Тахийн азаргыг голдуу гэрийн адуунаас сонгон тавьдаг

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 07 -нд

Хэдхэн хоногийн өмнө дөрвөн тахь эх нутагтаа ирлээ. Чехийн Прага хотын амьтны хүрээлэнд байсан тахиудыг тус улсын Засгийн газар өөрийн хөрөнгөөр эх нутагт нь авчирсан байна. Чехээс ирсэн тахиуд Хомын талд нутагших юм. Ийнхүү салхинаас бусдыг нуруундаа гаргадаггүй монгол тахь эх орондоо ирсээр байна. 1898-1903 оны хооронд гадаад дотоодын залуус хүч хавсран Монголын говиос тахийн 88 унага барьж, 53-г нь амьдаар нь Европ руу ачсан билээ. Тэдгээр унагануудыг эр эмээр нь хослуулж Европын зоо паркуудаар тараасан бөгөөд 13 нь л үр төл өгсөн гэдэг. Одоогоор дэлхийн хэмжээнд 26 орны 100-гаад паркад 2000 тахь байдаг ба цөм  Монголоос гарсан 13 тахийн үр удам юм. Тиймээс ч 1960-аад оны үед цус ойртолт өндөр хэмжээнд хүрч, гарсан унаганы амьдрах хугацаа богиносож эхэлсэн тул судлаачид тахийг зоо паркт бус нутагшуулах нь аврах цорын ганц гарц хэмээн үзсэн юм. Ингээд 1976 онд дэлхийн бүх зоо паркуудад байсан тахийн хамгийн шилмэлийг судлан Герман, Голландад үржүүлж улмаар 1993 оноос Монголд нутагшуулах болсон билээ.  Монголд тахь нутагшуулах санаачлагыг гаргаж өрнүүлсэн хүмүүс бол Инга Баун, Ян Баун нар юм. Тэд бал сарынхаа аялалаар Чехийн зоо паркийг үзэж байгаад хашааныхаа шонг мэрэх тахийг олж харан үлдсэн бүх амьдралаа энэ амьтны төлөө зориулна хэмээн шийдсэн гэдэг. Тэгээд азарга, гүүг дунджаар 30-50 мянган доллараар худалдан авч монгол руу тээвэрлэж эхэлсэн байна.  Одоогоор монголд 30 гаруй  азарга тахьтай. Тахийн азаргыг голдуу гэрийн адуунаас сонгон тавьдаг бөгөөд гарсан эр унага болгон нь азарга болдог тул тахийн хооронд тулаан, зодоон нэлээдгүй болдог аж. Түүнчлэн  бүх тахиуд нэртэй. Байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг гадны жуулчид хамгийн доод тал нь 100 доллар төлж тахийн унага үрчлэх буюу нэр өгөх эрхтэй болдог.  Харин монголчуудын тухайд Ерөнхийлөгч асан Н.Багабанди нэгэн унаганд  Нартай хэмээх нэрийг хайрласан бол, сансарын нисгэгч Ж.Гүррагчаа Салиут, харин Байгаль орчны сайд асан Ц.Шийрэвдамба Маргад хэмээн нэрийг тахийн унаганд өгсөн гэнэ. Дашрамд сонирхуулахад Хустайд ирээд төрсөн анхны унага эдүгээ 18 настай болжээ.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна