Тод манлайн тоо хоёроор нэмэгдэнэ

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 22 -нд

Хурдан хурц хүлэг морьдоо улс, бүсийн болоод шигшмэл морьдын уралдаанд түрүү, айрагт хурдлуулсан уяачдад Үндэсний их баяр наадмын тухай хуулын дагуу МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын алдар цол /Алдарт, Манлай, Тод манлай/ олгодог журамтай билээ. Хуулиар хурдан морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан уяачид улсын Тод манлай уяач цолыг олгодог. Энэ дагуу ирэх жилийн Тод манлай уяачдын тоонд Монгол улсын Манлай уяачид болох Дугараа буюу Б. Бат-Өлзий, Б.Содномцог нар орох нь ээ. Могой жил гарсаар Дугараа уяач хоёр айраг, нэг түрүү, Содномцог хоёр айраг хүртээд байгаа билээ. Монгол улсын Манлай уяач Б. Бат-Өлзийгийн хувьд 2012 оны уралдаануудад одтой сайхан наадаж буй энэ цагийн уяаны өнгийг тодорхойлж буй цөөн уяачийн нэг болохоо харуулаад амжсан. Тэрбээр 2012 онд улс бүсийн наадмаас хоёр түрүү,  /их насны морь/ арван айраг хүртсэн. Луу жилийн өнгө тольдох хаврын бүсийн анхны уралдаан “Дүнжингаравын хурд”-д азарга аман хүзүүдүүлж, төрийн наадамд их морь түрүүлгэж, соёолон, эрлийз  ангилалд хязаалан тус тус аман хүзүүлсэн юм. Мөн Төвийн бүсийн даншгаас дээд насанд нэг түрүү, Өмнөговьд аман хүзүүдүүлсэн. Үргэлжлүүлээд Төвийн бүсийн даншигт соёолон, эрлийз ангилалд хязаалан, даага, Есөнзүйлийн даншигт соёолон, даага тус тус аман хүзүүдүүлж, Дундговьд соёолон айрагдуулаад байсан юм. Харин энэ удаад түүний амжилтын буухиа  үргэлжилсээр л байгаа билээ. Содномцог Манлайн хувьд
алтан туурттай амьдралаа холбоод 40 гаруй жилийг үзэж байгаа нэгэн. Тэрээр “Анх 1974 он юмуу даа. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд дадлага хийж байхдаа тэндэхийн нэг нярав хөгшний мориных нь ажилд тусалдаг байсан юм. Манай ангийн О.Болд гэдэг хүү бид хоёр. Дээхэн үеийн хөгшчүүл айхтар шүү дээ. Моринд дуртай хүүхдүүд байна гэдгийг анзаарчихаад бид хоёрт нэг нэг адуу зүсэлж өгдөг юмаа. Хоёулаа орой ажил тарж очоод хамгийн түрүүнд өөрсдийнхөө нэртэй адуунуудыг сойздоод зүлгэнэ. Дараа нь өвгөний ажилд тусална. Морийг нь хөлсөлнө, тарлана. Хөөрхий хүн бүл муутай, хүүхдүүд нь бага хижээлдүү насны хүн байж билээ. Биднийг туслахаар их баярланаа. Тэгээд наадам болоход өвгөн хоёр түрүү авч бидний нэртэй морьд модтой сайхан давхисан. Тэгж л анх хүний ч гэсэн өөрийн нэрээр адуу мордуулж байлаа” хэмээн дурсамж өгүүлсэн нь бий. Тэрээр таван түрүү, 14 айргийн амжилтаараа Монгол улсын Манлай уяач цолны эзэн болж байсан бол өдгөө 23 айраг түрүүтэй болоод байгаа юм.

П.Дөл 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна