Монголын хурдан морины гарын авлага, нэвтэрхий толь-Тод магнай

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 19 -нд

Морьтон монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сэтгүүл нь анхны дугаараа 2009 оны 12-р сард гаргаж эхэлснээс хойш өдгөө 40 дугаарыг уншигч олныхоо гар дээр хүргээд байна. Энэ хугацаанд морины төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа энэ цагийн эрдэмт уяачид болох Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун, Д.Даваахүү, Г.Сандуйжав, Ц.Аюуш,Г.Батхүү, Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар, Л.Цандэлэг, С.Ганхуяг, Д.Мөнхбат, А.Батсүх, Х.Бат-Эрдэнэ, Монгол улсын Манлай уяач Д.Оюунбилэг/агсан/, Д.Одгэрэл, Б.Мөнхтөр, Б.Содномцог, Т.Энхбат, Ц.Доржсүрэн, Д.Бат-Эрдэнэ, Б.Бат-Өлзий, Монгол улсын Алдарт уяач Завхан аймгийн Яруу сумын уугуул Ж.Баянжаргал, А.Алтангадас, Х.Хүрлээ, аймгийн Алдарт уяач Б.Баасанбазар, Ш.Пүрэвжав, Х.Цогтсайхан, Я.Батсуурь, Г.Ганбаатар, Б.Алтангэрэл, П.Сэргэлэн, З.Ганбаатар, Т.Батзориг, Дорнод аймгийн уяачдын холбооны тэргүүн,УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны тэргүүн /асан/ З.Ганбаатар, Дундговь аймгийн уяачдын холбооны тэргүүн “Нарны хүлэг” Ц.Ганхүү нар зочны хойморт уригдан, дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн нь уншигчдын талархал хүлээгээд зогсохгүй тэдний хүсэн хүлээдэг булан болсон юм. Түүнчлэн төрийнхөө их баяр наадамд удмаараа цулбуур өргүүлсөн “Удам”-т  уяачид,  “Цуутай хүлгэдийн аатай түүх”, “Мэдэхэд илүүдэхгүй”, “Эмч зөвлөж байна”, “Уяаны эрдэм”, хол ойрын сонин дуулгах “Урт чихт”, “Уяач”, “Хүлгэд”, “Урлаг соёл”, “Монгол бардамнал”, “Онгодын асар” зэрэг тогтмол булангуудын үнэнч уншигчдын тоо ирэх ирэх тусам нэмэгдсээр л байна. Энд мөн “Дэлхийн морины спорт”-ыг орхиж боломгүй. “Тод магнай” сэтгүүл нь монгол орныхоо 21 аймгийн уяачдыг “халуун бүлээр” нь оролцуулсан тусгай дугаарыг гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Энд Дорнод аймгийн МСУХ, Эрдэнэтийн “Эрдэнэт хүлэг”, Өмнөговийн “Өмнийн говийн хүлэг”, Архангайн МСУХ, Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр, Дундговь аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбооны 200 нүүр бүхий сэтгүүлийг гаргаад байгаа юм. Өнгөрсөн жилийн хувьд “Тод магнай”  сайтыг ашиглалтанд оруулж, луу жилийн босгон дээр мориор дамжсан их өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд гар бие оролцон яваа шилдгүүдийг тодруулах “Тод магнай 2012” ёслолын ажиллагааг Чингисийн өргөө цогцолборт хийж байлаа.  Эндээс Төрийн их уяачаар Монгол улсын Тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү тодорсон бол Төрийн их хүлгээр Монгол улсын Манлай уяач агсан Д.Ганбаатарын ухаа халзан, Төрийн их унаачаар “Унаган хурд” галын  унаач Өсөхбаяр, Морины төлөө зүтгэлтнээр спортын  мастер, Манлай хүлэгч Т.Цэрмаа, уран бүтээлчдээс Харангын Лхагваа, ТВ-9 телевизийн Спортын албаны хамт олон шалгарч байлаа. Хэвлэлийн зах зээлд орж ирээд дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа тус  сэтгүүл нь “Тод магнай” автортой олон  ажлыг эхлүүлэгчид гэдгийг дуулгахад таатай байна.
Энд нэмэхэд “тод магнай” сэтгүүлийн хоёрдугаар улирлын захиалга орон даяар явагдаж байна.  Сард нэг улиралд гурван дугаар гарах сэтгүүлийн захиалгын үнэ 15,000, нэмэлт захиалга 10,000 төгрөг бөгөөд “Монгол шуудан”-200009, “Түгээмэл” -220305, “Улаанбаатар” -2001143, индексээр  тус тус захиалан унших боломжтой юм. 

 

 

 
 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна