Аймгийн алдарт уяач Насангийн Пүрэв

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 01 -нд

Мөнххаан сумын адуунууд  Далай жонон вангийн хурдан  угшлын адуунаас улбаатай бөгөөд ард түмэн, нутаг орондоо тархаад одоог хүртэл хурдалж буй. Мөнххаан сум зүүн бүсийн хурд тогтсон газрын төв хэсэгт оршдог учраас олон сайн хурдан адуунууд орж ирдэг хурдны авшиг шингэсэн нутаг.Тодруулбал одоогийн Түвшинширээ, Галшараас өвгөн ноён Хардал жанжин бээс Пүрэвжавын Галшар угшил, Дэлгэрэх сумаас Говь мэргэн вангийн унаган хурдуул, Уулбаян, Халзан сумаас  Орлой угшилтай адуу, Сүхбаатар сумаас Ёст бээсийн адуу зэрэг Монголын хурдан морины түүхэнд домог болон яригддаг хүлгүүдийн удам,угшил энэ нутагт шингэсэн түүхтэй.Нутгийн буурлууд ч сумынхаа адууны цусыг сэлбэх, хурдыг сайжруулахын тулд тухайн үедээ л цуутай байсан хурдан азаргануудын худалдан авч үржүүлгийн ажлыг хийж байсан байна.Тухайлбал 1968 онд олноо бугалга хэмээн алдаршсан Дугаржав гуай Түвшинширээ сумаас Мангад ногооныг, Сүхбаатар сумын Дашдонойн цагаан азарагыг тус тус 10000 төгрөгөөр (тухайн үед УАЗ-469 машины үнэ) худалдаж авч Мөнххаан сумын адууны угшил удмыг сайжруулахад сэтгэл зүрх, эд хөрөнгөө зориулж байжээ.
1950-иад оны эхээр Рэгзэн гуайн халзан азарга 17-н  настайдаа  түрүүлж араас нь халзан азарганы  өөрийнх нь  дөрвөн төл (Жамсрангийн саарал, Онгон Лувсанжамцын шаргал, Цэндсүрэнгийн саарал,Дорж Лувсанжамцын хүрэн)  дараалан  айргийн тавд орж байсан онц сонин явдал болж  байсан. Энэ бол олонд таардаггүй их амжилт.Одоо ч гэсэн эдгээр азаргануудын удам нь сум орон нутагт хурдалсаар байгаа бөгөөд миний адууны цөм угшил ч Рэгзэн гуайн халзан азарганаас улбаалж ирсэн.Үр хойч доо удам угшил сайтай адуу өвлүүлэн үлдээчих юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэлийнхээ дагуу Рэгзэн халзан, цоохор хонгор , Миеэгийн цавьдар, босоо зээрд, Баазарын будан адуу, Баадуу алаг адуу, Түдэвийн хүрэн, Баавхай   адууны угшлуудаас адуугаа бүрдүүлсэн минь үр дүнгээ өгч аймаг,сумын наадмуудаас 15 түрүү, 27 айраг, 13 аман хүзүү авсан байна.
Хурдан морь гэдэг бол эр хүний төдийгүй, эх орны минь хийморь сүлд байдаг.Тиймээс залуу дүү нар та бүхэн минь ахмад үеэ хүндэтгэж,үг сургаалийг нь даган морин эрдэнээ дээдэлж яваарай гэж захья даа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна