МУ-ын гавьяат малчин С.Батаа: Төрийн хишиг ээлтэй болохоор энэ жил сайхан наадна даа

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 03 -нд

Дэлхийн хөдөлмөрчдийн өдөр, Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар байгаль орчин, мал аж ахуй, хөдөө аж ахуй, соёл урлаг, нийтлэг үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд төрийн дээд цол, одон медалийг гардууллаа.  Үүнд: 
Монгол улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Байгалийн түүхийн музейн чихмэлийн мастер Долгорын Дагиймааг,
Монгол улсын Гавьяат агрономич цолоор Хэнтий аймгийн “Шинжлэх ухаан, Хөдөө арал” компанийн агрономич Халтарын Жамъяндоржийг,
Монгол улсын Гавьяат багш цолоор Хөгжим бүжгийн коллежийн цохиурт хөгжмийн багш Бат-Өлзийн Зоригтыг,
Монгол улсын Гавьяат малчин цолоор Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин Содномын Батаа, Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн малчин Чоймболын Цамба нарыг,
Монгол улсын Гавьяат тээвэрчин цолоор Цахилгаан тээвэр ХК-ийн троллейбусны жолооч Хултайн Жаргалсайханыг,
Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Соёлын төвийн эрхлэгч Ичинхоролын Нарангэрэлийг,
Монгол Улсын уавьяат жүжигчин цолоор Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүлэгч гишүүн, ая зохиогч, дуучин Сономцэвээний Хүрэлбаатарыг,
Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Дорноговь аймгийн Саранхөхөө театрын ерөнхий найруулагч Нацагдоржийн Пүрэвдоржийг,
Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Ус сувгийн удирдах газрын засварчин Самбуугийн Батдэлгэр, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын мужаан Раашийн Сайнбуян нарыг,
Монгол улсын Хүний гавьяат эмч цолоор Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн их эмч Раашийн Батхишиг, Нэгдүгээр төрөх эмнэлгийн сэхээний тасгийн их эмч Чогсомын Содномпил нарыг тус тус шагнаж, хийж бүтээх их үйлсэд нь амжилт хүссэн юм.
Ийнхүү шагналаа гардан авсан шинэхэн  гавьяатуудын нэг  нийслэлийн Алдарт уяач С.Батаагийн баярын сэтгэгдлээс хуваалцлаа.
-Юуны өмнө “Тод магнай”-н уншигчдын өмнөөс танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс бидэнтэй хуваалцаач?
-Би улсад 35, 36 жил ажилласанаас 21 жилд нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Энэ олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж төр засгийн өндөр шагналыг  нутаг орон, хань ижил, хамтран ажиллагсадынхаа дэмжлэгтэйгээр Монгол улсын Гавьяат малчин болсондоо их баяртай байна. Тэр тусмаа манай “Түмэн магнай” галын  гишүүд болох Элбэгзаяа, Алтай  нартайгаа хамтран хурдан морины талаар олон бүтээлч ажлыг эхлүүлж, амжилттай яваагаа энэ баярын өдөр дурдахгүй өнгөрч болохгүй юм. Бид хэдийгээр газар газраас цугласан боловч галаа өөд нь татаж, галынхаа айраг түрүүний тоог нэмэхийн хажуугаар адууныхаа чанарыг сайжруулъя гэж сэтгэл санаагаараа нэгдсэн хамт олон байгаа юм.
Үүнээс гадна мал дээрээ гэхэд гадаадын ангусын ухна, үхэр, өндөр ашиг шимтэй хуц, Өвөрмонголын Ордосын цагаан ямаа, ноолуурын болон хар ямааг оруулж ирээд байна. Ер нь сүүлийн хорь гаруй жил 15-20 мянган тоо толгой малыг тогтмол өсгөж ирлээ.
-Он гарсаар Даваахүү Тод манлай Хөдөлмөрийн баатар боллоо.  Та шагнал авах гэж байгаагаа хэзээ мэдсэн бэ?
-Сайхан байна. Могой жилийн босгон дээр  шагналд тодорхойлогдсон ч ганц нэг бичиг баримт дутуу байгаад буцсан юм. Тийм болохоор эртнээс мэдсэн гэх үү дээ. Хүлээж л байлаа.
-Могой жил гараад хэрхэн наадаад байна вэ?
-Хууль номынх нь дагуу уралдах гээд зэхээд л байна. Түрүү нь Алтангадас одон авсан тэр жил  улс бүсийн наадмаас нэг түрүү, нэг айраг авсан. Төрийн хишиг ээлтэй байдаг болохоор энэ наадмаар ч сайхан наадна даа гэж бодож байна.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна