Их морьд уяж засахуй

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 16 -нд

Их морьд буюу их насны морьдыг уяж засах өвөрмөц онцлог байх ч уяа заслын идэвхитэй үйл ажиллагаа түүний орчин цагийн заслууд нь азарганы уяа сойлгын уламжлалт технологид суурилдаг.  /Энэ тухай бид өмнө нь нийтэлсэн/
Гэвч их морьдыг тарга хүчнээс хамаарч уяа заслын хугацаа, өдөр тутам хийж гүйцэтгэх ерөнхий зарчмыг гаргана. Хоногт гишгүүлэх гишгүүлэлтийн тоо гурваас доошгүй байвал зохих болон нөгөө талаар тарлалт, хөлслөлт, тарлалт гэсэн дараалалтай байхын хамт сунгааны хувьд ихэвчлэн хоёр үндсэн сунгаатай байна. Тэгэхдээ сунгах газрын хэмжээ азарга, соёолон хоёроос мэдээж ахиу зайтай байна.
Харин тарлалтын зайг богино зайнаас  /гурван сум онтусах/ эхэлж бага багаар нэмнэ. Их морьдыг дундажаар 30-35 хоног уях морьдын тарга хүчний талаар ангилж уядаг тухай бичсэн Хардэл жанжин бэйс, өвгөн ноён Пүрэвжав гуайн туурвисан “Морин эрдэний шинж ба уях засахын ёсон болой” судраас илүү дэлгэрэнгүйг авч болох юм. Их сунгааныг баяр наадам эхлэх өдрөөс 2-3 хоногийн урд, бага сунгаа нь дундажаар 6-7 хоногийн урд тус тус байх жишээтэй. Гэвч олон жил уягдан хэлбэржиж, дасан зохилдсон морьдоо хэд сунгахыг эзэн уяачид лавтай мэдэх тул энд зохилдох, эс зохилдох зүйл нэмж нуршихаас зайлсхийх ялдамд бага, дунд, их гэсэн тодотголт гурван сунгаа байхыг үгүйсгэх зүйлгүй гэдгээ тэмдэглэв. Харин хөлслөлтийн хувьд говийн их уяачид “майхандах” гэдэг нэгэн зүйл хөлслөлт хийдэг арга технологи  байдгийг энд тодруулбал: хатуу засалтай хүч тарга ихтэй морьдыг зуны өдрийн халууныг өнгөрөөгөөд майханд оруулж хаяаг нь шороо элсээр дарахын хамт вааданг битүүлж 20-30 минут болгон битүү хөлсөлдөг хөлслөлт байдаг байна.  Ер нь аль ч насны хурдан морьдын хүч, хүрд, гэдэс гурвыг ягштал мэдэж хурдны ир оруулах явдал хурдлах үндсэн хүчин зүйл  гэдгийг энд сануулахад илүүдэхгүй болов уу.

Г.Цэвэгмид

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна