Дугараагийн нандин цуглуулга

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 23 -нд

Олноо Дугараа хэмээн алдаршсан Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзийг  хурдан морины холбогдолтой бүхэл бүтэн цуглуулгатай гэдгийг мэдэх хүн цөөхөн. Улаанбаатарын унаган хүү хурдан моринд шимтэх болсон нь бүр багынх бөгөөд ном сэтгүүлийн хайчилбараас эхтэй цуглуулга нь өдгөө бүхэл бүтэн номын сан болж орсон гарсан хүний харааг булаах болсон аж.
Манлай ном товхимолын цуглуулгаас гадна ховор зургийн нандин үзмэрүүдтэй.  1954 онд улсын наадамд аман хүзүүдсэн хээр мориноос эхлээд Хөвсгөлийн Хишигбатын алдарт хонгор морины өвөрмөц зураг ч байх аж. Энэ бүхнээс гадна эрхэм хамгийн нандин нэгэн үзмэр Манлайн хойморт залаатай байдаг нь төрийнхөө их баяр наадамд зургаантаа түрүүлсэн УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн Амгалан төрийн ажнай шаргын өвөг эцэг Тогоруу халтар азарганы зүүн урд хөл, Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүүгийн гурван түрүү, дөрвөн айргийн эзэн Солонго цавьдар халзан азарганы баруун урд хөл юм. Үс зүс нь муудаж угжраагүй дээрх хоёр хөл өдгөө Манлайн гэрт хадганд ороогдон тахигдаастай байдаг бөгөөд хэр барагтай хүнд дэлгээд байдаггүй гэсэн. Харин мэдэх зарим нэг нь тэрхүү хурдан буянгуудын адис жанлав ивээж Дугараа Манлайн уясан болгон нь торгон жолоо өргүүлж буй хэмээн бэлгэшээдэг гэсэн шүү. Нээрэн ч
халх даяар гайхагдсан хурдан  хүлгүүдийн туурайнаас адис авч явдаг болохоор Дугараа босоо хийморьтой ч байлгүй яахав дээ.

Л.Цэрэнжаргал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна