“Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан хурдан морьд

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 04 -нд

Уяачийн эрдэм ухааныг шавхдаг их насны морьдын  уралдаан хамгийн өтгөн байлаа. Энэ насанд 320 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс Булган аймаг Гурванбулаг сумын уугуул, "Авзага трейд" ХХК-ийн захирал, МУ-ын Алдарт уяач  П.Мэндбаярын хар магнайдаа тоосгүй түрүүлсэн ч уралдааны журмын дагуу хасагдсан юм. Энэ цагийн хурдан хүлгэдийн нэг хар морь хаврын бүсийн уралдаануудад хэд хэдэн удаа айрагдсан бөгөөд өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ой хангайн бүсийн даншиг наадамд аман хүзүүдсэн билээ. Ингээд усан могой жилийн анхны бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя. 
1.Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ерөөлтийн хүрэн. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унага хүлэг хүрэн морь 2011 оны Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд айргийн гуравт  хурдалж, 2012 онд “Жейл” ХХК-ийн уралдаанд түрүүлэн давхар уяагаар  “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлэн түмэн олноо цэнгүүлж байсан билээ.
2. Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга М.Энхболдын хүрэн халзан. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын унаган  хүлэг халзан морь өнгөрсөн жил “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд аман хүзүүнд хурдалсан бол  зун төрийнхөө их баяр наадамд айргийн дөрөвт, зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт тус тус хурдалсан билээ. Халзан морины уяа сойлгыг Архангай аймгийн Ихтамир сумын уугуул 2012 оны шилдэг уяач Э.Дашчийрав тааруулсан юм.
3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Б.Баатарчулууны хул. Хул морины уяаг сойлгыг Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Батхүү тааруулсан юм.
4.Завхан аймаг Цэцэн-Уул сумын уугуул МУ-ын Манлай уяач Б.Содномцогийн зээрд. Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул МУ-ын сайн малчин Цэрэнгийн унаган адуу зээрд морь Макс групп үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баяр наадамд түрүүлж, давхар уяагаар Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ой, хангайн бүсийн даншиг наадамд айргийн дөрөвт хурдалж байсан хурдан буян билээ.
5. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Эрдэнэбатын унаган адуу  хүрэн морь 2009 онд Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд аман хүзүүдэн, өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд тод магнай торгон жолоогоо өргүүлэн түрүүлж, түүнийгээ хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн хурдан морьдын уралдаанд баталсан билээ. Энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг хүрэн морины уяаг МУ-ын Манлай уяач Б.Бат-Өлзий тааруулдагийг уншигчид мэдэх бизээ.

А.Мөнх-Эрдэнэ


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна