Унаган хүлгээрээ урамтай наадагч Жадамба Алдарт

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 31 -нд

Хурдан хүлгийн нуруун дээр дарцаглаж, гийнгоо хадааж явсан бяцхан хүү хожмоо түмэндээ хүндлэгдэж,төрдөө үнэлэгдсэн сайн уяач болно чинээ санаагүй бизээ.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Сүхийн Жадамба унаган хүлгээрээ бахтай наадах уяачийн жаргалыг мэдэрч яваа нэгэн. Цэргийн албанд татагдан моторт тэрэгний жолоо мушгиж явсан ч адуунд дуртай хэзээний зангаараа хэц татан уяа эвлүүлж, нутгийн буурал уяачдаас сургааль дуулах болжээ. Хаврын хавсарга, зуны халуун, намрын сэрүүн, өвлийн хүйтнээс халшралгүй хээрээр гэр, хэцээр дэр хийн хүлэг морьдынхоо хурдыг ирлэж ирсэн тэрээр 2001 онд аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон билээ.
Аймгийн Алдарт уяач Сүхийн Жадамба гэхээр Дорнод нутгийнхан андахгүй. Тэр тусмаа бүсэндээ хусуур хавчуулж, дээлэндээ морины хөлс шингээсэн уяачид нь бүр ч дотно байцгаадаг. "Тэнднийхээр Тод манлай уяач Д.Онон буугаад гарч гэнэ, холоос том уяач нар ирж гэнэг. Хурдан удмын их морь, үрээний ханш сонирхож гэнэ" гээд л талын уяач хөөрөлдөнө. Гэргий Тунгалаг ирсэн зочдод хоол цай хийсэн. Олон хүүхэд бужигнасан тийм л сайхан халуун дулаан уур амьсгалтай ам  бүл алтан наран мандах дорнын шаргал талд байдаг юм. Эдний гэр бүлээс том хүү Болд нь аймгийн Арслан цолонд хүрч дүү нар нь мөн үндэсний болон жүдо бөхөөр тодорхой  амжилт  гаргасан  биеийн тамир, спортын талын улсууд. Харин ач охин Мичидмаа нь өвөөгийнхөө уясан морийг унаж 2012 оны дааганы түрүү, азарганы аман хүзүү хүртэн оны шилдэг унаачаар шалгарсан гээд Алдартынхан амжилтаар дүүрэн айл.
"За даа тэгээд морь уяхыг насаараг сурдаг юм гэнэ лээ" хэмээн хуучилж, дөлгөөн инээх Алдарт маань өөрийн унаган адуугаар сүүлийн хоёр жил тогтмол амжилт гаргаж аймгийнхаа баяр наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртээд буй юм.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна