Тод манлайн бие төлөөлөгч

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 13 -нд

Арын хангайгаар овоглосон энэ цагийн шилдэг уяачдын нэг бол Түвшрүүлэх сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач С. Ганхуяг юм. Мориныхон гэх өнөр бүлийн дээд зиндаанд “зодоглож” буй С.Ганхуягийг энэ их айлын босго давуулсан хүн бол түүний өвөг эцэг. Нутгийн адуугаар сайхан наадчихдаг буурал аавынхаа уясан морьдыг хурдлуулах үүрэгтэй С.Ганхуяг  хүү 1985 оноос эхлэн бие даан морь уяж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл одтой наадаж яваа адтай нэгэн. Долоон хүүхэдтэй өнөр бүлийн хүү тэрээр хүүхэд байхын л моринд жигтэйхэн дуртай байсан аж. Тиймдээ мориноос хасагдаад ирэхийн үестээ өөрөө уяж дүүгээрээ унуулдаг байсан гэх. Тэгвэл Тод манлай хоёр охин, нэг хүүтэй. Ганц хүү нь аавынхаа морины ажилд тусалж гүйсээр адуучин болсон бол охид нь ч ялгаагүй морин хорхойтой нөхдүүд. Бага нь Тод манлай аавтайгаа “хаа ч цуг” амь нэг охин бий. Түүний моринд дуртай хүүхдүүд нь аавынхаа ойр зуурын ажлыг амжуулчихдаг болсон болохоор Бандгаа “арын фронтын ахмад дайчин” болсон бололтой. ММУСХ-ны 2012 оны шилдэг 9 уяачийн нэгээр шалгарсан түүний шагналыг хүү нь өмнөөс нь авч байгаа харагдсан. Тэгвэл саяхан болсон Максийн дуудлага худалдаагаар Тод манлайн хэд хэдэн хурдан удмын адууг худалдаалсан билээ. Харин энд түүний бие төлөөлөгчөөр том охин нь ажилласан юм. Нэмж сонирхуулахад С.Ганхуягийн эр хүрэн даагыг 3 саяас дуудаж 3,5 саяар Увс аймгийн уугуул нэгэн дүүгийнхээ адуун сүрэгт азарга тавихаар авсан бол шарга охин даагыг нь 4 саяас 4,5 саяд  Увс аймгийн Өндөрхангай сумын уяач Батсайхан авсан  юм. Мөн Араб хүрэн халзан азарга, Дорнод аймаг, Халх голын Хул гүүний төл толин сартай хээр даагыг 5 сая төгрөгөөс дуудаж 5,5 саяд Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” уяачдын холбооны дэд  ерөнхийлөгч Батбаяр худалдан авсан билээ. Энэ өдрийн хамгийн өндөр ханштай адуу 9  настай quarter үүлдрийн цэвэр цусны хээр азарга 50 саяас дуудагдсан ч “өндөр” аваагүй юм.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна