“Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 03 -нд

Сүргийн манлай сүр жавхлант азарганы уралдаан хурдан морь сонирхогчдын таавар уралдуулдаг төрлүүдийн нэг. Усан могой жилийн өнгө тольдох хаврын бүсийн анхны уралдаан “Дүнжингаравын хурд” наадамд төрийнхөө их баяр наадамд хоёронтоо түрүүлээд буй Манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан, монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ хурдан хүлгэдээ түрүүлгэж, айрагдуулсан бахдам амжилтын эзэн Ц.Бямбасүрэнгийн төрийн наадмын аман хүзүү зээрд, өнгөрсөн жилийн “Дүнжингаравын хурд” наадмын түрүү Б.Наранхүүгийн Монгол хээр болон өнгөрсөн жил айргийн гуравт хурдалсан Ц.Ойдовын хул, төрийн наадмын түрүү,  шигшмэл морьдын “Их хурд-5” уралдааны айргийн эзэн Сүмбэн зээрд, Их хурд уралдааны айргийн гурвын эзэн Далай зээрд зэрэг халхын довтой хурдан хүлгүүд шандас шалгаж наадамчин олныг баясгалаа.
Ийнхүү монгол орны өнцөг булан бүрээс хуран чуулсан хурдан азарганы уралдаанд 250 гаруй буян тоосоо өргөснөөс:
1. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, УИХ-ын гишүүн “Ажнай шарга” галын уяач Батсүхийн Наранхүүгийн Монгол хээр түрүүлж, “Дүнжингаравын хурд” наадмын хоёр дахь түрүүгээ хүртлээ.  Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн унаган адуу хээр азарга энэ цагтаа гайхагдаж буй эрхгүй хурдан буянгуудын нэг бөгөөд улс бүсийн наадамд арав уралдахдаа дөрөв түрүүлж,дөрөв айрагдаад буй юм.
2. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Туушин”ХК-ийн захирал Н.Зоригтын хар. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Байгальхүүгийн унаган адуу хар үрээ “Нүүрэнтэй хурд-2011” хаврын бүсийн уралдаанд айргийн тав, 2012 оны нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах  уралдаанд айргийн гуравт тус тус хурдалж байсан юм.
3. Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Цэгмидийн хүрэн. Хүрэн үрээ 2012 оны төвийн бүсийн наадамд айргийн гуравт хурдалж байсныг санаж буй бизээ.
4.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул "Уулс трейд" ХК-ийн захирал Т.Галбадрахын зээрд халзан.
5. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул,УИХ-ын гишүүн МУ-ын Тод манлай уяач Г. Батхүүгийн хул
6. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Ч.Гансумын хар. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн унаган адуу. Хар үрээ  шинийн гурванд болсон бооцоот уралдаанд түрүүлсэн бөгөөд Б.Наранхүүгийн Монгол хээр мөн тэдний адуу  гэдгийг морь сонирхогчид андахгүй бизээ.

7. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Өнөрбаяны хээр.
8. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баяраагийн Шувуухай хүрэн. Төрийнхөө их баяр наадамд хоёр жил дараалан айрагдсан энэ хурдан хүлгийн талаар бид өмнө нь дэлгэрэнгүй хүргэж байсан билээ.
9. Төв аймгийн Архуст сумын уугуул Ч.Махвалын зээрд. Салхин халтар азаргаа төрийн их баяр айрагдуулсан Ч.Махвалын зээрд азарганы уяаг луу жилийн шилдэг уяач Т. Ихбаяр тааруулсан юм.
10. Архангай аймгийн Чулуут сумын уугуул Т.Бадамжунайн алаг. Алаг азарганы уяаг МУ-ын Манлай уяач Б.Содномцог тааруулжээ. Алаг азарга Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул Лхамгомбын унаган адуу бөгөөд сум орон нутагтаа хэд хэдэн түрүүлж байсан бөгөөд 2-р сарын 24-нд болсон Эрдэнэтийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан юм.

А.Мөнх-Эрдэнэ


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна