг шархируулж, ярианы сэдэв нь болсон Аварга хээрийн талаар жаахан дэлгэрэнгүй ярилцъя л даа?  

Миний Аварга хээр гайхамшигтай амжилт гаргалаа. 19 настай адуу улсын наадамд зургаалаад хэдхэн хоногийн дараа идэр залуу энэ цагийн хүлгүүдтэй уралдан морины их олимпод тавд давхилаа. Энэ бол тэр бүр давтагдаад байх түүх биш. Би сайн мэдэхгүй байна л даа. Иймэрхүү амжилт өмнө нь тогтоож байсан эсэхийг. Би 1990 оноос хойш  Түвдэн ахыгаа дагаж морь уясан. Тэгэхэд ингэж орж ирсэн адуу үзээгүй.
 
Хээр морины уяанд “Их хурд”-ын тооцоо байсан уу?
 
Нас нь явчихсан учраас улсын наадамд энэ жил нэг оруулчих юмсан гэсэн бодолтой байсан. Жаахан тарган талдаа  байсан ч айрагдчих байх гэж бодож байтал зургаалчихаар нь дотроо голж л байлаа. Гэхдээ наадамчин олон өөр бодолтой байсан. Бор үрээ айрагчихаад байхад хүмүүс “Аварга хээр чинь үнэхээр сайхан давхилаа шүү” гээд баяр хүргээд байсан л даа. Тэр үед энэ олон хүнийг Их хурдаар нэг баярлуулчих хувь хээр морь бид хоёрт бий болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирсэн.

”Их хурд”-ын бахдам амжилт олон хүнийг баярын нулимстай үлдээсэн. Таны хувьд…? 

Би тийм нялцгар аавын хүү биш ээ. Эр  хүн нулимсаа дотроо гаргах хэрэгтэй гэсэн бодолтой явдаг. Хээр морио хараад дотроо өмөлзөж, Төв аймгийн Цээл сумын уул ус, нүднээ бууж байсныг нуугаад яахав.

 “Их хурд”-ын дараа хээр мориныхоо эзэнтэй уулзсан уу? 

Нуулгүй хэлэхэд бид хоёр утсаар л ярьсан. Би очино гэчихсэн байгаа.

 Ирэх жил хээр морь 20 хүрнэ. Хүнээр бол 60 нас. Уралдуулах уу?
 
Хээр морь хэвээрээ л байна. Сая Говь-Алтайн даншигийн дараа нөгөө хоёр нь нүд нь гархилаад дүнсийж байхад хээр морь дүүхэлзээд л байна лээ. Тэгэхээр ирэх жил тэгш  ойгоор нэг сайхан уралдуулаад зодог тайлуулна. Гэхдээ зүгээр ч нэг тайлахгүй ээ. Дорж гуайнхаа нэрэмжит сайхан наадам хийж магнайг нь тэнийлгэнэ.

 Нээрэн та чинь нэлээд нас ахисан хойно нь авч, багагүй зэм хүртэж байсан гэдэг бил үү? 

Тэгсэн 14-тай байхад нь аваад “хөгшин адуу авлаа” гээд зэмлүүлж л байлаа. Хоёр жил сайхан уралдчих байхаа л гэсэн. Тэгсэн хоёр байтугай таван жил сайхан давхиж байна. Цаашдаа ч давхихаар байна. Хээр морь миний бахархал. Хурдан сайхан буян заяаж байгаа хүмүүс олон байна л даа. Гэхдээ 1-2 жил уралдуулчихаад л байхгүй болчихоод байна. Уг нь хурдан буянгаа олон жил тогтмол амжилттай наадвал тэр уяачийн хувьд маш том бахархал байх ёстой байгаа юм. 

 Тантай санал нэг байна? 

Би хээр морио авчихаад анх  Эрдэнэтийн 30 жилийн ойд айрагдуулж, түүнээс долоо хоногийн дараа  Тамирын хурдад мөн л айрагдуулж байсан. Та бүхэн мэдэх байх даа. Дараа нь Дүнжингаравт айрагдаж, тэр жилийнхээ улсын  наадамд арав гарч давхиад, Боржигоны хурдад түрүүлж, Баянхонгорын даншигт тавлаж байсан шүү дээ. Ер нь над дээр ирснээсээ хойш одоогийн байдлаар хээр морь төрийн зарлигтай наадамд нэг түрүүлж, тав айрагдчихаад байна. Хээр морины амжилт олон хүнийг баярлуулсан нь нас өндөр гэдгээсээ гадна олон жил тогтмол амжилттай сайн наадаж байгаа нь гэж би ойлгож байгаа. Миний таван цагаан гэхэд л зургаа, бор үрээ тав айрагдчихсан байна. Би ер нь тоотой хэдхэн адуугаар тогтмол нааддаг хүн. Адууг дээдэлсэн, адуунд хөдөлмөр сэтгэлээ зориулсан хүнийг хардаг юмаа.
 
Мөнхтөр уяач тэгвэл цөөн морьдоор чансаатай наадмуудад хүч сорьдог юм уу даа? 

Засгийн газрын тогтоолтой томоохон наадмуудад л уралддаг. Бор үрээ маань даагандаа улсад 25-аар давхиад шүдлэн, хязаалан, соёолонд айрагдсан. Одоогоор улсад гурав айрагдаж, бүсийн наадамд хоёр удаа аман хүзүүдсэн.

 Ингэхэд ер нь хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ? 

Улс, бүсийн нэг түрүү,16 айраг хүртсэн байна лээ.

 Манлайн болзол чансааны хувьд биелсэн үү?
  Хээр мориныхоо энэ жилийн амжилтаар Манлай уяачийн болзол хангачихсан. Хээр морь нэг түрүүлж, тав айрагдчихаар  дээд насанд зургаа, доод насанд зургаа  айраг болж байгаа юм. Бага насны тухайд арав гараад явчихсан. Манлай уяачийн болзлоо хангачихсан гэж бодож байгаа болохоор материалаа өгнө дөө.

 Түвдэн Манлайн моринд оруулсан шар хүү өнөөдөр өөрийнх нь зиндаанд хүрчихсэн явж байна? 

Тийм шүү. Түвдэн ах бид нар ах дүүсийн холбоотой хүмүүс. Манай нагац ах л даа. Ах маань  “3амчин” өртөөнд ажилладаг байсан юм. Би хойно оюутан. Амралтаараа ирчихээд байж байтал дуудаж байнаа. Одоо санахад Партизаны гарам л юм шиг байгаа юм. Намайг тосож аваад, миний авч очсон хоёр шил Москваский водкаг уугаад ажлаа тайлбарлалаа. Ах нь энэ самбарыг хардаг юм. Вагон мөргөлдөх юм бол ах нь ажилгүй болно гээд. Тэгснээ “миний дүү багын моринд дуртайг ах нь мэднэ. Сургуулиа төгсөөд ирэхээр чинь хоёулаа морь уяна” гэдэг юм. Тэгээд л нээрээ сургуулиа төгсөж ирээд ахыгаа дагаж туслах нь маягаар ганц нэг очдог болсон. Сүүлд надад бага дөрвөн насандаа айрагдсан хар азарганыхаа төрсөн дүүг бэлэглэсэн нь намайг моринд бүр мөсөн урвуулсан даа. Бурхан болохынхоо өмнө “миний хүүгийн морь давхина.  Их мөнгөний хэрэг байхгүй шүү. Ахдаа 300.000 төгрөг өгчих. Зүүн талаас хурдан адуу авчирч өгье. Тэгээд миний хүүгийн морь хурдална” гэж байсан юм. Дараахан нь надад Эрдэнэт явах ажил гараад  явчихсан. Тэгсэн том охиноороо “манайхаар ороод гараарай” гэж хэлүүлсэн байсан. Тэгээд очтол охин нь “Буд даргатай хөдөө явсан” гэсэн. Гэтэл маргааш орой нь бурхан болчихлоо гэсэн хэл ирсэн дээ. Сайхан сэтгэлтэй ахын маань хэлсэнчлэн миний морьд давхиж, Манлай уяачийн болзол хангачихаад байж байна. Адуунд нүдтэй үнэхээр ясны уяач байсан шүү, ах маань.
 
Анх Түвдэн Манлай таны морьдыг уядаг байсан уу? 

Түвдэн ахын дүү Эрдэнээ бас морь уянаа. Тэгээд надад “чи эхлээд том уяачаар уяулж хэрэггүй, юм багаасаа гэдэг юм” гээд Эрдэнээ миний морийг уяхаар болсон. Тэгсэн нэг даага маань 300-гаар давхидаг юмаа. Дараа нь 100 гарч давхиад ер нь урагшилсаар л байсан. Одоо эргээд бодоход манай Түвдэн ах их ёжтой хүн байсан шүү.

 Яахав, жишээлбэл? 

Ер нь хүн их явуулдаг. Ямар сайндаа би нэг удаа дээл малгайг нь өмсөхгүй юу. Тэгсэн Манлай уяачийн малгай өмсөхөд 50.000 төгрөг, Манлай уяачийн үйтэн хуаран дээл өмсөхөд бас 50.000 төгрөг байдаг юм гэж байхав. Бие хаа сайтай Түвдэн ахын дээл надад бол дах шиг л харагдаж байсан байлгүй. Тэгэхээр нь би “таны дээл, малгайг өмсөөд ирээдүйд Манлай уяач болно” гээд юу ч бодолгүй хариулж байсан юм. Тэгсэн одоо биелэх нь. Ах маань намайг үргэлж дэмжинээ. Одоо бодоход энэ моринд гайгүй явах нь гэж гадарладаг байсан юм байлгүй. Түвдэн ахын маань хүү Батцоож одоо морь сайн уяж байна. Улсын наадамд халзан морь нь аман хүзүүдэж, бас нэг азарга түрүүлсэн. Аавынхаа шийрийг хатаасан сайн уяач болоосой гэж хүсдэг. 

 Сүүлийн жилүүдэд тогтмол айраг  түрүүтэй сайхан наадаж байгаа. Эргээд бодоход хамгийн их сэтгэлд үлдсэн наадам хэдэн оных байсан бэ? 

Хамгийн анх Таван цагаанаа айрагдахад л урьд өмнө нь баярлаж байхгүйгээрээ баярлаж, их онгирч байлаа. Анх удаа улсын наадмаас айраг хүртэж байгааг ч хэлэх ү. За ер нь их хөөрсөн дөө. Тэр үед манай нэг ах “Сахалтай хүн сахалтай хүндээ хайртай байдаг юм байна шүү” гэж байсан.

 Тэр нь ямар учиртай байхав? 

Чингис хааны байгуулсан Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор гэж байхгүй юу. Чингис хаан сахалтай, би сахалтай. /инээв/ Санаа дагаад ч тэр үү Таван цагаан маань тэр жил гурав айрагдсан. Эргээд бодоход адуу гэдэг энэ сайхан амьтны буянаар ах нь олон удаа магнай тэнийн баярлаж байна. Ээж, аав хоёр маань хэлдэг л дээ. “Миний хүү олны ам сайхан байх юм бол хүн сайн яваагийн шинж. Олны ам хазайгаад ирвэл буруудаж байгаагийн шинж шүү” гэж. Морины буянгаар олон газраар явж олон хүмүүстэй уулзаж байна. Ээж аавынхаа хэлснээр шинжихэд буруу яваагүй л юм байна гэж бодогддог. Миний ээж бурхан болоод олон жил болж байгаа юм. Морь айрагдаж түрүүлэхэд өөрийн эрхгүй бодогддог юм.
 
Таны ярианаас адуу хурдан байх тусмаа хүнийг хүмүүжүүлдэг гэдэг өгүүлбэрийг хоёр ч удаа сонслоо. Уяачийн хувьд юуг хамгийн ихээр эрхэмлэдэг вэ? 

Адуу чинь яг үнэндээ хар цагаан хэл их дагуулдаг юм ш дээ. Миний хамгийн их цээрлэдэг зүйл  бол хэрүүл тэмцэл. Ямар нэг маргаан гарсан ч аятайхан зохицуулаад өнгөрчих юмсан гэж боддог. Би залуудаа их шартай  байсан л даа. Морь мал уяад одоо ерөнхийдөө их хүлээцтэй болж байна. Адуу гэдэг амьтан намайг номхруулсан юм болов уу. Түмний хүндлэл хүлээсэн тэр сайхан хүлгийнхээ өмнө эр хүн өөрийн эрхгүй нурдаг юм билээ.

 Та их олон хүнийг моринд уруу татсан дуулдсан? 

Би уруу татаагүй ээ./инээв/Сүүлийн үед морь сонирхдог хүмүүс ер нь нэмэгдэж байна ш дээ. Миний өвөө, миний аав хоёулаа морь уядаг байсан. Би морь уямаар байна. Яахав ахаа гээд хүрээд ирж байхад буруу хараад суугаад байвал муухай биз дээ. Цагтаа би ч бас тэгж л явсан. Гэхдээ тийм олон хүн биш. Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын начин Баатар байна. Бид багын найзууд. Моринд дуртай л даа. Тэрэндээ болоод хаа хамаагүй газраас үнэтэй адуу аваад байхаар нь болиулсан. Сүхбаатар чиглэлийн адуу хурдан гээд хөлтэй хөлгүй олон адуу авсан байсан юм. Тэгээд би Сүхбаатарын Түмэнцогтоос нэг хүрэн морь авч өгсөн. Тэр нь энэ жил Говь-Алтайн даншигт тавд давхиж айрагдсан. Мөн манай  дүү улсын заан Мягмарсүрэн байна. Гэнэтхэн морь сонирхоод эхэлсэн.” Чи гурван жил сайхан барилдаадах. Тэгээд моринд ор” гэсэн үгэнд ороогүй. Зүүн талаас нэг азарга авсан нь наадмын өмнөх Хүй долоо худгийн хоёр ч сунгаанд түрүүлсэн. Гэхдээ тамир муутай байхаар нь улсад авч үлдээд бүсэд  үзье гэсэн өөрөө “эр хүний хийморь байдаг юмаа. Төрийнхөө наадамд л уралдуулчихъя” гэсээр тавиад 40 гарч давхисан. Уг нь эхний 20 дотор явсан юм. Тэгсэн суугаад.

 Бөхчүүдийг нэлээд урвуулж байгаа юмаа даа?

/инээв/Хүмүүс өөрөө жижигхэн юм байж хоёр том бөх дагуулчихаад явах юм гээд шоолоод байгаа юм.

 Танай гал уяа хичнээн хүний бүрэлдэхүүнтэй вэ? 

Түвдэн ахын маань үүсгэсэн “Морин-Эрдэнэ”  гал шүү дээ. Дарга нь УИХ-ын гишүүн Р.Буд. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Доржпүрэв. Та бүхэн эхнэрээр нь илүү танина даа. Бүлтэн эмч. Мөн түүнээс гадна Түвдэн ахын маань хоёр дүү Эрдэнээ, Батмөнх болон хүү Батцоож нь, Төмөр замын орлогч дарга Халтар, Бөхийн холбооны Данзан болон  Базаргарьд, Цэмбэл гээд нутаг нутгаас нийлсэн хэдэн сайхан хүмүүс манай гал уяанд морьдоо уядаг.

- Дээр нь танай хүү. Хаа явсан газар чинь дагаж явдаг шүү дээ?
 
Миний хүү моринд их дуртай. Энэ жил долоон настай. Гарсан унагануудаа хүртэл нэг бүрчлэн танина. Малд нүдтэй хүн байгаа юм. Манайх гурван охин, нэг хүүтэй. Хүү маань гараад л миний морьд айрагдаж эхэлсэн. Миний охид ч гэсэн моринд хоббитой. Гэр бүлээрээ адуунд дуртай хүмүүс дээ.

 Адуунд орж байгаа залуус морь мал уяулъя гэх юм уу?
 
Тийм саналыг би хүлээж авдаггүй юмаа. Морь уяна гэдэг их хүнд ажил. Олон болох тусмаа хүч тарамдаад худлаа болно. Наад зах нь унаач хүүхдүүд ядарна. Тэгээд ч би ямар том мундаг уяач биш өөрийнхөө хэдийг л болгож байвал их юм. Том биш ч гэсэн өөрийн гэсэн бизнестэй учраас бусдын гарыг харалгүй хэдэн адуугаа болгоод байдаг юмаа. Саяхан нэг найз маань морь уяулъя гэхээр нь Дааган Цэндээ ахыг зааж өгөөд явуулсан.

 Өөрөө уяж тусладаггүй юмаа гэхэд үрээ байдас бэлэглэж цус сэлбэнэ биз?

Тэгэлгүй яахав. Би голдуу Булган, Архангай, Ховд руу бэлэглэсэн. Очсон газраа айрагдаж түрүүлээд байгаа дуулддаг.Ялангуяа Булганы Сайхан суманд өгсөн миний үрээ их сайн давхиж байгаа. Ямар ч байсан намайг жилийн дөрвөн улирал айргаар таслахгүй л байгаа юм даа.
 
Ингэхэд танай адуу хаана нутаглаж байга вэ?
 Төв аймгийн Цээл суманд нутагладаг. Би хэдийгээр Ховд аймгийн Дарви сумынх ч гэсэн миний хоёр дахь нутаг бол Цээл сум. Хурдны өлгий болсон энэ сайхан нутгаар бахархаж явдаг даа.

 Мориныхон таныг Мөнхтөр гэхээсээ илүүтэй Мухтар гэдэг. Ямар учиртай нэр вэ?  

Оросод сурч байхдаа авсан нэр байгаа юм. Би хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотын полийн дээд сургуулийг авто инженер мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа сахилгагүй талдаа. Нэг хоёрдугаар курсдээ самбо бөхөөр барилддаг. Бас болоогүй ээ бага жиндээ ЗХУ-ын дэд мастер цолтой. Хоёрдугаар курст байхад Мөнх-Эрдэнэ арслан бэлтгэл хийхээр ирж байсан юм. Тэгэхэд нь багшийнхаа секцэнд оруулж байлаа. Манай багш ОУ-ын хэмжээний мастер  Избеков гэж якут хүн байсан. Бага ястан гэдгээрээ гадуурхагдаж улсын аваргын тэмцээнд орж чадаагүй хүн л дээ. Мөнх-Эрдэнэ арслангийн барилдааны үндсэн арга техник тэр багш маань тавьж өгсөн. Өөрөө ч тэгж ярьдаг юм.
 
Нөгөө Мухтар гэдэг тэгээд юу болж таарсан бэ? 

Тэр үеийн оюутнууд тарваганы арьсны наймаа их хийнээ. Би бас юугаараа дутахав хийнэ биз дээ. Тэгсэн оросууд намайг Мөнхтөр гэж хэлж чадахгүй Мухтар гэж дуудаад тэр нь хэвшихгүй юу. Оросын ард түмний өгсөн нэр. Би тэгж дуудлаа гээд дургүйцдэггүй юмаа. Оросод олон жил амьдарсан болоод ч тэрүү ард түмнийх нь үнэнч шударга зан чанарыг их үнэлдэг. Хүн ер нь бусдад гэмгүй явбал нөхөр мундахгүй шүү дээ.

 Уяачдаас хэнтэй илүү дотно вэ?  

Гэмгүй сайхан нөхөрлөдөг хүмүүс олоон. Ялангуяа Манлай уяач Батчулуун, Тод манлай уяач Эрдэнэчулуун нартай ойр.  Энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Улсын баяр наадмын дараа Их хурдад ямар морь айрагдах вэ? гэсэн асуулгыг Тод манлай уяачдын дунд тавьж л дээ. Тэгсэн Сандуйжав Тод манлай “Ховдын Дарвийн Мөнхтөрийн өвгөн хээр л лав айрагдана даа” гэж хэлсэн байсан. Удам дамжсан хашир уяач үнэхээр адуу таньдаг юм байна гэдгийг мэдэрч их бахархсан.

 Оросоос адуу авчирдаг гэж сонссон юм байна. Тэдний төл хэрхэн давхиж байна?  

Англи азарга, гүү бий. Авчраад хоёр жил болсон ч зуднаас болоод төлийг нь авч чадаагүй. Анхаарал тавиагүй хайнга хандсан нь миний буруу л даа. Гэхдээ ирэх жилээс төл авах байхаа.

 Нээрэн сая улсад тавлаж, Говь-Алтайн даншигт түрүүлсэн сартай хээр даагыг таны хамар цагаан
азарганы төл гэдэг юм билээ?
 

Тиймээ. 2008 онд би Оросоос гурван азарга, нэг гүү авчирсан юм. Тухайн үед миний адууг Баяраа маллаж байсан.Тийм учраас хоёр азаргаа Баяраад өгөөд хамар цагаан азарга, нэг гүүгээ өөрөө авсан юм. Тэр хамар цагаан азарганы төл нь өөрийн чинь асуусан сартай хээр даага байгаа юм.

 Илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Бидний яриа өндөрлөх тийшээ хандаж байна. Та сэтгүүлээр дамжуулан юуг уламжилмаар байна. 

Баярлалаа. Морь сонирхогчдодоо хандаж хэлэхэд  өнөөдөр айрагдаж түрүүлсэнгүй гэж шантрах хэрэггүй шүү. Адуунд сэтгэлээ гаргасан хүн айраг амсдаг юмаа. Залуу уяачид маань шантралгүй, айраг түрүү гэж улайралгүй морьдоо гамнаж сайхан наадаарай л гэж хэлмээр байна даа.

                                                                                                              Тод магнай сэтгүүл дугаар №9

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна