Аймгийн Алдарт уяач Д.Хуягбаатар: Нутгийн наадамд морь түрүүлгээд, том шагнал авах сайхан юм билээ

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 15 -нд

-Эцгийн шийрийг хатааж буй удам дамжсан уяач уяа морь унахаас л гараагаа   эхэлсэн болов уу? Сайн унаач шаггүй уяач болдог гэдэг дээ?
-Уяач аавын хүү хурдан морь унахгүй байна гэж юу байхав. Хамгийн анх 1964, 1965  оны үед л  юм болов уу даа. Сайхан-Овоо сумын уугуул Сээмэгийн Баатар гэж нагац ахынхаа морийг унаж түрүүлгэж байлаа. Баатар ах манай ээжийн төрсөн дүү нь байгаа юм.
Сумынх нь наадамд саарал азарга, хар морь хоёулаа түрүүлж, аймгийн наадамд айрагдаж байсан санагдана. Түүний дараа 1969 оны 9-р сарын 1-нд аавынхаа уясан хар даагыг унаж түрүүлгэж байлаа. Тэгэхэд 80-аад даага мордож миний хар даага хол түрүүлж байсан юм.
-Шаггүй л унаач байсан юм байна?
-Тэгэхдээ олон жил унаагүй ээ. 1970 оноос мориноос хасагдаж, туслах уяачийн ажилд шилжсэн. Аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн хээр хязаалан, хээр даагыг уяхад аавдаа тусалж байснаа мартдаггүй юм. Тэр хээр хязаалан нэгдлийн үрээ байсан. Хурдан адуу байж билээ хөөрхий. Тэгж байгаад 1978 онд цэрэгт татагдан хотод барилгын цэргийн 073-р ангид алба хаагаад 1981 онд халагдаж ирсэн. Тэгээд 1983 оноос бие дааж морь уяж эхэлсэн дээ.
-Бие дааж морь уяад авсан анхны айраг түрүү хэдэн онд байв?
-Хулд сумын тэмээчин Дэмбээ гуай  улсын аварга малчин болж, хавар тэргүүн сарын шинийн гурванд морь уралдуулсан юм. Тэгэхэд миний буурал азарга аман хүзүүдэж анхны айргаа амсаж байлаа. Түүний дараа 1984 онд Луус сумын баяр наадамд хязаалан хүрэн үрээ таваар давхиулсан. 1985 онд Адаацаг сумын наадамд хээр морио түрүүлгэж, хар үрээ айрагдуулсан. 1986 оны аймгийн наадамд хүрэн соёолон аман хүзүүдүүлсэн. Түүнээс хойш олон оруулсан даа. 2001 онд аймгийн баяр наадмын хоёр түрүү, найман айргийн амжилтаар аймгийн Алдарт уяач цолыг хүртчихээд 2002 онд Эрдэнэдалай суманд даага түрүүлгэж байлаа.
-Аймаг байгуулагдсаны 70 жилийн ойгоор хязаалан морь түрүүлгэж Ланд-200 машинаар шагнуулсан. Тэр таны авч байсан хамгийн том бай байсан биз?
-Тэгэлгүй яахав. Монголын хамгийн том бай шагналтай наадам манай аймгийн 70 жилийн ой болсон гээ биз дээ. Тэгэхээр хамгийн том бай шагнал нь болж таарнаа даа. Сайхан л юм билээ. Нутгийн наадамд морь түрүүлгээд тийм том шагнал авах.
-Шагналын машинаа унаж байгаа юу?
-Үгүй ээ. Хөдөөгийн бидэнд нэг том асуудал байна. Хаана тэр үнэтэй машиныг унахав. Ямар малдаа унаж давхиад байлтай биш. Дээр нь хийдэг бензин нь эндээс манай суманд байхгүй. Машиндаа бензин хийнэ гээд Эрдэнэдалай юмуу аймгийн төв явж байлтай биш гээд зарчихсан. Тэгэхдээ хоосонгүй ээ. Оронд нь Ланд-80 авсан. Хөдөөд түүн шиг сайн унаа алга.
-Тэр ч тийм байх шүү. Түрүүлдэг хязаалан танай унаган адуу юу?
-Тиймээ, манай унаган адуу. Эх нь манай буурал азарганы төрсөн дүүгээс гарсан халзан гүү харин эцэг нь Угтаалын Тэрлэг  хэмээх Баярсайханы хонгор азарга байдаг юм. Зээрд халзан үрээ маань даагандаа ойр зуурын наадмуудад 4-5 ч удаа орж, шүдлэндээ Эрдэнэдалай сумын наадамд түрүүлж ирээд тугны гадуур орж тавд баригдаад, давхар уяагаар Хулд, Цагаандэлгэр сумдын наадамд тус тус түрүүлсэн. Тэгээд дараа жил нь хязааландаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын наадамд очиж түрүүлээд, давхар уяагаар аймгийнхаа баяр наадамд түрүүлж тэр том байг авч байгаа нь тэр.
-Түрүүлсэн азарга бас танай унаган адуу гэдэг билүү?
-Тийм. Аавдаа өгсөн юм. Түрүүлдэг буурал азарганы эцэг нь аймагт нэг түрүүлж, гурав айрагдсан их хурдан адуу байгаа юм. Шүдлэндээ Эрдэнэдалай сумын 70 жилийн ойд 280 хэдэн үрээнээс түрүүлж , хязааландаа Дэрэн сумын наадамд очиж 180-аад үрээнээс мөн түрүүлсэн. Ер нь их хурдан буян   даа. Тийм хурдан амьтны төл хурдан байхаас яахав.
-Эх нь ямар гүү байдаг юм?
-Говь-Угтаалын Түвдэн Алдартын шарга гүү байсан.
-Буурал азарга аймгийнхаа ойд түрүүлэхээс өмнө ямар амжилт гаргасан бэ?
-Сумандаа түрүүлчихээд аймагт ирсэн нь тэр. Бараг уягдаагүй битүү шахуу адуу даа.
-Сайхан дурсамж сэтгэлд өег байдаг. Тийм наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Их бай авснаараа тэр ч юм уу аймгийн 70 жилийн ой байна. Тэр том бай шагналтай наадамд хүн болгон л адуугаа оруулчихъя гэж бодож байсан байх. Гэтэл манайхны хоёр үрээ түрүүлсэн. Түүнээс гадна энэ жил Төв аймгийн Бүрэн сумын наадамд 16 адуутай дөрвөн  түрүү, 10 айраг авсан. Түүгээрээ нэлээд бахархаж байгаа. Ховорхон л завшаан байх.
-Өнгөрсөн жил улсын наадамд аман хүзүүдсэн халзан дааганы уяаг та тааруулсан байхаа. Тэр төрийн наадмын анхны айраг уу?
- Анх удаа улсын наадамд ирж байгаа нь тэр. Улсын наадам гэдэг аргагүй том юм билээ. Хүн танихгүй, газар мэдэхгүй жаахан сүрдэж л байлаа.  Бага хүү Лхагважавтайгаа хамтарч морьдоо уясан. Даага аман хүзүүдэж, нэг үрээ наймалсан.
-Могой жил гарсаар ямархуу амжилттай наадав?
-Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болсон “Таван толгой” транст компанийн уралдаанд бага хүү маань  дээд гурван настай очоод азарга, их морио аман хүзүүдүүлж, соёолонгоо наймт хурдлуулсан. Түүний дараа аймгийн хаврын бүсийн уралдаанд азарга зургаалуулж, соёолон гуравлуулсан.
-Танай хөвгүүд цөм морь уях уу?
-Би гурван хүү, нэг охинтой. Гурван хүү маань гурвуулаа морь уяна. Том хүү аймгийн Алдарт уяач Доржхорол гэж хүн бий. Хоёр бага нь хоёулаа сумын Алдарт уяач цолтой. Адуу дагасан эр хүн хийморьтой байдаг болохоор хүүхдүүдээрээ бахархаж л суудаг юм.
-Таныг болон танай гэр бүлийнхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай. Амжилт хүсье.

А.Тэлмэн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.