Дуудлага худалдаа энэ сарын 5-нд болно

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 01 -нд

Тод манлай ах дүү уяачид олон жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд Макс угшлын хурдан удмын адуун сүргийг бий болгосон. Эдгээр хурдан удмын адуун сүргээс морь сонирхогчдодоо хурд хуваахаар шийдэж, дуудлага худалдаа зохион байгуулах гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү дуудлага худалдаанд улс бүсийн наадамд түрүүлж, айрагдаж байсан Асгат саарал, Орос зээрд, Зандан хүрэн, Жигүүр хул, Шарга азарга, Хар шилбэт зэрэг хурдан азаргануудын үр төлийг оруулахад бэлэн болжээ. Тэгэхээр хурдан морь сонирхогчдын хувьд Халхад нэр цуугаа дуурсгасан алдарт хүлгэдийн үр төлүүдийг өөрийн  болгож, адуун сүргийнхээ удам, угшлыг сайжруулах таатай боломж бүрдээд байгаа аж. Үүнд дараах хурдан удмын үрээ, байдсыг дуудахаар болсон билээ.  

1. Хүрэн эрлийз соёолон- Эцэг нь Будённый угшилтай оросоос орж ирсэн Бунт хээр азарганы төл. Энэ соёолон үрээ Говь-Алтайн даншиг наадамд зургаад хурдалж байсан бөгөөд эх нь улсад айрагдсан Арвай хээр азарганы удам Сохор хүрэн гүүний төл болно.
2. Халтар хавчиг үрээ- Эцэг Асгат саарал азарга нь улсын наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэн, Архангай аймгийн 80 жилийн ойн баяр наадамд түрүүлж, Их хурдад айрагдаж байсан хурдан буян. Харин эх нь МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн шарга гүү. Халтар үрээний ах халтар азарга “Тамирын хурд-2” бүсийн уралдаанд шүдлэндээ түрүүлж, Хэрлэнгийн Хөдөө аралд болсон зүүн бүсийн уралдаанд айрагдаж байсан юм. Азарга тавих боломжтой.
3. Засаатай хул үрээ- Эцэг нь Асгат саарал азарга. Эх нь Дэлт хээрийн хамаатан халиун гүү. Дэлт хээр нь улс, бүсийн наадамд түрүүлж айрагдаж байсан хурдан буян. 
4. Улаан шарга соёолон- Эцэг Зандан хүрэн азарга нь улсын наадамд  гурвалж, Архангай аймгийн 80 жилийн ойн баяр наадамд түрүүлж байсан юм. Эх нь халиун азарганы төл, халиун гүү.
5. Саарал даага-Эцэг нь Асгат саарал азарга. Эх нь тогоруу хонгор гүү.
6. Өсгий цагаан хул даага-.Эцэг Жигүүр хул азарга нь Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд түрүүлж байсан. Эх нь Дорнот угшилтай алаг гүү.
7. Зээрд байдас /эрлийз/- Эцэг нь будённый үүлдэрийн Орос зээрд азарга. Энэ азарганы төлүүд болох Сөнгө зээрд, Тэнхлүүн зээрд азарга улс, бүсийн наадмаас олон түрүү, айраг авсан. Эх нь Дорнот гүү.
8. Зээрд байдас /эрлийз/-Эцэг Хар шилбэт азарга нь Чойрт болсон Боржигоны бүсийн уралдааны түрүүлж, Заамарын хурдад айрагдаж байсан. Эх нь оросоос орж ирсэн Будённый зээрд гүү.
9. Саарал байдас /эрлийз/-Эцэг нь оросоос орж ирсэн Будённый үүлдрийн Бунт нэртэй азарга, харин эх нь Жаргалант угшлын хул гүү.
10. Хар байдас- Эцэг нь Асгат саарал азарга. Эх нь МУ-ын Алдарт уяач Э.Ганбатын хул гүү.
11. Шарга даага-Эцэг шарга азарга нь Архангайн 80 жилийн ойн наадмын шүдлэнгийн түрүү, соёолондоо Өндөр гэгээний мэлмий гийсэний 370-н жилийн ойн  наадамд дөрвөлж, Багануурт болсон Дүнжингаравын хурд уралдаанд  аман хүзүүдэж байсан. Шарга азарганы төлүүд доорх амжилт гаргаж байсан. Шарга соёолон Архангайн наадамд айргийн гуравт, Өмнгөговийн наадамд аман хүзүүдсэн, дүү Шарга үрээ Говь-Алтайруу бэлгэнд яваад тус аймагтаа болон, Ховд аймгийн бүсийн уралдаанд олон түрүү, айраг хүртсэн. Эх нь Хар шилбэт азарганы төл. Хоёр талдаа удам сайтай.   
12. Хул үрээ- Эцэг нь Жигүүр хул азарга. Эх нь Сүхбаатар аймгийн угшилтай.
13. Асгат саарлын угшилтай сүүтэй даага, эхийн хамтаар.

Дуудлага худалдаа 2013 оны тавдугаар сарын 5-нд 13 цагт SS club-т болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 8806-1153, 8811-8819 дугаарт холбогдон авч болох юм байна. 
 
А.Мөнх



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна