Аймгийн Алдарт уяач Д.Дуйнхаржав: Хаврын уламжлалт уралдааныг 10 дахь жилдээ зохион байгууллаа

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 24 -нд

Хоймор нутгийн уяачдын цуврал ярилцлагын ээлжит дугаар хүрч байна. Энэ удаа Төмөрбулаг сумын уугуул, Арбулаг сумын суугуул, аймгийн Алдарт уяач Дандгайсүрэнгийн Дуйнхаржавтай цөөн хором хөөрөлсдсөнөө сийрүүллээ.
-Сайхан хаваржиж байна уу?Алдарт нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Сайхан хаваржиж байнаа. Нас сүүдэр энэ жил 84 хүрч байна даа. Арбулаг сумынхаа хамгийн ахмад уяачид тооцогддог юм.
-Хурдан морины уяа эвлүүлээд хагас зуун жил лав болсон юм байна даа?
-1940 оны үед 7-8 настайгаасаа эхлэн аавынхаа болон нутгийн буурлуудын уясан хурдан морьдыг унах болсон. Сум аймгийн наадамд 30 гаруй удаа түрүүлсэн Бүрэнтогтох сумын уугуул Ядамын алдарт ногоон морийг ид байх үед унасан морио урд нь оруулж байснаараа бахархдаг юм шүү. /инээв/ Унаач хүүхдийн хувьд тэр бол мартагдашгүй сайхан дурсамж байгаа юм.
-Хаанахын хэдэн оны наадам бэ?
-Төмөрбулаг сумын наадамд 1942 онд өөрийн сумын Хушааны Намсрай гэдэг хүний хурдан саарал морийг унаж түрүүлгэсэн юм.
-Тэгвэл хэзээнээс бие даан морь уях болсон бэ?
-Аав нас өндөр болж би 15-16-тайгаасаа хойш бие даан морь уях болсон доо. Цэрэгт явтлаа морь уяж байгаад сумандаа өөрийн хурдан бор морио айрагдуулж л байлаа. Тэр бор морь өмнө нь аймгийн наадамд айрагдаж байсан юм. Тэгээд 1953 онд цэргээс халагдаж ирээд 1960 оныг хүртэл бас хэдэн жил морь уясан.
-Түүнээс хойш нэг хэсэг завсарласан хэрэг үү?
-1960-1990 он хүртэл Хөвсгөл аймгийн Шүүхийн байгууллагын шүүгч, орлогч даргаар ажилласан. 1990 онд тэтгэвэртээ гараад уяачидтай нийлэн эргээд морио уясан даа. Сум, аймаг нийлсэн 20 гаруй айраг, түрүүтэй. Борлог морь, хүрэн морь маань сумынхаа наадамд олонтаа айрагдаж түрүүлсэн. Аймгийн баяр наадамд хүрэн морь үрээндээ аймагт хоёр ч удаа  айрагдсан. Хээр морь, бор морь хоёр маань тус бүр аймагт нэг нэг удаа айрагдсан.
-Хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-Сумын Алдарт уяач цолоо 2003 онд, харин 2012 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан. Ахмад хүний хувьд аймгийнхаа хурдан морийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар сүүлийн 10 жил залуу уяачдаа уриалан хаврын сар шинийн бооцоот уралдааныг өөрийн гадна зохион байгуулдаг болсон. Сүүлдээ уламжлал болоод жил ирэх тусам цар хүрээ нь өргөжиж байна. Цагаан сарын өмнөхөн юм уу дараа нь дээд гурван насны морьдын уралдааныг зохион байгуулдаг. Энэ жил цагаан сарын дараа шинийн гурванд хийсэн. Арбулаг, Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл, Түнэл, Мөрөн сумдын гайгүй гэсэн морьд ирж уралдан нэлээд өтгөн наадам болсон. Цаашдаа энэхүү уралдаанаа аймгийн бүсийн статустай болгох талаар холбооны удирдлагуудад хүсэлт гаргана гэж бодож байгаа.
-Нас өндөр болохоор тэр болгон бүгдийг гардан хийж чаддаггүй байх. Уяаны ажилд тусалдаг багачуул бий биз дээ?
-Ах нь хоёр охин, нэг хүүтэй. Хүү маань морь уяж л байна. Морьд нь ч гайгүй байгаа. 
-Та бүхнийг хурдан тууртын хийморь ивээж явах болтугай. Ярилцсанд баярлалаа.

А.Мөнх

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна