Эрдэнэтийн бүсэд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 10 -нд

Адуун сүргийн манлай армаг хурдан азарганы уралдаанд улс бүсийн наадмын довтой олон шилдэг хүлгэд тоосоо өргөж, уухайн дуу хадааж, үзэгчдийг  цөсийг хөөргөсөн үзүүштэй уралдаан болсон юм. Ингээд эхний аравт хурдалсан азаргануудын товч танилцуулгыг фот зургийн хамт хүргэе.
Азарга-136
1.Дорнод аймгийн Баяндун сумын уугуул "Босоо хүлэг" галын гишүүн, аймгийн Алдарт уяач П.Цэвэгмидийн Шуурган хүрэн. Хүрэн азарга хэдхэн хоногийн өмнө “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн гуравт хурдалсан бол 2012 оны Төвийн бүсийн наадамд айргийн гуравт давхиж байсан юм. Шуурган хүрэн Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Төрөөгийн унаган адуу Шуурган хүрэн азарга одоогийн байдлаар бүсийн наадмын нэг түрүү, нэг айргийн эзэн болоод байна.
2. Увс аймгийн Тэс сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Степ трейд" ХХК-ийн захирал Ц.Ойдовын хул. Тод манлай уяач Ц.Ганхуягийн унаган адуу хул азаргыг Г.Пунцагбалжир агсны Хандгай бор азарганы цустай хэмээдэг бөгөөд “Булганхангайн хурд-2011” уралдаанд түрүүлж, “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд айргийн гуравт хурдалж байсан юм. Хул азарга 2-р сарын 24-нд Орхон аймагт болсон хаврын уралдаанд хүүхэдгүй түрүүлж, давхар уяагаар “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд арав гаргаж давхисан билээ.
3. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, УИХ-ын гишүүн, Тод манлай уяач Г.Батхүүгийн хул. Баянцагаан угшилтай хул азарга “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн таваар хурдалсан юм.
4. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн Алдарт уяач О. Тагарваагийн Далай зээрд. Шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд айргийн дөрөвт хурдалж энэ цагийн хурдан буянгуудын нэг гэдгээ батлан харуулсан Далай зээрд ийнхүү улс бүс, Их хурд наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртлээ. Тод манлай уяач А.Батсүхийн унаган хүлэг Далай зээрд “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд арав гаргаж давхисныг та бүхэн санаж буй бизээ.
5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, “Уулс трейд” ХХК-ийн захирал Т.Галбадрахын сартай зээрд. Төрийн наадмын түрүү Их салхин цавьдар азарганы дөрөв дэх үеийн төл сартай зээрд үрээ Нийслэлийн Алдарт уяач С.Ганзоригийн унаган адуу бөгөөд шүдлэндээ улсын наадамд долоолж, соёолондоо “Нүүрэнтэйн хурд-2011”  уралдаанд айргийн дөрөвт хурдалж байсан юм.  Зээрд үрээ хэдхэн хоногийн өмнө болсон “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн дөрөвт давхисан билээ. Т.Галбадрах уяач ийнхүү багагүй хугацаанд засварласны эцэст бүсийн наадмын айргийг “бөөндөж“ байна.
6.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат П.Пүрэвлхагвын хүрэн халзан.
7. Төв аймгийн Борнуур сум М.Сайнзаяагийн бор
8. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” холбооны нарийн бичгийн дарга  Д.Баясгалангийн Баавгай хүрэн.2012 онд төрийн болон төвийн бүсийн наадамд Суман хүрэн морио айрагдуулсан аймгийн Алдарт уяач Д.Баясгалангийн Баавгай хүрэн азарга нь Манлай уяач Д.Чулуунбатын унаган адуу бөгөөд 2012 онд Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах уралдаанд аман хүзүүдэж  байсан юм.
9. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул “АПУ” ХК-ийн захирал П.Батсайханы Гуулин зээрд. 2002 онд даагандаа Дундговь аймаг байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадамд түрүүлж, 2004  онд хязааландаа АХ-ын 83 жилийн ой үндэсний их баяр наадамд айргийн дөрөвт, 2005 онд соёолондоо АХ-ын 84 жилийн ой үндэсний их баяр наадамд айргийн гуравт, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадамд айргийн тавд, 2008 онд “Заамарын хурд” бүсийн уралдаанд  түрүүлж, 2009 онд АХ - ын 88 жилийн ой үндэсний их баяр наадамд айргийн тавд тус тус хурдалж байсан.
10. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул М.Энхсайханы хээр

А.Мягмарсүрэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна