Аймгийн Алдарт уяач Б.Ерөөлт: Хүрэн халзан морь маань тав уралдаж тав түрүүлээд байна

Тэлмэн
2013 оны 4-р сарын 18 -нд

-Энэ цагийн хурдан буянгуудын нэг хүрэн халзан морины эзэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Хүрэн халзан морио өөрийн болгосон түүхээсээ хуваалцаач?
-2011 оны 8 сард Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 30 жилийн ой болж би даага, их морьтойгоо очиж найзынхаа уяан дээр буусан юм. Тэгэхэд хүрэн халзан морины эзэн Үнэнбаяр бас тэр уяан дээр бууж таараад анх танилцаж байлаа.
-Тэр үед л анх халзан морио олж харсан уу?
-Тиймээ. Их морины уралдааныг дагаж үзсэн юм.Тэгэхэд хүрэн халзан морь их хойно эргэсэн ч урагшилсаар байгаад миний хүрэн морины дараагаар  орсон. Тэр үед үнэхээр хурдан морь байна даа гэж бодож байсан ч ямар нэг байдлаар санал тавиагүй ээ. Уг нь тухайн үед би сайн их морьтой больё доо гэж бодож байсан юм.
-Их насны мориор наадах илүүтэй сонирхолтой юу?
-Тэр зун 7-р сарын 20-ны үеэр Дарханы наадамд уралдах гээд  явсан хойгуур Хүй долоон худагаас  6-7 тооны морио алдчихсан байсан.Тэр дунд миний өөрийн гурван их насны морь, хоёр соёолон, манай найзын хоёр морь  байсан юм. Хайсан ч  ямар ч сураг гараагүй. Тиймээс сайн морь олж ирье гэж бодож байсан юм. Тэгээд л тэр намраа Сүхбаатар явж  Бор-Өндөрийн ой дээр харсан хүрэн морио авсан даа.
-Хурд нь танигдсан адуу чамгүй үнэтэй гэдэг. Халзан морио хэр үнэрхсэн бэ?
-Тэрийг заавал ярих хэрэг байна уу. Хүрэн халзан морины эзэн Үнэнбаяр найз маань их сайн залуу. Хүнд юм өгсөн шиг өгдөг. Хор нь гарчихсан. Тийм хүнээс адуу авбал юм болдог юм билээ. Надад халзан морио өгье  гэж өгсөн байх. Ирээд л түрүүлсэн. Сая Дүнжингаравт түрүүлэхэд нь Үнэнбаяр найз маань энд ирээд  хамт байсан. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад найздаа цаг үргэлж баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. Та бүхэн дамжуулж өгөөрэй.
-Би нэлээд үнэтэй авсан гэж сонсож байсан юм байна?
-15 сая төгрөгөөр л авсан. Үнэнбаярын аав нь аймгийн Алдарт уяач Очирбат гэж сайхан буурал байсан. Хүрэн халзан морь Онгон сумандаа биш ч тойрсон сумдынхаа наадмуудад 5-6 удаа айрагдаж байсан юм билээ. Надад ирэхээсээ өмнө 2011 онд Сүхбаатартаа болсон аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шарга” уралдаанд гурвалж байсан.
-Хүрэн халзан морь яг аль сумын адуу юм бэ?
-Онгон сумын адуу. Хүмүүс харин андуурч бичээд байдаг юм.
-Хүлэг эзэн хоёрын учрал гэж байдаг юм шигээ?
-Магадгүй л юм. Над дээр 2011 оны 10 сард ирээд  2012 оны хавар нь  “Жейл” ХХК-ийн нэрэмжит уралдаанд түрүүлээд давхар уяагаар Дүнжингаравын хурдад түрүүлсэн. Тэр үед халзан морины уяаг Дааган хэмээх Цэндээ ах маань тааруулсан. Цэндээ ахыгаа би уяаны багшаа гэж бодож явдаг. Олон  ч зүйлд суралцсан.
-Өөрийг тань бие даагаад уяа байгуулаад гарсан гэж байсан?
-Тиймээ Цэндээ ахыг маань гэсэн хүмүүс олширч олон морьдтой болчихоор нь бид хэд ярьж байгаад “Чонон саарал” гэж гал байгуулан энэ хавраас эхлээд тусдаа бие даан уях болсон.
-Мянгадын Чонон саарал морины нэрээр нэрлэсэн юмаа даа?
-Би Ховд аймгийн Чандмань сумынх. Харин манай найз Мэндсайхан, Энхбаяр нар маань Мянгад сумынх. Та бүхэн мэдэх байх Мэндсайханы маань хээр морь ноднин Дүнжингаравын хурдад дөрөвлөсөн. Хуульч мэргэжилтэй сайн залуу бий. Ховдын залуучууд нэгдсэн учраас галаа “Чонон саарал” гэж нэрлэсэн. Бид гурав дээр моринд дуртай хэд хэдэн залуучууд нэмэгдэн манайх өнөр болж байгаа. Бас Үнэнбаярын маань их морь, соёолон хоёр манай уяан дээр байдаг юм. Өнгөрсөн 2-р сард Дарханд  болсон уралдаанд Үнэнбаярын маань хул морь нь түрүүлж, нэг соёолон нь айрагдсан. 2 сарын 16-нд Сэлэнгийн Номгонд болсон уралдаанд миний хүрэн халзан морь түрүүлж, давхар уяагаар Дүнжингаравт түрүүлээд, дахиад Эрдэнэтийн бүсэд очиж амжилтаа бататгасан. Хүрэн халзан морь маань над дээр ирээд тав уралдаж тав түрүүлээд байна. 
-Хүрэн халзан морио яагаад зуны наадамд мордуулдаггүй юм бэ?
-Хөл нь  дээгүүрээ жаахан чинээ авчихаад өнгөрсөн зун өнжөөсөн. Энэ зун бол уралдана.
-Энэ жил халзан мориныхоо уяаг өөрөө гардан тааруулсан гэсэн. Ер нь уяаны ямар онцлогтой адуу вэ?
-Хүрэн халзан морь бэлэн давхилтай адуу. Сайн адуу гэдэг бол сайн л юм билээ. Уяачдаа хүртэл их юм сургадаг.Сайн адуу учраас аль болох алдахгүйн төлөө хичээнэ, чармайна. Ер нь давхар уяандаа илүү хурдалдаг. Алсаас тамирыг нь авахуулаад уяхад яваад л байх янзтай байдаг юм.
-Ингэхэд халзан мориндоо нэр хайрлаа юу?
-3-4 нэр яригдаж байгаа. Тэгж байгаад нэгийг нь сонгоно доо. Энэ зун хүрэн халзан мориныхоо мялаалга уралдааныг хийе гэсэн бодолтой байгаа.
-Өнгөрсөн зун зүүн бүсийн наадамд гуравласан зээрд шүдлэнгийнхээ талаар яриач?
-Аймгийн Алдарт уяач Ганбат гэж найзаасаа хоёр үрээ авсаны нэг нь тэр зээрд шүдлэн байгаа юм. Тэгэхэд авсан бор шүдлэн, зээрд даага хоёр хоёулаа л хурдан байсан. Дарханы 50 жилийн ойн наадамд бор шүдлэн нь түрүүлээд, зээрд даага нь дөрөвлөж байсан бол Архангайн наадамд зээрд нь 12-оор бор нь 6-аар давхиж байсан. Дээр ярьсан Бор-Өндөрийн 30 жилийн ойд аман хүзүүддэг даага чинь тэр зээрд байхгүй юу. Тэр үед шүдлэнг нь мордуулаагүй юм.
-Өнгөрсөн жилийн улсын наадамд мордуулсан юм уу?
-Уг нь мордуулсан л даа, гэхдээ таргадаад 30 гаргаж давхисан. Түүний дараа зүүн бүсэд очиж гурвалсан нь тэр.
-Сүхбаатар зүгийн адуугаар түлхүү нааддаг юм байна. Гэхдээ залуу хүн шинэ монгол адуутай л биз дээ?
-Манай нэг найз Читаас Англи Будёный азарга авчирч өгсөн. Түүнд зүүн зүгийн гүүнүүд хураалгаад эхний төл нь гарч байгаа.
-Ерөөлтийг хурдан морьтой холбосон хүчин зүйл нь юу вэ?
-Манай өвөө аав Ховд аймгийн Чандмань уугуул, сумын заан цолтой бөх хүн байсан. Барилдахын хажуугаар морь уяна.Чандманийхан бол андахгүй дээ. Балбаа заан гээд л. Би сургуульд орох жилээ аймаг руу шилжчихсэн болохоор өвөөгийнхөө уядаг байсан морьдын талаар сайн санадаггүй юм. Манай аав хүний эмч мэргэжилтэй ч бас л морь уядаг хүн байсан. Би аавынхаа уясан морийг 1-р ангиасаа эхлээд 8-р төгстлөө унасан. Аавд Чандмань, Дуут болон аймагт олон айрагдаж түрүүлсэн шар хээр морь байж билээ. Түүнийг унадаг байсан. Тэгж байгаад сургууль соёл гээд нэг хэсэг завсарласан.
-Ямар мэргэжлээс уяач руу урвачихав?
-Санхүү эдийн засгийн дээд болон Удирдлагын академийг төгссөн.
-Моринд эргээд идэвхтэй орсон нь хэдэн он бэ?
-2002 онд ЗИЛ-130 машинтай очиж аавынхаа үлдээсэн адуунаас гайгүй гэснийг нь авчирч Өлзийт хороололд уях болсон. Тэндээ хичнээн сайн байсан ч энд ирээд аргагүй чамлагддаг юм билээ. Нутгийн адуугаа уяж улсын наадамд мордуулахад  80 хавьцаа ирж байсан. Тэгээд л зүүн зүгийн адуугаар цус сэлбэх болсон доо. Эхэндээ ч адуу маллах хүн олдохгүй. Зараар малчин аваад 1-2 жил ажиллуулсан. Сүүлдээ нийслэлийн Алдарт уяач Дашдорж найздаа адуугаа аваачиж өгөөд бас хоёр жил орчим уяулсан. Тэр хугацаанд том жижиг олон наадамд морьд маань түрүүлж айрагдаж байсан.
-Аймгийн Алдарт уяач цолны болзол аль эрт биелэсэн юм байна шүү дээ?
-Сая Дүнжингаравын дараахан аймгийн Алдарт уяач цолоо авсаан.
-Сүүлийн үеийн халуухан сэдвүүдийн нэг нь хурдан морь унаач хүүхдийн асуудал болоод байна. Найман жил хурдан морь унасан гэсэн шүү дээ. Морь унахын сөрөг тал гэж бий юу?
-Морь унаад муудлаа гэсэн үг би нэгийг ч дуулж байгаагүй. Харин бүр бие физиологийн хувьд ч тэр сэтгэл зүйн хувьд ч тэр бусдаас илүү байдаг байх. Морь унасан хүүхдийн бие давжаардаг гэдэг. Гэтэл би өсөлт сайтай гэгдэн бөх болохоор ноцолдож явсан удаатай. Бидний үед ч гэсэн нэг өдөр гурван насны морь унадаг. Одоогийнх шиг ундаа элбэг байгаагүй, цангаж ирчихээд чулуу хүлхэн амныхаа цангааг гаргаад явдаг байсан. Тэглээ гээд надад лав муу юм болоогүй.
-Та хүүтэй юу?
-Бий, гурван хүүтэй.
-Хурдан морь унадаг уу?
-Унаа морь унана. Мөн тар сунгаан дээр хурдан морь унадаг. Харин уралдаанд унаж байгаагүй. Гэхдээ энэ зун нэг нь унах байх.
-Таны морьдыг хэн унадаг юм бэ?
-Хоёр хүүхэдтэй залуу гэр бүл манай туслах малчнаар ажилладаг.Тэдний хөвгүүд тогтмол цалинтайгаар манай морьдыг унадаг. Өлзийт хорооллын сургуульд сурч, хичээлийнхээ заваар аавдаа тусалдаг. Энэ өвөл хүүхдүүд сар амарсан шүү дээ. Тэр үеэр Дүнжингаравын хурд таарсан.
-Унаач хүүхдэд тогтмол цалингаас гадна шагнал урамшуулалын 20 хувийг олгох ёстой. Хүрэн халзан морины унаач хоёр бүсийн наадмын түрүүнээсээ хоёр сая төгрөгийн урамшуулал авах ёстой. Түүнийгээ авсан болов уу?
-Манай унаач хүүхдүүд тогтмол цалинтай. Дээр нь баяр наадмын тухай хуульд заасны дагуу бай шагналынхаа  20 хувийг тогтмол авдаг. Хоёр бүсийн наадмынхаа бай шагналын зохих хувиа авсан. Энэ тал дээр бид анх ирэхэд нь ярьж тохирсон.
-Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах хамгийн анхны алхам бол хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй мордуулах. Энэ талаар хэрхэн санаа тавьдаг вэ?
-Хангалгүй яахав. Манай хүүхдүүд хамгаалалтын хувцастай морддог.Хувцас хэрэгслийн тухайд санал нийлж байгаа ч би хувьдаа эмээлийг сайшаадаггүй. Баруун аймгуудад тохомтой уралдуулдаг. Энэ нь аюул багатай байдаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Монголынхоо нийт морь сонирхогчид тэр дундаа Ховд нутгийнхандаа мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт ивээгдэж явах болутгай.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна