“Тод магнай” сэтгүүлийн 40 дэх дугаар худалдаанд гарлаа

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 21 -нд

Редакцийн зурвас
...Жаврын үзүүр уярч цаг наашлахад
Цэлмэг шөнийн од шиг төлөөр сүрэг баяжна
Өнгө аялгуу зохицон чихнээ ялдам таацаад
Өнөр малчны хот таван эрдэнийн далай
Таван бүлээн зүс таван уяхан эгшиг
            Тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ... малчны хотонд нялх төлийн дуу цангинаж,урин цаг ирснийг илтгэн цас ханзарч, өвлийг өнтэй давсан малчны сэтгэлд нар хургасан өдрүүд эхэлж байна. Хүн бүрийн сэтгэлийг хөвсөлзүүлсэн урин цагт түрлэг нэмж, “Тод магнай” сэтгүүлийн 40 дэх дугаар худалдаанд гарлаа. Могой жил гарсаар уншигчдын хүртээл болж байгаа анхны дугаарын зочид дуу хуурын өлгий Дундговь  нутгийн эрдэмт уяачид байлаа. Хурдан хүлгэдийнхээ хийморьт сүслэн, үе залган хурд ирлэх эрдэмт уяачдаараа гайхуулмаар юм билээ, тэд. Тус аймгаас Монгол улсын Манлай уяач гурав, Алдарт уяач 15 төрсөн байх агаад эдний залгамж халаа болсон аймаг сумын цолтнууд ч олон байх ажээ.  Ер нь “Тод магнай” сэтгүүл нь 21 аймгийнхаа уяачдын амжилт бүтээл, үүх түүх, хурдан хүлгэдийнх нь тухай цогцоор нь багтаасан тусгай дугаарыг бэлтгэн олны хүртээл болгоод багагүй хугацаа өнгөрч байна.  Ийм л тусгай дугааруудын нэг нь энэ гэнэ.
Дугаарын зочны хойморноо “Нарны хүлэг” морин спорт уяачдын холбооны тэргүүн Ц.Ганхүү уригдан  сонирхолтой яриа дэлгэсэн байна. Гуравдугаар сарын 3-нд тус аймгийн уяачдын холбоо тавдугаар бага хурлаа хийж, өнгөрсөн оны ажлаа дүгнэн, ирэх жилийнхээ төлөвлөгөөг “халуун бүлээрээ” хэлэлцээд авсан юм. Энэ тухай  мэдээллийг “Тод магнай” багтаасан байгаа.
“Уралдаан” булан Дундговь аймгийн 70 жилийн ой, “Их мандал 2012” говийн бүсийн уралдаануудад түрүүлж,  айрагдсан хурдан хүлгүүдийн фотог хүргэсэн бол “Жүчээний морьдыг угааж цэвэрлэж байх шаардлагатай”-г “Мэдэхэд илүүдэхгүй” зөвлөж байна.  “Урлаг соёл” буланд тус аймгийн Хулд сумын уугуул, яруу найрагч Н.Баянмөнх саатаж, уран бүтээл болоод уяаны ажлынхаа талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
“Удам” буланд аав хүү Монгол улсууд Алдартууд болох Цэрэндагва, Цэрэнбал, Хүүхэнбаатар, аймгийн Алдарт уяачид болох Дэмчигцоодолынхон гээд удам залган уяа сойлго тааруулан, одтой наадаж буй эрхмүүдийн амжилтаас сонирхож болох аж. Энэ мэт олныг багтаасан шинэ дугаарыг худалдан авахыг хүсвэл сэтгүүлийн маркетинг борлуулалтын албаны 9406-2992  дугаарт холбогдож болно. Мөн “Интер”, “Мир”, “Номин”-гийн сүлжээ дэлгүүрээс худалдан авах боломжтой.
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна