МУ-ын Алдарт уяач Ц.Бямбадорж: Мөнгөн хөлт бид хоёр нэг уулын бэлд төрсөн

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 24 -нд

-Дарьгангын адуу хурдан гэдгийг халх даяар батлан харуулсан хүний нэг нь та. Алдарт өөрөө тэр нутгийн хүүхэд гэдэг билүү?
-Тиймээ, би Дарьганга сумын хүн. Миний унасан газар угаасан ус хэзээнээсээ удамт хурдан хүлгүүдээрээ цуутай нутаг. Тийм нутагт төрсөн хүн хурдан морь сонирхохгүй байна гэж юу байхав. Манай дээдчүүл ч гэсэн бүгд морь мал уядаг, хурдан моринд хорхойтой хүмүүс байсан гэдэг юм. Би малчны гэрт төрж, өссөн хөдөөний хүүхэд. Тэр үеийн бусад хүүхдүүдийн адил хурдан морь унаж, малын захад хүүхэд насаа өнгөрөөсөн. Унасан морио айрагдуулчихаад нутгийн буурлуудаас магтаалын үг сонсож явсан ч удаатай. Хэдийгээр ажил амьдралын зам хөөн нэг үе морь малнаас холдсон ч сэтгэл зүрхээрээ байнга л уяатай явсан. Төмөр замын дээд сургууль төгссөнөөс хойш Дархан, Сэлэнгэ, Баруунхараа, Чойрт томилогдон ажиллаж байлаа. Тэгж явахдаа тэндхийн адууг нутаг адуутай жишин харж Дарьгангын адуу хөлийн хурдаараа бусдаас илүү гэдгийг мэдэрсэн. Тэгээд нутгаасаа ганц хурдан адуу авахсан гэж бодож яваад 2002 онд Мөнгөн хөлтийгөө хязаалан байхад нь авчирч улсад уралдуулаад гуравлуулж, нутгийн адууны тухай өөрийн бодол зөв гэдгийг бүр илүү мэдэрсэн дээ.
-Мөнгөн хөлт хэний адуу юм бэ? Нутгийн олон хурдаас юуг нь онцолж сонгосон юм бэ?
-Мөнгөн хөлт бид хоёр нэг уулын бэлд төрсөн. Төрсөн бууцан дээрээ оччихоод буцахдаа тэр хавьд нутаглаж байсан нэгэн айлын адуутай таарсан юм. Адууг  нь хараад зогсож байтал хээр үрээ маань нүдэнд туссан л даа. Тэгээд эзэн залууд нь хэлтэл "ээжтэй уулз" гэж байна. Яваад ортол ээж нь манайтай олон жил айл саахалт явсан эгч байдаг байгаа. Тэгээд л хэрэг зориг санаа оноогоо хэлж наймаа тохироод үрээгээ авахаар болсон юм. Тухайн үед Мөнгөн хөлт сумынхаа баяр наадамд нэг удаа долоод давхисан битүү үрээ байсан.
-Хурд танина гэдэг уяачид байх ёстой томоохон чадвар. Сүүлийн үед танай нутгийн адуу их үнэтэй болоод байгаа. Тухайн үеийн адууны ханш хэд байсан юм бэ?
-Нуугаад яахав дээ. Сая таван зуун мянган төгрөгөөр л авч байсан. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын алдартай хурдан хүлэг Далиу хээр азарганы төл Пүрэвээ гэдэг хүний унаган адуу байгаа юм. Надад ирснээсээ хойш улс бүсийн наадамд жил дараалан зургаа айрагдсан. Үнэхээрийн сайхан хурдан буян даа.
-Мөнгөн хөлтөөрөө төрийн наадмын анхны айргийг амсаж байсан уу?
-Тиймээ, тэгэхдээ бүр нэг дор хоёроор нь хүртсэн. ММСУХ-г үүсгэн байгуулагч Пунцагбалжир агсантай сайхан нөхөрлөдөг байлаа. Пунцагбалжирт Сүхбаатар аймгаас авсан нэг хурдан бор азарга байсан юм. Түүнд нь би нэг гүү хураалгаж, эр бор унага гарсан юм. Түүнийгээ 2002 онд улсын наадамд мордуултал гурваар давхиж, би гэдэг хүн улсын баяр наадмаас нэг дор хоёр айраг хүртэн жигтэйхэн хөөр болж билээ. Эхлээд нэг дор хоёр морь айрагдсан болохоор тэр үү, дараа нь нэг айрагдахаараа дандаа хоёроороо ордог болсон. Ардын хувьсгалын 86 жилийн ойгоор ч гэсэн хязаалан, соёолон айрагдуулсан. Тэр хоёр үрээний нэг нь Мөнгөн хөлтийн, нөгөө нь бор азарганы маань төл байгаа юм.
-Аль нь Мөнгөн хөлтийн төл юм бэ?
-Гурвалсан хонгор хязаалан нь Мөнгөн хөлтийн анхны төл нь байгаа юм. Нөгөө дөрвөлдөг буурал соёолон нь бор азарганы маань төл.
-Гэхдээ аливаа юмны анхных ямагт үнэ цэнэтэй байдаг?
- Мөнгөн хөлтөөс өмнө огт морь уядаггүй байгаагүй л дээ. Дүү нар маань уяад 20,30-аар давхиулдаг л байсан. Тэр үед улсын наадамд морь айрагдах тухай ямар ч төсөөлөл байгаагүй. Ямар сайндаа л даагаа бүртгүүлэх гээд очсон чинь үндсэн захиргаа хаанах вэ? гэхээр нь “Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул” гээд бичүүлчихлээ. Тэгсэн даага айрагдсаны дараа төмөр замынхан маань ирээд “өчнөөн жил энэ байгууллагад ажиллачихаад төмөр замынхаа нэр дээр цоллуулахгүй” гээд жигтэйхэн гомдол мэдүүлсэн. Тэгэхээр нь “за хүлээж бай, дараагийнх нь мордоно. Бас ч гэж учир байна” гэж хэлээд хязаалангаа Улаанбаатар төмөр замын Бямбадоржийн гээд бүртгүүлчихсэн чинь бас айрагдчихсан. Түүнээс хойш төмөр замаараа овоглож яваа.
-Мөнгөн хөлт гэдэг нэрийг хэн хайрласан юм бэ?
-Аав маань өгсөн юм. Морь  айрагдаад ирэхэд хүмүүс "Бямбадоржийн шийр цагаан хээр хязаалан гурваллаа" гэж зарлах нь аавд маань таатай санагдаагүй байх. Ийм сайхан хурдан буянг шийр цагаан, энэ тэр гэж цоллуулаад яахав гээд “Мөнгөн хөлт” гэдэг нэр хайрласан. Би ч эхэндээ нэршихгүй болов уу гэж эмээж байтал аав маань “нэршинэ ээ, миний хүү санаа зоволтгүй” гэсэн. Нээрэн ч аавын маань хэлснээр болсон доо. Аав маань адуу таньдаг хүн байсан. Би чинь Мээрэн овгийн хүн шүү дээ. Адуун сүргийн даамал, адуун сүргийн ахлагчийг мээрэн гэдэг байсан юм билээ. Миний өвөг дээдэс тийм хүмүүс байсан. Тэрний хэлтэрхий надад байдаг байх. Миний өвөг эцгийн хонгор азарга сумынхаа наадамд найм удаа түрүүлж байсан гэдэг юм.
-Таны өвөг эцгийг хэн гэдэг байсан юм. Дээдчүүлийнхээ талаар яриач?
-Цэвэг мээрэнгийн хүү адуучин Лодой гэж байсан. Лодойн хүү Гомбо бол миний өвөө юм. Миний өвөг эцэг Гомбын хонгор азарга сумандаа найм түрүүлсэн хурдан хүлэг гэдгийг дээр хэлсэн. Жилдээ ганц уралддаг тэр үед өвөө маань нэг адуугаараа тийнхүү тогтмол амжилттай наадаж байж. Өвөө хонгор азарга хоёрын уралдаж байсан үе бол 1950-аад оны үе болж таарч байгаа юм. Түүнээс хойш 60 гаруй жилийн хугацаанд Дарьгангын адуу хурдан байлаа гээд миний өвөөгийн хонгор азарга шиг найм түрүүлсэн адуу одоогоор байхгүй л байна. Би үүгээр нь бахархаж явдаг юм.
-Удам дамжсан уяачдаас улсын алдар цолонд хүрсэн нь танаас өөр бий юу?
-Би хурдан тууртуудынхаа буянаар улс бүсийн наадмын 13 айргаар 2005 онд Монгол улсын Алдарт уяач цолыг хүртсэн. Манайхнаас надаас гадна дүү нар маань морь уядаг. Ер нь тэд маань л миний морийг уядаг юм шүү дээ. Хажуугаар нь Онон Тод манлай зөвлөнө.
- Мөнгөн хөлтийг өндөр үнээр авах саналыг нэгэн бизнесмен тавьж байсан гэж сонссон. Хэн байсан юм бэ?
-Нэрийг нь хэлээд яахав дээ. Нэг том компанийн эзэн тийм санал тавиад бүтэлгүйтсэн. Би чинь ааштай хүн шүү дээ. "Ганц мөнгөтэй нь чи юмуу" гэж хэлээд явуулчихсан.
-Дарьганга удамт хурдан хүлгэдээсээ гадна ур сайтай дархчуудаараа цуутай нутаг. Алдартын эмээл хазаар тэргүүтнийг сонирхож болох уу?
-Би нэг их гангаръя гэж боддоггүй. Яахав, ааваас минь өвлөгдөж ирсэн эмээл, хазаар бий. Түүнийгээ эдэлж хэрэглэнэ. Сүүлийн үед хийц гэхээсээ илүүтэй алт мөнгөнийх нь орцоор дүгнэдэг болчихож дээ. Дээр үед бол одоогийнх шиг 50-60, 70-80 лан орсон эмээл байсангүй. Ур хийцийн  нарийн ширийнээрээ л ялгардаг байлаа шүү дээ.
-Хамгийн сүүлд хэзээ нутаг явсан бэ?
-Нутаг орноороо жилдээ нэг яваад байхыг боддог. Боломжийн хэрээр явдаг. Би чинь нутгийн зөвлөлийн даргаар олон жил ажилласан. Одоо ч тэргүүлэгчээр ажиллаж байна. Ер нь нутаг орноо гэсэн бүхэнд чадлынхаа хэрээр оролцож явах юмсан гэж бодож явдаг даа.
-Нутгийн тань уул ус  ивээж явах болтугай. Ярилцсанд баярлалаа

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна