SS club-т болсон адууны наймаа

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 06 -нд

Тод манлай уяач Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын санаачлагаар Монголд анх удаа адууны дуудлага худалдаа энэ сарын 5-ны ням гарагт SS club-д боллоо. 13 цагт болохоор зар тараасан уг дуудлага худалдааг үзэж сонирхох морины хорхойтнууд амралтын өдөр болоод ч тэрүү их л алгуурхан цугларсан юм. Анх ах дүү Тод манлайн улс бүсийн наадамд олон түрүү, айраг хүртэж байсан Асгат саарал, Сөнгө зээрд, Зандан хүрэн, Жигүүр хул, Шарга азарга, Хар шилбэт зэрэг хурдан азаргануудын үр төлийг дуудлагаар худалдаалах болж 13 адууг нэрлээд байсан юм. Харин энэ тоо худалдаа болох өдөр 26 болсон байлаа. Энд Монгол улсын Тод манлай уяач Д.Онон, С.Ганхуяг, Манлай уяач Д.Одгэрэл, Б.Билэгдэмбэрэл Алдарт уяач Э.Ганбат нарын хурдан удмын адуунууд нэмэгдсэн байв.
12 цаг гэхэд худалдаанд орох адуунуудын түрүүч ирлээ. SS club-ийн  задгай талбайд морьдыг ийнхүү авчирч сонирхсон олонд ойроос харах боломжийг олгосон бол танхимд дэлгэцээр харуулж байлаа. Ийнхүү цагийн дараа худалдаа эхэллээ. Энэхүү арга хэмжээг хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын  бүжигчид алдарт “Жалам хар” бүжгээр эхлүүлсэн бол уртын дуучин Баасанжав “Жавхлант шарга”-аар түрлэг нэмлээ. Суудалдаа тухалсан морины хорхойтнууд дунд ах дүү Тод манлай нараас гадна Монгол улсын Тод манлай уяач Д.Онон, Манлай уяач Б. Бат-Өлзий, Алдарт уяач Т.Энхтайван,  2012 оны шилдэг уяач Т.Ихбаяр, аймгийн Алдарт уяач Д.Баяраа, Монгол улсын Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, С.Ганзориг нарын зочид цугласан байлаа.
Ингээд дуудлага худалдааны салхийг хагалж МУ-ын Алдарт уяач Э.Ганбатын сартай зээрд эр даагыг 6 сая төгрөгөөс эхлэн дуудлаа. Сарт зээрд Оросоос орж ирсэн Хулан нэртэй азарганы төл. Эх нь Оросоос орж ирсэн Англи-Араб үүлдрийн халзан гүү. Эхийн эх нь Сэмжидийн хонгор азарганы төл болох тухай хөтлөгч Цагаандалай танилцуулсан.  Энд пайзаа өргөх худалдан авагч гараагүй бол хоёрт Макс угшлын эрлийз хүрэн соёолонг 5 сая дуудлаа. Будённый угшилтай оросоос орж ирсэн Бунт хээр азарганы төл энэхүү хүрэн соёолон Говь-Алтайн даншиг наадамд зургаад хурдалж байсан бөгөөд эх нь улсад айрагдсан Арвай хээр азарганы удам Сохор хүрэн гүүний төл билээ. Наймаа хагалж  Увсынхан 6  сая төгрөгөөр үнэ хаялцан худалдан авсан юм. Увс аймгийн уяачдын холбоо тэргүүн Төгсжаргал  уяачдынхаа хамтаар тухалсан бөгөөд тус аймгийн Баруунтуруун сумын уугуул, “Бургасны ундарга” компанийн захирал Н.Батням адуун сүрэгтээ  Максын адуугаар ийнхүү “бүл нэмлээ”. Мөн Тод манлай уяач С.Ганхуягийн хээр халзан даагыг Увс аймгийн “Тэсийн гол” галын тэргүүн Дүгэр авсан бол Тод манлайн хээр даагыг 4,5 саяд Увс аймгийн МСУХ-ны тэргүүн Төгсжаргал, шарга охин даагыг тус аймгийн Өндөрхангай сумын уяач Батсайхан нар тус тус худалдан авлаа. Төгсжаргал тэргүүн Монгол орныхоо баруун хязгаараас зорин ирж анх удаа болж байгаа наймааг дэмжин оролцож байгаагаа  дуулгана билээ. Мөн Өвөрхангайнхан наймааны “хүчтэй өрсөлдөгчид” байсан юм. Тод манлай уяач С.Ганхуягийн Араб хүрэн халзан азарга, Дорнод аймаг, Халх голын Хул гүүний төл толин сартай хээр даагыг 5 саяас төгрөгөөс дуудаж 5,5 саяд Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” уяачдын холбооны дэд  ерөнхийлөгч Батбаяр худалдан авахаар боллоо. Энд сонирхуулахад  толин сартай  хээр дааганы эх хул гүү  нь Манлай уяач Билэгдэмбэрэлийн Улсын наадамд хязаалан насандаа айрагдсан хул үрээний эгч билээ. Харин Максын Саарал даагыг 3 саяас дуудаж 5,5 саяд мөн л Өвөрхангай аймгийн уяач З.Анхбаяр өөрийн болгосон. Саарал дааганы эцэг нь Асгат саарал азарга бол эх нь тогоруу хонгор гүү  юм.
Худалдааны хамгийн сонирхолтой наймаа бол West Mongolia /Гүү гишгүүлэх эрх / байлаа.  2009 онд АНУ-ын Кентаки мужид төрсөн West Mongolia-гийн эцэг Gone West нь америкийн үржлийн шилдэг  таван азарганы нэгд тооцогддог. Тэрээр нэг удаа гүү гишгэхэд 150 мянган доллар. Харин эх Secrettame нь алдарт Secretariat-н шууд төл юм. 5 саяас дуудсан гүү гишгүүлэх эрхийг  Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Аринболд өөрийн болгож чадлаа. 
Харин хамгийн олон адууг нэрээ нууцалсан Төв аймгийн нэгэн эрхэм худалдан авсан билээ. Тэрээр Максийн Өсгий цагаан хул даагыг, зээрд гүү, эр хул даагатай нь тус тус худалдан авсан. Өсгий цагаан хул даага нь Жигүүр хул азарганы төл юм. Харин эрлийз зээрд байдасын  эцэг нь Будённый үүлдрийн Орос зээрд азарга. Энэ азарганы төлүүд болох Сөнгө зээрд, Тэнхлүүн зээрд азарга улс, бүсийн наадмаас олон түрүү, айраг хүртэж байсныг морины хорхойтнууд андахгүй ээ. 
Уг дуудлага худалдааг санаачлагчид  болох Ганбаатар, Цэрэнжигмэд нар “Анх удаа худалдаа  зохион байгуулж байна. Моринд орсноор олон сайхан найз нөхөдтэй болсондоо олзуурхаж явдаг. Манай мориныхон жудагтай эрчүүд байдаг юм. Бид мориор дамжсан үндэсний их өв соёлоо үе тэнгийнхэн болоод үр хүүхдүүдэдээ өвлүүлэн үлдээх нэгэн хүслээр нэгдсэн улс. Одоогоос 14,15 жилийн өмнөөс анх адуу цуглуулж эхэлсэн. Тухайн үедээ дандаа битүү авч байсан бол 2003 онд анх удаа Онон Тод манлайн хамтаар гадны дуудлага худалдаанаас адуу худалдан авч байлаа” хэмээгээд нийт уяачдадаа “Морь хурдан хийморь  босоо байх”-ыг хүсэн ерөөлөө.
Ийнхүү 13 цагт албан ёсоор эхэлсэн дуудлага худалдаа 18 цагийн үед өндөрлөсөн юм. Зарим нэгэн адууны хувьд дуудлага худалдааны үеэр үнэ хаялцаагүй ч “ханцуйдаа” наймаалцахыг хүссэн олон эздэд нь хүсэлт тавьж байгаа харагдсан. Гэвч зохион байгуулагчдын зүгээс гаргасан журмынхаа дагуу ажиллахыг хүсч татгалзсан юм.

П.Ундраа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна