Хар зүсмийн адуугаар одтой наадагч Монгол улсын Алдарт уяач Ш.Яринпил

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 04 -нд

Дундговийн “Ярингийн хар азарга” гэж  нутаг орондоо нэртэй хурдан хүлэг байлаа. Жараад оны дундаас  хурдан морины уяа сойлго тааруулах болсон Шатарын Яринпил  Баянцагааны Маарамбын Баяраагаас хар даага авч, хожмоо азарга тавьжээ. Хар азарганы үр төлүүд их хурдан байсны нэг нь болох хар азарга сум аймагтаа айраг алгасаж үзээгүй хурдан буян байлаа. Хулд, Луус, Адаацаг, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Дэрэнгийн наадмуудад нэгэн үе магнайдаа тоосгүй хурдалдаг байсан гэх. Ингэхдээ дандаа аман хүзүүнд л хурдалдаг нь наадамчин олныг гайхашруулдаг байлаа. Ямар ч олон хурдтай уралдсан, ямар ч араас эргэсэн аман хүзүүнд л давхина гээч.  Хожмоо  “аман хүзүүний” хараа Монгол улсын Манлай уяач, Луусын Эрдэнэчулуунд өгөхөд 17-той байжээ. Хар азарганы төлүүдээс Дундговийн  Адаацаг сумын С. Амгалан, Сайнцагаан сумын П.Ганхүрэл, Эрдэнэдалайн сумын Д.Цогтбаяр, Луус сумын Монгол улсын Алдарт уяач Д.Эрдэнэчулуун, Дэрэнгийн Буянтогтох, Луусын Даржааюу зэрэг олон уяачид авч хурдлуулсаар л байгаа  ажээ.
Ийнхүү нутаг орондоо нэрээ гаргасан эрдэмт уяач бол Монгол улсын Алдарт уяач Ш. Яринпил байгаа юм. Өдгөө ер хол гарсан буурай нутаг орондоо энх тунх амьдарч байгаа бөгөөд уяаны эрдмээсээ залуу уяачдадаа зааж зөвлөн, нөмөр нөөлөг болж явна. Тэрээр нэгдлийн агент нэг хэсэг хийж явсныг эс тооцвол энэ насаараа л мал маллаж явсан юм билээ. Тухайн үедээ нэгдлийн олон малтай байсан болохоор зав чөлөө муутай байсных  юмуу 1967 оноос л морь уях болсон аж. Тэр жилээ Төв аймгийн Баянцагааны Маарамбын Баярын адууны удмын цавьдар азаргыг  аймгийн наадамд мордуулан түрүүлгэж,  сумын наадамд хоёр удаа аман хүзүүдүүлжээ. Түүнээс хойш гаргасан амжилтуудаас нь дурдахад: 1969 онд хар соёолонгоо гуравт, 1979 онд халтар их нас гуравт, 1982 онд хонгор их нас аман хүзүү, 1984 онд хар азарга дөрөвт, 1984 онд хар  шүдлэн  түрүү, 1985 онд хонгор  их нас гуравт, 1985 онд зээрд соёолон аман хүзүү, 1985 онд хар хязаалан аман хүзүү, 1986 онд хар азарга аман хүзүү, 1987 онд хар азарга, хар даага гуравт, 1990 онд хар шүдлэн гуравт, 1992 онд хар соёолон аман хүзүү, 1992 онд хар хязаалан дөрөвт, 1994 онд хар азарга аман хүзүү, 1994 онд хар их нас аман хүзүү, 1994 онд зээрд халзан соёолон, хар шүдлэн тус тус түрүүлэн, 1995 онд хар азарга, хар их нас аман хүзүүдэн, 1996 ондоо дахин  аман хүзүүдэж байжээ. Тэртээ 1994 он наадмаар зээрд халзан соёолон, хар шүдлэн хоёроо   түрүүлгэж, хар азарга, их насаа  аман хүзүүдүүлэн нэг наадмын 2 түрүү, 2 аман хүзүүг авч байсан аатай түүх түүнийх. Түүний уяж хурдлуулсан хүлгүүдээс 21 хар зүсмийн адуу нь хар азарганых нь үр төл юм билээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна