МУ-ын Алдарт уяач Д.Зоригт: Миний бор азарга аймгийн 7 түрүү, 2 аман хүзүүтэй

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 25 -нд

Хөвсгөл аймгаас төрсөн улсын алдартуудын нэг нь Монгол улсын Алдарт уяач Зоригт юм. Адуучин аавын хүү хүүхэд байхын л морины хорхойтон явсан бөгөөд хурдан морины дэл сүүл боогоод гучаад жилийг үджээ. Энэ хугацаанд түүнийг “алдарт” хурдан бор мориор нь морины хорхойтнууд анддаггүй юм. Тэрээр 1985 онд сумын аварга уяач, 1992 онд аймгийн Алдарт уяач, 1999 онд Монгол улсын Алдарт уяач цолыг хүртэж байлаа. Хадам аавын бэлэгний бор морь ийнхүү түүнд ирснээр аймагт 7 түрүүлж, 2 аман хүзүүдсэн хурдан ажнай болжээ. Зохиолч Б.Бат-Эрдэнийн “Асарын өмнө торгон жолоо” номонд нэрлэснээр муухай бор  нь “хүн харахад хурдан адуу гэж харахааргүй. Намхан, цүдийсэн гэдэстэй адуу” байсан тухай Алдарт ийнхүү яриа дэлгэсэн юм.
-Хөвсгөлчүүд таны хурдан бор азарганы тухай бахархан ярих юм билээ. Бор азарга хаанахын ямар угшилтай адуу вэ? Таных болсон түүхээс яриагаа эхлэх үү?
-Хэнтий зүгээс гаралтай. Тавиад оны үед Монгол улсын Арслан Өлзийтийн Чүлтэмсүрэн буюу олны нэр нь хужаа Арслан Галшараас 30-аад адуу авчирсан юм билээ. Тэр адуунаас Дарьсүрэн гэж хүн авсныг манай хадам аав Очиржав авч, хавчиг үрээ манай хүүд бэлэглэсэн. Манайханд ирэхээсээ өмнө аймагт аман хүзүүдэж байсан юм билээ. Хадам хөгшинд байхдаа ч сумандаа хэд хэдэн шөвөг түрүүнд хурдалж байгаад надад ирээд аймагтаа завсаргүй олон удаа түрүүлсэн. Өнөөдрийг хүртэл энэ амжилтыг эвдсэн азарга алга. Хавчиг азарга надад ирээд тэр жилээ буюу 1980 онд суманд аман хүзүүдэж, давхар уяагаар аймагтаа дахин хоёрт давхисан. Түүнээс хойш зургаан жил Хөвсгөл аймгийн наадамд завсаргүй түрүүлсэн дээ. Энэ хооронд нэг завсардсан. Тэр чинь 1987 он байгаа юм. Аймгийн наадамд Бүрэнтогтох сумын Батбаярын хээр азарга түрүүлсэн. Үүнээс жилийн дараа дахин аймагт түрүүлсэн. Нийт аймгийн 7 түрүү, 2 аман хүзүүтэй. Суманд нэг их давхиулж байгаагүй л дээ. Гэхдээ 3 түрүү, 2 айрагтай. Дээхэн үед одоо шиг жилдээ олон нааддаггүй байлаа. Хэрвээ одоо шиг байсан бол хаана ч наадахад магнай хагалах л адуу байсан даа. Бор азарга маань төлүүдтэйгээ ана мана л уралддаг байлаа. Даанч медаль гэж ховор  байсан үе. Ямар сайндаа л аймгийн 50 жилийн ойн баяраар картон цаасаар хийсэн медаль өгч байхав. За тэгээд түрүүлсэн морины байнд 45-ын гутал, 35 төгрөгийн өмд, халуун сав өгч байгаад хэдэн жилийн дараа 75-ын гутал, бүсний дурдан, чемодан өгдөг болсон. Халуун сав, нугастай толь, саатай алчуур мөн ч олныг авч явлаа. Тэр үед эд чинь ховор бараанд орно шүү дээ.
-Ингэхэд та хэдийнээс морь уяж байна вэ?
-Би чинь адуучин аавын хүү. Миний аав Дугараа “Сүхбаатар алдар” нэгдлийн адуучин явлаа. Тийм болохоор би адууны тоосонд хүн болсон нэгэн. Багадаа үеийнхээ хөвгүүдийн адилаар хурдан морь унаж, хасагдаад ирэхийн үестээ морины ажилд тусалдаг байсан. Эрийн цээнд хүрч гурван жилийн цэргийн алба хааж ирээд морины сүүл боож, өнөөдрийг хүртэл хурдан буянгийнхаа хийморьт сүслэн  явна. Тэр жил 1979 он гэхээр гуч гаруй жил өнгөрсөн байна. Одоо үр хүүхдүүд маань алдарт бор азарганыхаа үр төлөөр наадаж байна. 
-Уяаны азарга төл багатай байх нь бий. Бор азарганы төлүүд ямар амжилт гаргаж байв?
-Би бор азаргандаа 5 гүү хураалгадаг байсан. Үүнээс ганц хоёр нь сувайрсан байх гэтэл цөмөөрөө л төллөдөг байсан. Гарсан төлийг нь дааганаас нь эхлээд уяхад давхина. Бор азаргыг аймагт ид хурдан байхад үрээнүүд нь сум, аймагтаа айраг түрүүнд л хурдалдаг байлаа. Хоёр хул, зэгэл, бидэрт үрээнүүд нь аймгийн наадмын долоо найман айраг түрүү авсан байдаг юм. Харж байхнээ одоо уядаг азарганы төлүүд бяд муутай төрөөд байх шиг харагддаг. Би Улаанбаатар хотод уяачдын зөвлөгөөнд очоод томск буюу эрлийз азаргыг шүүмжлээд Даваахүү гуайд бараг зэмлүүлэх шахаж билээ. Адуу эрлийзжүүлэхийг үхрээр жишээ татаад ярьчихсан юм. Үхрийн эхний эрлийзийг хайнаг гэдэг хүч чадалтай сайн төл гардаг. Дараагийнх нь ортоом, цаашлаад усан гүзээ гэхчилэн явсаар төлүүд ч мууддаг. Үүн шиг монгол адуугаа хамаагүй эрлийзжүүлээд байвал адууны чанар муудаж, монгол адуу гэх юмгүй болохвий гэсэн юм. Одоо миний хэлсэн бараг үнэн болж таарч байна. Эрлийз адуугаа тусад нь уралдуулдаг болчихлоо. Миний морь ид уяж байхад байгалийнхаа өвс ургамлаар давхиулчихдаг  байлаа. Одоо тэгэхэд эм тариа, тэжээлээр л давхиж байна шүү дээ.
  Сүүлийн үед Сүхбаатараас адуу их авчирч цус сэлбэж байна. Энэ чинь хугацаатай юм. 4-5 жил цус холиод сайн байлаа ч яваандаа өөр адуутай холилдоод өнөө гайхалтай Сүхбаатар угшил байхгүй болчихно шүү дээ. Хэдийгээр цус сэлбэх нь сайн талтай ч унаган адуу байхгүй болчих гээд байдаг муу нөлөөтэй. Одоо бас нэг төвөгтэй нэг юм байна. Хүний адуунд очоод нэг сайн адуу хараад үнэ асуухаар нөгөө алдарт уяач цолыг хараад л үнээ нэмчих юм. Тийм үед бэл хүрэхгүй бол орхихоос өөр аргагүй шүү дээ. Сүүлд нь сураглахаар агтанд өгчихсөн ч юм уу, 2 толгойгоор л сольчихсон байхыг дуулаад үнэхээр харамсдаг.
-Байгалийнхаа өвсөөр л уралдуулчихдаг байлаа гэлээ. Бор азарга ямар уяатай адуу вэ?
-Урагшаах адуу нимгэн хөрстэй, уяа хөнгөн байдаг юм. Харин манай нутгийн адуу хатуу талдаа шүү. Миний үед 6 сарын 22-нд нар буцахаас өмнө барьж аваад 9-10 удаа хөлсөлж, үсэргээд, өнжөөгөөд л явчихдаг байсан. Одоо тэгвэл хөлс  даах адуу байна уу. За тэгээд өнөөдрийнх  шиг машин тэргээр зөөнө гэж юу байхав. Аймгийн төвөөс уралдах адуугаа туугаад л аргамжаан дээр нь хонож өнжөөд л хүрнэ. Би голдуу гэдсийг нь илж тааруулдаг байсан. Ерөөсөө дөрөвхөн алд аргамжаатай. 1 цаг 30 минут идүүлээд зайг нь холдуулаад л нийт 2 цаг 30 минут болоод гэдсийг нь илэхэд л цатгалдчихсан юм шиг болсон байна. Дүүрчихэв үү дээ гээд л туугаад явахад идэш нь яг таарна. Яахав хөлсийг нь гүйцээчихсэн юм чинь. Ингээд л хүрэх газартаа ирчихсэн байна даа.
Сүүлийн үед залуус моринд орж байгаа нь сайшаалтай ч эх зах, ёс жаягаа мэдэхгүй байгааг нь харахаар бухимдал төрөөд байх юм. Цулбуур дээгүүр хээнэг алхаад л гарчихаж байна шүү дээ. Бас болоогүй морь нь ороогүй бол уурлаад, хэлэх хэлэхгүй үг хэлж аяглана. Тэр үед хор нь гараагүй байна даа л гэж бодох юм.
-Эр хүн “дээлэндээ багтахгүй” наадах сайхаан. Таныг хамгийн их огшуулсан наадмын тухай яриагаа үргэлжүүлье?
-Миний бор азарга намайг мөн ч олон удаа баярлуулсан буянтай амьтан даа.  Түүнээс сүүлд түрүүлдэг  1988 онд уралдуулахаар аймагт очиход Намхай багш таарсан юм. Тэгээд “за миний дүү бор азарганы нас жаахан явчихлаа, орох болов уу” гэж байна. Манай бор азарга чинь гараад л тасарчихдаг адуу биш. Газрын тал дунд ирэхэд хорин хэдээр явж байгаад л өгсөөд хурдалчихна. Зүгээр л хөвөөд унана. Одоо энэ аймгийн онгоцны буудлын орчмоос сугарчихдагсан. Бид машинаар морь дагаад явж байсан Намхай багш “За Зоригтоо хөгшин бор чинь гарчихлаа шүү дээ” гээд уйлж байж билээ. Тэгэхэд нас ч залуу байж дээ. Намхай багшийг хараад “энэ хүн ингэж уйлж байхад би чинь яачихсан сэтгэлтэй хүн бэ дээ” гэж өөрөөсөө асуусан удаатай. Манай бор азарга их сонин шүү. Бариан дээр тосоод зогсож байхад түрүүлээд ирэхдээ заавал үүрсэж орж ирнэ гээч. Хөлсийг нь хусахад хүүхдээр бол эрхлээд байгаа юм шиг, гар дагаад л наалдаад байна. Дээр хэлсэн түрүү завсарддаг жил уяа алдаад түрүүлээгүй юм. Тэр үед толгойгоороо авч шидчих гээд л “хүнээр бол чамаас л боллоо” гээд байх шиг санагдаж билээ.  Хөөрхий дөө аргагүй ч юм уу гэж дараа нь бодсон. Тэгэхэд хүү маань жижигдээд мордуулж чадахгүй эргэлзээд зогсож байтал түрүүлдэг азарганы эзэн “хашир хүүхэд дээр. Манай Шонхоог унуул” гэхээр зөвшөөрлөө. Хожмоо сонсох нь ээ өнөө хүн тэр хүүхдэд 25 төгрөг өгөөд, бор азаргаа татчихаарай гэсэн юм билээ. Олон жилийн дараа өнөө унаач хүү “Зоригоо ахын азаргыг нэг алсан шүү” гэж үнэнээ хэлсэн юм. Гэхдээ яая гэхэв дээ, өнгөрсөн хойно. Миний бор азарга чинь их номхон, амаа аваад дахихгүй. Хүний гараар л, татлаа бол татагдана.
-Бор азаргын ид хурдан байхад нь улсын наадамд очиж уралдъя гэж бодож байв уу?
-Тэр үед төрийн наадамд очиж уралдана гэдэг амаргүй шүү дээ. Ачаад явна гэж байсан биш. Тэгээд ч нэгдлийн олон малтай, хүүхдүүд нас бага, бүл цөөн гээд зовлон их байлаа. Гэхдээ сум, аймагтаа алгасалгүй л одтой наадчихдаг байлаа. Ямар сайндаа л хонины ноосыг бүрэн авч тушаагаагүй байж морь уялаа гэж сумынхаа даргат загнуулж байхав.
-Бор азарганы төлөөс авах хүсэлтэй холын гийчид их байв уу?
-Тэр үед гаднаас нэг их  адуу ирдэггүй байлаа. Хөвсгөл дотроо л  ганц нэг үрээ солилцоно. Тэрнээс аймаг хошуу алгасч, адууны наймаа хийдэггүй байлаа. Миний бор азарганы төлүүд энэ хавьдаа их тарсаан. Гэхдээ уяачаасаа болдог уу төлүүдийг нь гүйцээж уяж чаддаггүй байсан уу амжилт гаргасан нь цөөн. Аавыгаа дуурайвал сайн нимгэлж уралдуулах хэрэгтэй байгаа юм. Би чинь бор азаргаа өвлийн нэг сардаа унаж хүчийг нь буулгана. За  тэгээд ногоо идэнгүүт ховилдоод унана. Гэтэл одооны адуунууд ногоо гарсан байхад л шар үсээ хаяхгүй байх юм. Энэ нь өнөө өвс ургамалтай ч холбоотой юм болов уу гэж заримдаа бодох юм.
-Таны хадам аав морь мал уядаг, таньдаг хүн байжээ дээ, тийм үү?
-Тийм ээ. Хадам аав  маань хурдан морь, үнэгэн сайн нохойгоор гоёдог хүн байлаа. Миний аав ч морь уяна, адуу танихдаа гаргуун нэгэн явсан. Тэр үед тэрэгний хайнаг их үнэтэй. Миний өөрийн аав чинь хайнагаа хөллөөд л нүүчихдэг байсан. Тэгсэн бор шүдлэнгийн эзэн нь Гүржав гуайд хязаалан гунаар л өгчихнө гэжээ. Үүнийг дуулаад аав Гүржав гуайгаас асуусан чинь “тэр бор шүдлэн ухна ишиг шиг, галуун тавагтай адуу давхина гэж байхгүй, чи зүгээр үхрийн гарз” гэхээр нь орхичихсон юм билээ. Сүүлд нь би морь таних болоогүй байна даа гэж харамссан гэсэн. Манай аавын уядаг “Сүхбаатарын алдар” нэгдлийн цэнхэр морь  аймагт 2 түрүүлж, 1 аман хүзүүдсэн. Алдрын 30 жилээр би унаж, түрүүлгэж байлаа.  Тэр үед одоо шиг цол өгдөг байсан бол миний аав аймгийн Алдарт уяач болчихоор байсан байх шүү. Манай аав, ээж Баян-Уул, Баянхайрханы хүмүүс. Өнөө Тэсийн голын улс байгаа юм даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Залуу уран бүтээлч та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна