“Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан хурдан соёолонгууд

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 04 -нд

Тоосонд нь ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг соёолон насны морьдын уралдаан жилээс жилд хамгийн олон үзэгчтэй байдаг. Могой жилийн хувьд ч гэсэн тэрхүү жишгээ алдсангүй. Нийслэлчүүдийн хамгийн ихээр шимтэн үздэг соёолонгийн  уралдаанд 239 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Улаанбаатар хотын Налайх дүүргийн уяач Энхсайханы хээр түрүүлэн, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул МУ-ын Алдарт уяач  Г.Доржпүрэвийн Толбот хүрэн аман хүзүүдсэн. Хүрэн үрээ АХ-ын 91 жилийн ой төрийн их баяр наадамд түрүүлснийг морины хорхойтнууд андахгүй бизээ.
Гэвч уралдааныг зохион байгуулах журмын дагуу комиссын шийдвэрээр эдгээр хүлгэдийг эрлийз хэмээх шалтгаанаар хасч, дараагийн морьдыг тооцсон юм. Ингээд түрүүлж айрагдсан хурдан хүлгэдийг танилцуулъя. 
1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, "Алтай констракшн" ХК-ийн захирал, МУ-ын Тод манлай уяач Х. Бат-Эрдэнийн зээрд. Өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд 13-т давхисан энэ үрээний уяаг Манлай уяач Б.Бат-Өлзий тааруулдаг юм.
2. Завхан аймгийн уугуул Санжаадоржийн зээрд. Зээрд үрээний уяаг Манлай уяач С.Төмөр-Очирын хүү залуу уяач Галбадрах тааруулжээ.
3. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Ц.Энхбатын цавьдар. Цавьдар үрээ Хөдөлмөрийн баатар Д.Даваахүүгийн алдарт хөх цавьдар азарганы төл бөгөөд шүдлэндээ Төв аймгийн наадамд түрүүлж, “Говьшанхын хурд-4” бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан байсан юм.
4. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, "Хөвсгөлийн зам" компанийн захирал, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын халиун. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Буйрын унаган адуу халиун үрээ 2011 онд Хөвсгөл аймгийн 80 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдэж, Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн баяр наадамд тавлаж байсан бол 2012 онд Сүхбаатар аймгийн 70 жилийн ой зүүн бүсийн наадамд гурвалж, 2013 онд Сүхбаатарын аварга хүлэг шалгаруулах уралдаанд аман хүзүүнд хурдалсан юм.
5. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, “Булганхангай” морин спорт уяачдын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнийн халиун алаг. Алаг үрээний уяаг аймгийн Алдарт уяач Т.Ихбаяр тааруулжээ.

А.Мөнх-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна