18 аймгийн уяачдын 500 гаруй хурдан хүлэг шандас шалгасан Эрдэнэтийн бүсийн наадмын сонин сайхнаас...

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 10 -нд

Засгийн газрын тогтоолт  усан могой жилийн хаврын бүсийн хоёр дахь уралдаан Орхон аймагт 3-р сарын 9-ний өнгөрсөн бямба гарагт боллоо.  Улаанбаатар хот, 18 аймгийн уяачид 500 гаруй хурдан хүлгийн хамт ирж оролцсон хаврын бүсийн наадам өргөн цар хүрээтэй болсон  юм. ММСУХ-ны төлөөлөгчид,  Д.Мөнхбат, Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар, Ц.Батсайхан, Х.Бат-Эрдэнэ нарын Тод манлай, Д.Чулуунбат, Д.Жаргал,Б.Бат-Өлзий,Б.Содномцог нарын Манлай,  Г.Батчулуун, Н.Хүрлээ, Д.Хишигжаргал, Б.Буяннэмэх, П.Мэндбаяр, Д.Дэлгэрбаяр нарын улсын Алдарт 40 гаруй аймгийн Алдарт уяачид  өөрсдийн хурдан хурц хүлгээ уралдуулсан нь наадмын цар хүрээг илтгэх өөр нэгэн үзүүлэлт болох бизээ.  Өглөө 7.30-08.00  хооронд мордсон эрлийз ангиллын 45 морьд товлосон ёсоор 9.30 цагийн үед барианд орж, харин 136 азарга 10-10.30 цагийн хооронд гарааны зурхай руу хөдөлсөн.
Азарганы уралдаанд хэд хэдэн үрээ замын дундаас хадуурч амжилтаа хойшлуулсан бол Манлай уяач Д.Чулуунбатын хоёр ч азарга хасагдан нэлээдгүй дуулиан дагуулсан. Уралдааныг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд багтсан Д.Чулуунбат Манлай энэ асуудалд хүлээцтэй хандахаас өөр аргагүй болсноо   нуугаагүй.
Хаврын бүсийн уралдааны хамгийн өтгөн мордсон нас бол их насны морьд. Энэ ангилалд 239 хурдан хүлэг шандас шалгасан бол, соёолонгийн уралдаанд 155 ажнай тоосоо өргөсөн.  Шөнө орсон цаснаас болж  зарим нэг уралдаан дээр хүүхэд мориноос унасан ч азаар гэмтэж бэртээгүй юм.
Дөрвөн насны морьдын уралдааны түрүүг тав, харин аман хүзүүний хүлгэдийг дөрөв, айргийн морьдыг 1-3 сая төгрөгөөр тус тус байлсан бол 6-10 хооронд давхисан морьдыг 500,000, 11-20 хооронд давхисан бол 100,000, 21-30 хооронд давхисан бол 50,000 төгрөгөөр тус тус мялаана билээ. Түүнчлэн уралдаанд оролцож амжилт гаргасан унаач хүүхдүүдэд гарын бэлгээр шагнаж тэдний урмыг сэргээсэн юм.
Ийнхүү хагас мянган хүлэг шандас шалгасан Эрдэнэтийн бүсийн наадам хөөрөх хуучтай, дурсам дурсамжтай өргөн боллоо. Энэ дашрамд уралдааныг гараанаас бариа хүртэл үзэх боломжийг олгосон “Эрдэнэт хүлэг” холбооны  дэд тэргүүн Г.Баярцогтод нийт  уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

А.Мягмарсүрэн 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна