Төв аймгийн Баяндэлгэр сумын уяач Г.Дашзэвэг: Захиалгаар Б.Наранхүүгийн хээр азаргыг түрүүлгэсэн хүмүүсийг би шүүхэд өгнө

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 04 -нд

Дүнжингарав наадмын хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Баяндэлгэр сумын уяач Г.Дашзэвэгийн халзан азарга түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн билээ.Гэвч  уралдааныг зохион байгуулах комиссын шийдвэрээр халзан азаргыг хасч, аман хүзүүнд хурдалсан Монгол хээрийг түрүү магнайгаар цоллосон билээ. Комиссын гэрийн гадна эсэргүүцлээ илэрхийлж асан түүнээс цөөн асуултанд хариулт авлаа. 
-Таны азаргыг ямар үндэслэлээр хасчихсан юм бэ?
 -Ямар үндэслэлээр хасаад байгааг нь би мэдэхгүй. Уяач хүний хөдөлмөрийг адилхан үнэлэх ёстой. Биднийг ялгаж харьцах ёсгүй. Яагаад хасчихаж байгаа юм гэхээр юу ч дуугарч чадахгүй байна.
-Таны азаргыг эрлийз адуу хэмээн үзэж байгаа бололтой?
-Айрагт ирсэн таван азаргыг хэмжиж үзсэн. Миний азарга нэг метр 39 сантиметртэй стандартанд тэнцсэн. Харин айргийн гурав дөрөв тавын азарганууд миний азарганаас өндөр байсан. Хасах  юм бол бүгдийг нь хасах хэрэгтэй биз дээ. Бүх зүйл захиалгаар явж байна. Наадмын спонсор хүний азарга заавал түрүүлнэ гэсэн журам байдаг юм уу.
-Таны азарга хаанахын адуу вэ? Үнэхээр гадны адууны цус орсон уу?
-Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Баатаржав гэдэг хүний унаган адуу. Бүсийн уралдаанд өмнө нь хоёр ч удаа айрагдаж байхад хасаагүй.Тэгсэн хэр нь өнөөдөо хасч байгааг үнэхээр ойлгохгүй байна. Эрлийз цус холилдсон адуу гэх юм бол энд байгаа бүх адуу цус холилдсон. Стандартад нийцсэн гэдгийг нь комиссынхон хэмжиж үзээд мэдсээр байж хээр азарганы өмнө орлоо гэж хасч байна.
-Өмнө нь хаана, хаана айрагдаж байсан бэ?
-Өмнөговь аймгийн бүсийн наадам, Багануурт болсон зүүн бүсийн наадамд тус тус айрагдсан. Захиалгаар Б.Наранхүүгийн хээр азаргыг түрүүлгэсэн хүмүүсийг би шүүхэд өгнө. Тэд одоо болтол ямар ч үндэслэл хэлэхгүй байна.

Г.Гал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна