Хонгор халзангийн хийморьтой эзэн

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 08 -нд

Монгол төрийн наадамд гурвантаа алтан жолоо өргүүлсэн МУ-ын Алдарт уяач Д.Ханддоржийн хонгор халзан морины талаар мэдэхгүй хүн нэгээхэн ч үгүй бизээ. Халхын наадмын дэвжээг хонгор халзан мориороо чимж явсан хорьдугаар зууны манлай уяачдын нэг Д.Ханддорж агсан адилхан хүсэл зорилготой нэгэн анддаа хонгор халзан үрээ бэлэглэж, хожмоо дуурсагдах алдрын эзэн болгосон  билээ. Тэр хүн бол Адаацаг сумын харьяат МУ-ын Алдарт уяач Гангийн Лхагва-Очир юм.
Г.Лхагва-Очир Алдарт 1937 оны үхэр жил Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дахь Зоргол хайрханы энгэрт айлын ууган хүү болон мэндэлжээ. Түүний төрсөн эцэг Самдан нь бага балчирт нь өөд болж ээж Содномпил нь дахин шинэ амьдрал үүсгэсэн байна. Г.Лхагва-Очир өвөө Гангаараа овоглодог бөгөөд есөн настай байхад нь хойд эцэг Цэнддорж нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг  Үнстийн Цагаан-Овоо хэмээх газар ирж суурьшин дуу хуурын өлгий нутгийн хүү болсон түүхтэй. Доороо таван дүүтэй айлын ууган хүү төд удалгүй тусад орж айлын адуу маллан, отор хийх болсон аж. Тийнхүү явахдаа ганц нэг адуу цуглуулан “хөх” хэмээх Адъяа, “заан” Сосор, “нусгай” хэмээх Балжин зэрэг нутгийн хөгшчүүлийг даган уяаны эрдэм ухаанд суралцсан гэдэг.
Алдарт уяачид анхны айраг амсуулж морь уяхын шимийг мэдрүүлсэн хүлэг бол  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул “дүлий” хэмээх Сандуйжаваас авсан алаг морь нь юм. Алаг морь 5-р сарын 1 буюу Майн баярын уралдаанд аман хүзүүнд  хурдлан адуу дагасан эр хүний бахдалыг мэдрүүлжээ.
Г.Лхагва-Очир Алдартын нэрийг дуурсган хурдалсан өөр нэгэн хурдан хүлэг бол алдарт хүрэн морь нь. Хүлэг эзэн хоёр биенээ хайж явдаг гэдэгчлэн хүрэн морь, Лхагва-Очир хоёрын учирсан түүх бас л сонин. Г.Лхагва-Очир шинэ гэрийн найр хийж амьтан ах дүүсээ цуглуулан дуу хуур болж байхуй дор нутгийн Довчин хэмээгч айлчлан ирж нэг адуу бэлэглэжээ.
Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг ч Довчин хашин гэж  жигтэйхэн урагшаа ахина гэж мэддэггүй Бухан хүрэнгээ найр тавьсан байлаа. Гэтэл хашин хойргоороо зартай хүрэн морь шинэ эзэндээ ирсэн даруйд хазаар даран хурдалж, 1962 онд болсон залуучууд оюутны анхдугаар фестивальд 280 гаруй мориноос аман хүзүүнд хурдлах нь тэр.
Тэр цагаас хойш Г.Лхагва-Очир хүрэн морь хоёр олон  наадмыг чимж, сумандаа арав гаруй айрагдан  “Лхагва-Очирын хурдан хүрэн” хэмээн алдаршсан билээ.
Гэхдээ Лхагва-Очирыг Алдарт цолонд хүргэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүлэг бол дээр дурдсан бэлэгний хонгор халзан үрээ юм. 1976 онд тэрээр уугуул нутгийн анд Ханддоржтой улсын наадамд явж. Тэгэхэд нь найз нь хошного нь өтсөн хонгор халзан даагыг зааж “чамлах хэрэггүй шүү” хэмээн найр тавьсан гэдэг. Нээрэн ч хонгор халзан үрээ чамлахын чөлөөгүй хурдан ажнай байсан бөгөөд ирсэн жилээ сумын наадамд түрүүлж, дараа жил нь амжилтаа бататган ахин алтан жолоо өргүүлсэн билээ. Харин бүдүүрсэн хойноо аймгийнхаа баяр наадамд хоёр түрүүлж тэр хавьдаа нэрлэгдэж байв.
Хонгор халзан азарга өөрөө хурднаас гадна үр төл сайтай ёстой л буянтай мал байсан бөгөөд төл хонгор морь нь аймгийн наадамд нэг түрүүлсэн бол өөр нэг төл цоохор үрээ 1979 онд аймгийн баяр наадамд мөн л  түрүүлж байжээ. Алдартын нэртэй хар цоохор даага аймгийн наадамд түрүүлж, хээр үрээ аман хүзүүдэж байсан нь цөм хонгор халзан азарганы үр төлүүд. Эцгийн шийрийг хатаан хурдалсан өөр нэгэн төл хонгор халзан азарга нь 1991 онд аймаг байгуулагдсаны 50 жилийн ойгоор аман хүзүүнд хурдалсан бол отгон төл цагаан үрээ  мөн л их хурдалж сумандаа арав гаруй түрүүлж айрагджээ.
Г.Лхагва-Очир хурдан тууртуудынхаа буянаар  2004 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн бөгөөд өдгөө хүү Л.Ганзориг нь мөн хурдан хүлгийн уяа эвлүүлж, хусуур, сойз бүслэн сумын Алдарт уяачаар эрэмбэлэгдээд байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна